Цээж эрдэмт цэцэн билэгт нутгийн өвгөддөө мөргөмүү

Наранхүү
2014 оны 3-р сарын 07 -нд

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нэгдүгээр багийн өндөр настан Пагамын Шарав гуайтай өвлийн богино өдрийг өнжүүлэн хуучилж, олон сайхан зүйл сонсож тэмдэглэснээ уншигч та бүхэндээ дуулгая.
П.Шарав дарга өдгөө 90 насыг зооглох дөхөж буй 87 настай ухаан сийрэг бөгөөд бие ануухан тэртээх он жилүүдийн дурсамжийг дөнгөж өчигдөрхөн болсон мэтээр өгүүлэх нь шимтэй. Үндсэндээ өнгөрсөн зууны 30-аад оноос өдгөө цаг үеийн манай сумын хурдан морь, уяачдын түүхэн үйл хэргийг тодруулан ярих нь “амьд архив” гэлтэй юм. Өвгөн буурал ахын яриа хуучийг уншигч та бүхэнд ойлгомжтой болгох үүднээс багцалвал,
• Төрөлх сумын нэрт уяачид, тэдний намтар, үйл ажиллагаа
• ХХ зууны дунд үеийн алдарт хурдан хүлгэд
• Хурдан морьтой холбогдох заншил, дэг сургуулийн тухай болох юм.
1930-аад онд хурдны морь унаж эхэлсэн бөгөөд тухайн үед хурдан морь уралдуулах явдал нэлээд ховор, сумын наадам жилдээ нэг удаа, мэр сэр овоо тахилга болон бусад наадам болдог байж. Түүний багад тус суманд Гарьд тайжийнхан, Хундан Даньдгай гэх мэтийн цөөн хүн хурдны морийг олноор уяж сойдог байсан төдийгүй Хундан Даньдгайнх адуу мал олонтой, тэдний эмнэг хангалыг сургах номхруулах зэрэг ажлыг хийдэг байгаад 1946 онд цэргийн албанд татагдаж, 1949 онд цэргээс халагдаж ирэхэд аав нь Хундан Даньдгай гэгчээс “Хүү маань цэргээс ирээд морь уяж магадгүй байна. Дурыг нь дарах адуу хэрэгтэй байна” гэхэд цаад  хүн нь шарга даага зүсэлсэн нь хожмоо Шаравын шарга гэх нэрт хурдан хүлэг болсон гэдэг /Энэ морийг манай аав нэг жилийн наадмаар унаж байсан гэдэг/. Ер нь Даньдгай гуайг сайн уяач, малчин хүн байсныг дурсаж, сумын наадамд их насны гурван морь угсраагаар нь оруулж байсан тэр хүнээс өөр тийм амжилттай уяач байхгүй байх хэмээн хуучилж байна. Даньдгай гуай Цэвээндоо, Пунсанцогвоо гэх хоёр хүүтэй байсан, тэдний үр сад нь өнөөдөр төрөлх сумандаа хүлэг морьдоо уяж сойн “уяач” хэмээх эрхэм алдрыг хүндэтгэн явааг нь “аргагүй уяач хүний удам, тэгэх л ёстой юм” хэмээн бахархан ярьж сууна. Хундан Даньдгайн хул, буурал адууны удмыг хадгалан “аймгийн Алдарт уяач” цол хүртсэн түүний ач хүү Цэвээндоогийн Цэвээннамжил, түүний хөвгүүд, мөн ач хүү нь болох Пунсанцогвоон Цогтбаатар, Янтай агсны хөвгүүдийн уяж сойсон хүлэг морьд аймаг, сумынхаа наадамд торгон жолоо өргүүлэн байгааг нутаг усныхан нь юу эс андахав дээ.
Гарьд тайжийнхан, тэдний удам залгасан нэрт уяач “уушиг” хэмээх Гарьдийн Осор, “бэлэн” Дамба гуай зэрэг эрдэм төгс уяачид байжээ. 1950-иад оны эхэн үеэр Хөвсгөл аймгийн наадамд түрүүлж, айрагдаж байсан саарал азаргаа нэлээд нас ахисан үед нь Дамба гуай Шарав даргад нэг гүү, байдас, даага нийт дөрвөн тооны адуу өгсөн гэдэг. Тэр адууг өөр дээрээ ганц нэгхэн жил өнжөөж байтал нутгийн “буурал” хэмээх Сүнчиг гуай гуйгаад болдоггүй, тэгэхээр нь өгчихсөн. Тэгээд Сүнчиг гуайн адууны охин тал нь Дамба саарал азарганы угшилтай болсон байж мэдэх юм. Сүнчиг гуай Гарьд тайжийнхнаас халтар азарган үрээ аваад тэр нь дэндүү сайхан хурдалж, тус суманд “Амбаан халтар”-ууд гэгдсэн олон хурдан адуу гарсан байдаг.
 1950-иад оны үед манай нутаг усанд нэр цуутайхан гурван их насны морь байж. Дэмчигбатын хүрэн, Жамаан халиун, Шаравын шарга гэж тус бүр 3-4 түрүүлсэн морьд юм байна. Шарав даргын шарга морь 1950,1951,1952 онд шүдлэн, хязаалан, соёолондоо сумандаа түрүү, 1957, 1959, 1960 онд төрөлх Тосонцэнгэл, Рашаант болон Архангай аймгийн Цэцэрлэг суманд түрүүлжээ. Мөн түүний хээр морь нь 1961 онд Архангай аймгийн Цэцэрлэг, 1963,1964 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд түрүүлсэн сайхан амжилтуудын эзэн төдийгүй түүний халтар, хүрэн зэрэг хурдан хурц хүлгэд нь наадмын дэвжээнд гялалзан айрагдаж байжээ.
Тэрээр зөвхөн морь уядаг төдийгүй 1950-иад оноос эхлэн 1970-аад оны сүүл хүртэл тасралтгүй сумынхаа наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах комисс хийж хурдан морины уралдааныг хөгжүүлэх, хурдан морины цол дуудах, алдаршуулах зэрэг үйлсэд нутгийн нэрт уяач Дарьсүрэнгийн Готов /Өндөр/ агсантай хамтран олон жил зүтгэсэн нэгэн юм байна. Морь гаргахад сайхан хагсруухан морьтой 2-3 хүн дагуулан хурдан морины унаачдыг дагуулан замыг нь заах энэ тэрийг сурган явдаг байсан төдийгүй наадмын их насны морийг мордох эгшинд “Лам гурван эрдэнэ” гэх зэрэг зан үйлийн холбогдолтой уртын болон бэсрэг дууг шуранхайлуулан морддог эртний уламжлалтай байсныг бахархан өгүүлж байлаа.
Түүнчлэн тэрээр өнөөдөр аймаг, сумынхаа наадмыг биечлэн үзэж, хэний үр сад морь малаа сайн уяж сойж байгаа зэргийг сураглан асууж хүн адуу хоёрын угшил, удмыг нэхэн хуучлах нь сэтгэл сэргээм байсан шүү. Өвгөн буурлын хууч ярианаас нэгэн зүйлийг тунгаан ухаарсан нь адуу хүн хоёрын удам угсаа ямар их зүйлийг хэлж өгдгийг, “уяач” хэмээх эрхэм алдар үеэс үед, эцгээс хүүд уламжлагдан авч явах ариун нандин, өндөрт өргөх нэр төр болохыг дахин дахин хэлэхэд таатай байна.
Эрхэм буурал уяач ахдаа урт насалж удаан жаргахын ерөөл талбин жаргаая.

Хөвсгөл аймгийн “Дэлтэй Цэнхэр”МСУХ-ны ажлын алба. ДМЦС-ийн багш Т.Наранхүү

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна