Аймгийн Алдарт уяач Д.Шижирбаатар: Манай гэрийн гурван эрэгтэй нь аймгийн Алдарт уяач цолтой

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 13 -нд

-Таны морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье. Уяачдынхаа холбооны ажилд их идэвхитэй оролцдог юм байна?
-Би аймгийн уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн байгаа юм. Сэтгэлийнхээ дуудлагаар л яваа хүн дээ, би. Миний аав Борын Дондог гэж аймгийн Алдарт уяач бий. Өдгөө 70 гарсан ануухан буурай Сүхбаатар аймагтаа амьдарч байна. Тиймдээ ч хар нялхаасаа адуун дэлэн дээр хүн болсон гэж хэлэхэд буруудахгүй. Намайг зургаан настайд аав маань дөрөөг нь доогуур холбоод, ганзагаар нь даруулж морь унуулж сургаж байлаа. Ингээд сургуульд орохынхоо өмнөхөн хурдан морины нуруун дээр гарч, хүнддэтлээ унасан. Дараа нь туслах уяач болж, яваандаа ажил төрөл гэсээр арын албаны даргад шилжих шив дээ. Аавын маань хурдан хонгор азарга гэж байлаа. Сумынхаа АХ-ын баяр наадамд зургаа түрүүлсэн хурдан ажнай. Энэ хонгор азарганы төл хурдан хулын үр төл өнөөдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сум хийгээд нэлээн олон сумдад хурдалж байна. Ийм л аавын ууган хүү ийнхүү адуутай холбогдсон түүхтэй. Сая би аймагт ажиллаж байгаад орон нутгийн сонгуулиар сумынхаа Засаг даргаар сонгогдон ажиллах болсон. Сумандаа ирээд Уулбаяныхаа уяачдын холбоог нь аймгийн уяачдын холбооны арга барилаар зохион байгуулж, нэлээд шинэчлэл хийлээ. Шинэ зохион байгуулалтанд оруулж 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тэргүүлэгч гишүүдтэй болсон. Миний хувьд зохион байгуулалтын талаас нь дэмжин ажилладаг юм. Аймгийн МСУХ-ны тэргүүлэгчийн үүрэг нь сумынхаа холбооны үйл ажиллагааг сайжруулж, аймагтайгаа холбоотой ажиллах юм шүү дээ. Моринд сэтгэлтэй шижигнэсэн сайхан залуустай хамтран ажиллаж байгаадаа урамтай байгаа.
-Уулбаян сумын МСУХолбоо хэдэн онд байгуулагдсан юм бэ? Шинэ хамт олон могой жил гарсаар ямар ямар ажлыг хийгээд байна вэ?
-Манай аймгийн “Жавхлант шарга” МСУХолбоо аймгийн Аварга хүлэг шалгаруулах уралдааныг жилд хоёр удаа явуулдаг. Энд дээд, доод гурван насны уралдааныг явуулдаг уламжлалтай. Түүнчлэн Сүхбаатар аймгийнхаа нийт сумдыг хойд, урд гэсэн хоёр бүсэд хувааж, аймгийн чанартай наадмыг зохион байгуулдаг. Энд гаргасан амжилт нь уяачдад цол авахад нөлөөлдөг том уралдаан байгаа юм. Урд бүсийн  уралдаан нь Халзан суманд болсон. Харин баруун бүсийнхийг Уулбаяндаа явуулах зөвшөөрлийг аймгийн Уяачдын холбооноос авч зохион байгууллаа. “Уулбаян хурд”  дээд гурван насны Аварга хүлэг шалгаруулах уралдаанд Налайх, Улаанбаатар, Дорноговь, Дорнодоос гадна Сүхбаатарынхан сумдаараа оролцсон сайхан наадам болсон. Нас болгонд 200 гаруй хүлгэд шандас шалган уралдлаа. Манай уралдааныг орон нутгийн  болон ТМ телевизээр бичлэг хийж дамжуулсан. Айраг түрүүнд хурдалсан морьдынхоо цолыг Улаанбаатараас мэргэжлийн цоллооч авчирч дуудууллаа. Товчхондоо сумын уяачдын холбооноос маш их хичээл зүтгэл гаргаж ажилласан.
Манай Уулбаян сум чинь Сүхбаатар аймагтаа хурдаараа алдартай нутаг. Тод манлай уяач Ононгийн Хүүхэн Шүүлэнгийн удамтай хээр морь Уулбаяны унага шүү дээ. Өнгөрсөн жил болсон Сүхбаатар аймгийн 70 жил, зүүн бүсийн даншигт манай азарга, шүдлэн аман хүзүүдлээ. Сүхбаатар аймгийн 50 жилээр түрүү магнайд Уулбаяны азарга орж байлаа. Харин 60 жилд нь 600 гаруй азарганаас миний аавын хонгор азарганы төл нум хонгор азарга гуравт орж байлаа. Тиймдээ ч хурдны өлгий гэж Сүхбаатарчууд шагширдаг юм.  Сайн ч уяачидтай. Энэ утгаараа бид уралдаанаа үлгэр жишээ зохион байгуулахын тулд хичээн ажилласан. Энэ уралдаанаараа нутгийнхаа адууг алдаршуулъя, нутгийнхаа ард түмэнд хөрөнгө оруулалт хийе гэж бодсон. Адуу чинь тэнгэртэй амьтан учраас нутаг орноо хийморь даллаж буй юм. Энэ жил олон том уралдаанууд болно. Ямартаа ч нутагтаа сайхан наадсан болохоор эдгээр уралдаануудад бид одтой наадах байхаа.
-“Уулбаян хурд”-д Уулбаяныхан ямар амжилт гаргав?
-Манайхан морь тэжээх арга барилд суралцаагүй ард түмэн. Цагаан өвс, бэлчээрээр л уячихдаг. Тийм болохоор тэжээлийн адуунууд эхний байруудад орсон. Гэхдээ хоосонгүй ээ, азарга дөрөв, тавд орсон л доо. Эндээс уяачид маань уяаны арга барилаа өөрчлөх цаг болсныг ойлгосон болов уу. Манай сум чинь баруун талдаа Түвшинширээгээс 56 км, урд талдаа Халзангаас 60 км, хойд талдаа Мөнххаанаас 60 км, баруун хойноо Бүрэнцогтын уурхайгаас 60 км, аймаг 70 км зайтай болохоор хаана нь очоод уралдах боломжтой. Энэ чинь манай давуу тал байгаа юм.
-Албаны хэсгийг ингээд өндөрлөе. Та бол удам дамжсан уяач. Таны өвөг дээдсийн талаар яриагаа үргэлжүүлмээр байна?
-Аавыг маань хурдан хонгор азаргатай Борын Дондог гэхээр Сүхбаатарынхан анддаггүй юм. Бор гэж аавын нагац ах байгаа юм. Бид эцэг эхээсээ зургуулаа. Миний ганц эрэгтэй дүү Д.Давгадорж бид хоёр аймгийн Алдарт уяачид. Бас хүргэн ах Түмэнгийн Дамдинсүрэн аймгийн Алдарт уяач цолтой. Эхнэр нь манай ээжийн талын хүн байгаа юм. Тэр хүний адууны угшлыг нь хөөвөл манай адуутай нийлдэг юм. Дамдинсүрэн ах маань Дорнодын 80 жилээр шүдлэн наснаас нэг аман хүзүү, нэг айраг хүртсэн. Айргийн тавд нэг хүний хоёр адуу орно гэдэг уяач хүний баяр бахдалыг мэдрүүлсэн сайхан амжилт шүү. Энд нэгэн түүхийг сонирхуулахад өнгөрсөн жил манай сумын наадамд 100 гаруй азарга мордоход түрүүлсэн Баяржаргалын хонгор азарга нь Сүхбаатарын 70 жилд хоёр, гурван зуун азарга мордоход аман хүзүүдсэн. Сумын наадмаар энэ хонгор азарганы ард гурван угсраа азарга орж байгаа юм. Аман хүзүүнд миний ногоон, миний төрсөн дүү Дагвадорждоо бэлэглэсэн азарга айргийн гурваар, өөрийнх нь азарга дөрөвт орсон. Энэ бол буурал аавын минь бидэнд хайрласан буян. Хурдан хонгороос эхлэлтэй азарганууд сумын наадамд дараагаар орж байгаа нь тэр байсан.
-Аавын тань хонгор азарга хаанахын эхтэй адуу юм бэ?
-Тэр баячуулын хүрэн адуунаас эхтэй. Орлойн баячуул болох баян Сод, Ховд, Давгасамбуу, Чоймбол гэж дөрвөн лам миний ээж талын дээдчүүл байгаа юм. Эдний нэг болох баян Сод гэж хүний тухай нэг домог сонирхуулахад: Галшарын нэг том наадамд хошуу ноён Хардэл жанжин бэйс Пүрэвжав, баян Со хоёр морьдоо мордуулах болж. Их насны морь гэдэг байхаа. Тэгсэн уралдахын өмнөхөн Со баяны морийг ноён ирж харсан гэдэс гүзээ нь тохирсон, өнгөтэй харагдаж л дээ. Тэгэхээр нь мориныхоо хоолыг шингээхгүй бол барахгүй нь гэж бодоод уралдааныг хойшлуулсан байгаа юм. Ноён хүн болохоор бас эрх мэдэл байна ш дээ. Тэгэхээр нь баян Со өвс ногоо тэгширсэн газар майхнаа барьж байгаад морио идүүлчихжээ. Ингээд уралдах болоход Со баяны адуу түрүү магнайд хурдалсан гэнэ. Тэр үед өвгөн ноён “Со нохой идүүлчихэв үү, сохор ноён би буруу харчихав уу” хэмээн уулга алдсан гэдэг. Ноёны хувьд ширүүхэн өрсөлдөгч байсан байгаа юм, баян Со. Тийм л нарийн тооцоон дээр уралддаг байж л дээ. Манай аавын адуунд баян Содийн хүрэн азарганы цус орсон. Харин эх талдаа манайхны тэмээчин Жамсрангийн улаан хулын эхтэй юм. Хонгор азарга уясан болгонд түрүүлсэн. Дааганд нь эцэнхий даага уяж чадаагүй. Харин шүдлэн, хязааландаа түрүүлж, соёолон хадуураад, хавчигт түрүүлсэн. Нэг харшиж, нэг хадуурсан гэдэг юм. Ер нь айрагдаж үзээгүй азарга шүү дээ. Сүүлд зодог тайлаад өвгөн болсон хойноо муу арга суугаад, адуугаа хөөхөд уурлаад байхаар нь аргамжиж байгаад хүчээр шахуу албадаж жижигхэн бэсрэг уралдаанд дөрвөөр оруулсан.
-Үр төлүүд нь ч хурдан байсан бололтой?
-Тийм ээ, төл нь аймгийн 60 жилд гуравласан нум хонгор азарга байгаа юм. Бас бүдүүн Шагдарын Шаргын уулын ард, манай суманд тус тус түрүүлж байсан хар азарга байна. Манай ээжийн хамаатны Амраагийн хонгор азарга гэж бас олон түрүүлж айрагдсан. Миний дээр ярьсан дараагаар орсон гурван азарганы аман хүзүүддэг хар азарга нь нум хонгорын төл байгаа юм. Харин гуравт ордог хүрэн азарга нь манай сумын Энхтэгш гэж мундаг хурдан азарга байсан. Тэрэнд өөрийнхөө угшлын гүүг тавьж авсан үр. Тэрийгээ ганц дүүд бэлэглэсэн юм. Харин дөрөвт орсон азарга болохоор өвгөн азарганых нь үрийн үр болж байгаа юм. Энэ мэт үр төлүүд нь их хурдан байгаа. 
Аав маань цаг хатуу байхад нэгдэлд мал малладаг байлаа. Тэр үед чинь малын тоо 50-иар хязгаартай. Энэ дотроо бод тав байна. Энэ тавдаа баригдаад ганц нэгхэн гүүтэй байж л дээ. Тийм болохоор нутгийн иргэд гуйж ирээд гүү тавьдаг байсан. Тэрнээс гарсан төлүүд нь жингээ Дугаржавын хул, Амараагийн хул, Шагдарын хар гээд байна.
-Аав тань хонгор азарганыхаа амжилтаар аймгийн Алдарт уяач болсон уу?
-Хонгор азарганы амжилт дээр бас өөр адууны амжилтууд бий. 1998,99 оны үед аймгийн Алдарт уяач болсон. Манай гэр бүлийн гурван эр гурвуулаа аймгийн Алдарт уяачид гэдгээр үнэхээр бахархдаг. Манайх шиг хурд чуулсан нутагт гурван азарга дараагаар оруулна гэдэг ч амаргүй шүү дээ. Үнэхээр дурсгалтай  сайхан наадам болсон. Аавынхаа хөдөлмөр зүтгэлээр бий болсон хурдан буянгуудаар бид тоглож байгаа улс. Тэр үед аав “аавынхаа бий болгосон хөрөнгийг зөв авч яваад баярлаж байна” гээд үнсэж байсан. Хүн чинь аав ээжийнхээ ачийг хариулж бардаггүй юм гэнэ лээ. Үр хүүхдүүд нь сайн сайхан явж, санааг нь чилээхгүй байна гэдэг жоохон ч гэсэн ачийг нь хариулж байгаагийн нэг илрэл юм болов уу. 
-Харин та хэдэн оны Алдарт билээ?
-Би энэ хоёрынхоо хажууд шинэ хүн. 2012 онд аймгийн Алдарт уяач болсон.
-Одоо танай морьдын уяа сойлгыг Дагвадорж Алдарт тааруулж байна уу?
-Тиймээ, дүү маань гардаж уяж байна. Харин аав зөвлөх уяач. Тэд уясан морьдоо олон ч том наадмуудад орууллаа. Дорноговьд болсон Данзанравжаагийн 200 жилийн ойн наадамд соёолон айргийн таваар хурдлуулсан. Аав Уулбаян сумын 80 жилийн ойд миний соёолонг түрүүлгээд, өөрийнхөө нум хонгорыг аман хүзүүдүүллээ. Нум хонгор томоохон наадмуудад сайн давхиж байгаа. Ганга импексийн наадамд 300 гаруй адуу мордоход дөрөвт хурдлаад Уулбаянд аман хүзүүдсэн нь тэр. Мөнххааны 80 жил, аймгийн 60 жилд тус тус гуравласан юм. Ер нь 10 гаруй удаа орсон байна. Одоо төлүүд нь ч их хурдан байгаа.
-Таны хувьд томоохон наадмуудад хэр оролцож байна вэ?
-Бүсийн наадмуудад  явж амжихгүй л байна. Миний морьдыг аав дүү хоёр л уядаг юм. Би албаны ажилтай болохоор амждаггүй. Морьд цоллоход дээл өмсөж очоод нэг ёсолчихно, рекламны пауз маягтай. Аймгийн 80 жилээр аав миний хязааланг түрүүлгэж, өөрийнхөө нум хонгорыг аман хүзүүдүүлчихээд, дараа жил нь Мөнххаанд дүүгийн морийг аман хүзүүдүүлж, өөрийнхөө азаргыг гуравлуулах жишээний. Өнгөрсөн жилийн Уулбаяны наадамд дүү бид хоёрын даага гурав, дөрвөөр дараагаар орсон. Сумандаа бол манайхан айраг түрүү алддаггүй юм.
-Яриа маань энд хүрээд жаргаж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Баярлалаа. Адуу бол бидний үндэсний бахархал, өв соёл юм. Өнөөдөр дэлхийд хаана ч байхгүй гээч. Холын зайнд, жилийн дөрвөн улиралд эдэлгээ, уналга хийгээд, тэжээгээд уралдана гэдэг уяач хүнээс асар их хөлс хүч зардаг, хэмжихэд хэцүү хөдөлмөр. Эрсдэл ихтэй, янз бүрийн давшгүй хүчин зүйлүүд энэ хооронд зөндөө тохиолдоно ш дээ. Энэ бүхнээс түүртэлгүй зориг тэвчээр гаргаж морин уралдааныг өнөө хүртэл авч яваа ахмадууд, залуучуудад талархаж явдагаа хэлэх байна. 

А.Мөнх

 

 

 

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.