Зул хонгорын золтой эзэн Оригийн Адилбиш

Тэлмэн
2013 оны 11-р сарын 25 -нд

Хуучны Цэцэн хан аймгийн Цэцэн вангийн хошуу буюу эдүгээгийн Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг дахь Чойлон хэмээх газар 1912 оны усан хулгана жил хожмоо хурдан хүлгэдээрээ овоглогдох нэгэн хөвүүн мэндэлсэн нь нэрт уяач, шинжээч Оригийн Адилбиш  агсан байсан юм.
Адилаа дарга
Хутагтын таалалд нийцэн хурдан хүлгийн хийморь оршсон гэх домог мэтийн түүхийн эзэн тэрээр эцэг Ориг, эх Дорж нарын хоёр дахь хүү нь аж. Хурдан морь сонирхогч эрхэм уншигчид нэрт уяачийг морины их хүмүүн гэдгээр нь танихаас тухайн цаг үедээ нүдний гэм байсан ном эрдэмд гаргуун нэгэн байсан гэдэг талаас нь маруухан мэддэг байх магадлалтай.
О.Адилбиш агсан 12 настайдаа Оцол санхсарын хошууны бага сургуульд орж суралцан жилийн дараа Хан Хэнтий аймгийн дунд сургуульд шилжин суралцжээ. Харин түүнээс даруй гурван жилийн дараа  буюу 1928 онд онд сумын захиргааны нарийн бичгийн даргаар сонгогдож ажиллах болсон хэмээдэг. Ажлын гараагаа ийнхүү эхэлсэн тэрээр 1932-1940 он хүртэл аймгийнхаа захиргааны мал аж ахуйн хэлтсийн туслах, зааварлагчаар ажиллаж байгаад, тушаал дэвшин Дэлгэрхэт сумынхаа даргаар дөрөв, Их хэт сумын даргаар 13 жил ажиллажээ. Түүнчлэн Иххэт сумынхаа “Майн нэгэн” нэгдлийг үүсгэхэд гар бие оролцон дарга, орлогчоор нь 10 жил ажилласан байдаг. Ажил байдлын энэхүү намтраас харахад О.Адилбиш сайн уяач, шинжээчээс гадна тухайн цаг үедээ үнэлэгдсэн боловсрол мэдлэгтэй нэгэн байжээ хэмээн дүгнэж болохоор. Түүний хөдөлмөрийг төр засгаас үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор нэг, Алтан гадас одонгоор хоёр ч удаа шагнасан байдаг.
Ганцхан түүнд харьяалах гайхам түүх
О.Адилбиш агсны хурдан морьтой холбогдсон түүх хэн бүхний сонирхлыг татдаг. Тэрхүү түүхийг нэхэн сийрүүлбээс говийн долдугаар ноён хутагт хилсээр баривчлагдан Хэнтий аймаг рүү явж байхдаа Ориг зангийнд үдэлжээ. Нутгийн олондоо “Гуталчин” хэмээн алдаршсан Ориг угаас Өвөр уулын бэлд унасан энэ нутгийн уугуул нэгэн бөгөөд тиймдээ ч Цэнгэлмааньт сум хэмээн анх байгуулагдахад даргаар нь томилогдож байжээ. Тэр цагаас хойш нутгийн олон Оригийг занги хэмээн  хүндэтгэх болсон аж.
Говийн VII догшин хутагт олон айлаас онцолж Ориг зангийнд буусанд гэрийн эзэн ихэд бэлгэшээн, хөл алдаж, идээ шүүс барин дайлж цайлжээ. Олон хоногоор хүнд хэцүү нөхцөлд хоригдсон Гэгээнтэн шинэ идээ шүүсийг  шингээж төвдөлгүй огиулж, юмны учир мэдэх Ориг ч цэрвэж сэжиглэсэнгүй гаргасан идээг нь хадганд боон даллаганы савандаа хийсэн хэмээдэг. Энэ үед О.Адилбиш агсан 17-18 настай идэрхэн залуу байж. Өглөө VII хутагт явахдаа Адилбишийн нэрийг асуугаад, “Энэ хүү насаараа хурдан адуугаар тоглох хүн байна. Танайх болоод нутаг орон тань -хурдан азаргаар тасрахгүй ээ” хэмээн  ерөөл айлдсан гэдэг. Дээдсийн ерөөл биеллээ олж, О.Адилбиш, Иххэтчүүд хурдан адуугаараа халхад дээгүүр эрэмбэлэгдэх болсон билээ.  Дашрамд сонирхуулахад Гэгээнтний гаргасан идээ өдгөө Адилбиш агсны зээ хүү Батлахын Энхболдынд хадгалагдаж буй гэдэг.
Хурдны үр таригч Их саарлын тухайд...
Дээдсийн ерөөлийг дагасан уу дэлтэй хурдыг шүтсэн үү. О.Адилбиш Хэнтий аймгийн Галшар сумын уугуул “Гарын” хэмээх Намсрайгаас адуу авахаар ярилцаж, тухайн үедээ чамгүй өндөр ханшаар буюу таван зуун төгрөгөөр нэг үрээ авахаар тохиролцжээ.
Хэлэлцэж ярилцсан ёсоор Намсрай адуугаа Хөлийн булагт цуглуулж, О.Адилбиш хураасан адууг шинжиж хэсэг яваад санаанд тохирох үрээг олсонгүй. Гэтэл ус авахаар ирсэн хүүхдийн унаж яваа саарал үрээ хараа булааж авах хүсэлтээ илэрхийлбэл  Намсрай “Энэ олон адуунаас ийм үрээ авах гэдэг нь ямар учиртай юм бэ. Би чамд даахьтай үрээ таван зуугаар өгөхөөс зовж байна. Авах гээд байгаа юм бол унаж яваа морио өгөөд ав” хэмээсэн гэдэг. Хэлсэн ёсоор О.Адилбиш саарал үрээг унаж яваа мориороо солин авч, нутагтаа авчран азарга тавьжээ. Эзэндээ гологдож, их сүргээс шилэгдсэн тэрхүү саарал үрээ үнэхээрийн хурдан байсан бөгөөд О.Адилбишийнд хурдны үрийг тарьсан буянт мал билээ.
Хожмоо их саарал хэмээн алдаршсан тэрхүү хурдан буян Алтанширээ, Их хэт сумд болон  аймгийн наадамд олонтаа түрүүлж айрагдсан байдаг. Номхон дөлгөөн зантай , зөөлөн явдалтай Их саарал азарга 24 удаа уралдаж найм түрүүлэн, 13 айрагдсаныг О.Адилбиш сийрүүлэн үлдээсэн байдаг билээ.
Их уяачийн нэрийн хуудас энгүй хурдан Зул хонгор
Халхын хурдны булгийн эх усны ундарга болсон Галшар нутгаас их уяачид тоогдон ирсэн Их саарал азарганаас:  
Гүц саарал, Их хонгор, Зул хонгор, Шүд саарал гэх хурдан азарганууд төрөн гарсан бөгөөд цөм их уяачийн нэрийг дуурсган хурдалсан байдаг. Жишээлбэл Их хонгор азарга 13 уралдан, тав түрүүлж, найм айрагдсан бол Зул хонгор 14 уралдаж найм түрүүлж, зургаа айрагдсан байдаг. Өдгөө их уяачийн нэрийн хуудас болсон хонгор азарга “Зул” хэмээх нэрийг дуулсан нь басчиг учиртай. Хэнтий аймгийн Буянт суманд болсон нэг уралдаанд О.Адилбиш хонгор азаргаа хязааланд нь уяж очиж. Тухайн үед морь мордохыг харж суусан “монхор”  хэмээх Халтар уяач хонгор үрээг нь ажаад “Өөдөө бадарч буй зул шиг сайхан буян байна даа” хэмээсэн гэдэг. Тэр цагаас хойш  О.Адилбиш хонгор үрээгээ “Зул” хэмээн нэрийдэх болсон гэдэг билээ.
Зул хонгор өөрөө хурднаас гадна үр төлүүд нь удам даган хурдалж, Их зул, Бага зул гэх хурдан азарганууд төрөн гарч, тэр хавийн адуунд дуртай олон аавын хөвгүүдийн магнайн тэнийлгэсэн байдаг билээ. Түүний нэгэн илрэл нь нэг жилийн сумын баяр наадамд дээрх азаргануудын үр төл, төлийн төл гэх арваад азарга завсаргүй дараалан ирж Адилбиш уяачийн адууны шандсыг гайхуулж байсан бахдам түүх бий.
Их уяачийн Их саарлын угшилтай  адуунаас цус сэлбэн хурдалуулсан олон хүний нэрийг дурдаж болох ч цаас цаг хэмнэн цөөн нэгээс дурдваас:
Гүц саарал хэмээх хурдан азаргыг нь Алтанширээ сумын уугуул, уяач Лхасран авч олонтаа цулбуур өргүүлсэн байдаг бөгөөд түүний төл нь Пагжийн хонгор гэх зартай хурдан азарга байсан тухай одоо хэр нь Алтанширээгийн уяачид ам булаалдан ярилцдаг юм билээ. Мөн Тайж Баньд адууны гол цөм гэгддэг Дэлгэрэх сумын харьяат олноо “ам” хэмээн алдаршсан  Шарав уяач О.Адилбиш агсанд хандан “чи надад үр төл сайтай ганц үрээ өгөөч” хэмээжээ.  Хүсэл зорилго нэгт нөхөртөө О.Адилбиш “Үнэхээр тэгж бодож байгаа бол насаар чинь баярлуулах нэг үрээ өгье" хэмээгээд саарал үрээ өгсөн нь хожмоо Гомбожавын саарал хэмээх хурдан азарга болсон билээ. Тэрхүү саарал азарганы үр төлүүдээс Өлзийгийн хонгор, Дэмбэрэлийн хонгор, Банзрагчийн хонгор, Чимэдцэрэнгийн хонгор зэрэг хурдан буянгууд төрж, Чимэдцэрэнгийн хонгорын төл Дамбын хүрэн халзан азарга нь ихэд алдаршсан байдаг. О.Адилбишийн хурдан хонгоруудын төл зөвхөн Дорноговьдоо төдийгүй зүүн аймгуудаар ихээн тарж, олон айлын адууг сэлбэсэн байдаг. Түүний нэг нь Хэнтий аймгийн Мандал сумын харьяат Гэндэндамбад очсон хар азарга юм. Хар азарганы үр төлүүд тэр хавьдаа их хурдалсан хэмээн нутгийн зон олон ярьдаг юм билээ.
Ийнхүү нэгэн цагийн домогт уяачийн нэрийн хуудас болсон Зул хонгор азарганы үр төлүүд ойр зэргэлдээ аймаг сумдаар  тарж, өдгөө адуунд хайртай түмнийхээ сэтгэлд мөнхөрч, унаган нутагтаа хөшөө мөнхөжжээ.
 Дашрдамд сонирхуулахад О.Адилбиш агсан бурханы оронд одохын өмнө Айраг сумын уугуул Намжилсүрэнд “чи л миний азарганы уяаг тааруулж чадна” хэмээн Идэр зул азаргаа өгч, Идэрийн үр сад тэр нутагт өдгөө ч цулбуур өргүүлэн хурдалсаар байгаа аж.
Азаргыг 47 удаа түрүүлгэж, 24 удаа айрагдуулжээ
45 жил хурдан хүлгийн уяа тааруулж, хөхөл сүүл шуухдаа О.Адилбиш агсан 62 түрүү, 163 айраг хүртсэн байдаг бөгөөд түүний ихэнх нь сүргийн манлай азарганы амжилт эзэлдэг. Өөрөөр хэлбэл их уяач улс, аймаг, сум, сум дундын наадамд уясан азаргаа 47 түрүүлгэж, 24 айрагдуулсан бол их насны морийг 12 түрүүлгэж, 46 удаа айрагдуулжээ. Харин соёолон насны морьдыг 18 түрүүлгэн, 11 айрагдуулж, хязааланг 13 түрүүлгэн, зургаа айрагдуулж,  даагыг 20 түрүүлгэж, 11 айрагдуулсан байдаг. Дээрхээс үзвэл  О.Адилбиш агсны гаргасан амжилтын дийлэнх олонх нь уяачийн эрдмийг шалгадаг дээд нас байх бөгөөд басхүү айргаас түрүү нь их байгааг анзаарч болохоор. Энэ нь чухамдаа О.Адилбиш  уяаны торгон ирийг тун сайн мэдэрдэг нэгэн байсан гэдгийг илэрхийлж буй хэрэг бизээ.
Адуу таньдаг Адилаа
Адилаагийн адуу танихын гайхамшигийг нутгийнхан ялангуяа буурлууд ихэд үнэлдэг. Тэдний хуучаас цөөн хэдийг сийрүүлбэл:
Монгол төрийн наадамд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, хоёр айрагдсан Манлай уяач Дорнойн Сундуй агсны хүрэн азаргыг мэдэхгүй хүн цөөн биз. Манлай уяач нэг нутгийн Д.Даштайгаа ханьсаж, хурдан адууны эрэлд явах зуураа нэрт уяач Галынд бууж. Хэрэг зоригийг нь дуулсан Гал ”өчигдөр Адилбиш ирээд явлаа. Галшарын наадамд битүү хүрэн азарга түрүүлж гэнэ. Тэрэнтэй ойрын хэдэн жил уралдах адуу байхгүй дээ” гэж байна лээ. Адилаа буруу танина гэж байхгүй. Та хоёр тийшээ зүглэбэл яасан юм бэ” хэмээн зөвлөж тэр дагуу Д.Сундуй агсан Буянт сумын Жамсрангаас хүрэн азаргыг нь авч байсан гэдэг.
1954 оны наймдугаар сард Ушгийн хөндлөн хэмээх газар Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн уяачид цуглан томоохон наадам хийхээр болж. Тэрхүү наадамд МУ-ын Баатар Данзанваанчиг, Ишийн Гунгаа нар морьдоо уян ирсэн байж. Адилбиш Гунгаад хандан  “чиний морины хүүхэд дадамгай сайн юм. Надад өгнө үү. Би үрээгээ унуулъя, миний үрээ сайн байгаа” гэж. Гунгаа ч  цааргалсангүй. Энэхүү ярианы дараа Адилбиш уяагаар нь очиж морьдыг нь  үзчихээд “чиний морины хүүхдийг авахаа болилоо” гэжээ. Гунгаа “Яав, би өгье л гэсэн шүү дээ” гэхэд “чиний хонгор буурал үрээ чинь их хурдан байгаа юм байна. Чи өөрийнхөө хүүхдээр үрээгээ унуул” гэжээ. Тэр наадамд Гунгаагийн хонгор будан түрүүлж, Өлзийт сумын Бадын Ядамын хүрэн үрээ аман хүзүүдэн, Адилбишийн Зул хонгор гуравт хурдалж байжээ.
Энэ мэтчилэн дурьдаад байвал их уяачийн эрдмийг өгүүлэх жишээ олон байх аж.
Өөрийн нэртэй бэсрэг угшил бий болгож, халхын хурдны өлгий гэгддэг зүүн аймгуудыг сүлсэн нэрт уяач О.Адилбиш агсан төрийнхөө их баяр цэнгэлийг зорин ирж хурдан хүлгэдийнхээ тоосыг өргөсөн нь тоотой. 1971 онд АХ-ын 50 жилийн ойгоор хүрэн хязаалан аман хүзүүнд хурдлуулан төрийн наадмын  хишиг хүртэн, халхын цуутай уяачдаас урмын үг дуулж явсан нь бахдалт дурсамжуудынх нь нэг байсан хэмээдэг.
Ийнхүү Монголын хурдан морины хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж хожмоо дурсагдах их үйлсийн эзэн болсон О.Адилбиш агсны үйл хэргийг мөнхжүүлж, хойч үед нь үлдээхээр үр хүүхэд нутгийн зон олон нь олон зүйлийг санаачлан сэдэж хийж хэрэгжүүлж байна.

А.Тэлмэн

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 103.212.117.73

    Сайхан ажлыг эхлүүлж хүүхэд залуучууд болон моринд дуртай монгол түмний магнайг тэнийлгэсэн сайхан ажил болжээ амжилт хүсье

    Reply