“Тоомсог” хонгор

Санжаадорж
2013 оны 10-р сарын 31 -нд

...оны Хэнтий аймгийн наадамд уралдахаар   Галшарын “дураараа” М.Мягмаржав,  Баянхутаг сумын Олцонгийн Хүрлээ,  Дондовдоржийн Очиржав,  Содномын Мэндээ  дөрөв нийлээд өргөн  уяагаар иржээ.
      Давхил сунгаанд   Н.Батдоржийн хонгор, О.Хүрлээгийн хонгор, М.Мягмаржавын халзан гээд   олон хурдан азарганууд үзүүр түрүүнд урд хойноо ороод байсанд тэд аймагт  түрүүлж  айрагдчих байх хэмээн горьдож байлаа. Харин  С.Мэндээгийн “тоомсог “ хонгор эрлийз азарга тэднээс хойно араар  л ирдэг байж. 
 Аймгийн наадмын урд орой наадмын довон дээрээ бууцгааж  азаргаа  тарлацгааж.  Тэгтэл С.Мэндээгийн тоомсог хонгор  О.Хүрлээгийн хонгортой их ойрхон үзүүрт иржээ.  Тоомсог хонгор их гараатай, тар сайтай азарга байсан болохоор уяачид ер тоосонгүй.   Тарлаж ирүүт нь эзэн уяач С.Мэндээ хөлсийг нь хусах  гэтэл хөлсөө хусуулдаггүй , дайрлаад дэвхцээд байхаар нь  - яагаад хөлсөө хусуулдаггүй нөхөр вэ?  Гангаа ах 80 мянгаар агт авна гэж байсан гэсэн.  Маргааш энийг  өгнө өө гээд уурлан донгодож,  урдхан ойрхон  Хэрлэнгийн хар усанд  байгаа чөдөртэй  хэдэн гүү руу нь  хазаарыг нь мултлаад тавиад явуулчихжээ. 
Орой нь уяаныхан бүгдээрээ л баруун тийш өвсний фондны тэр рүү морьдоо тавьж манаж хонохоор явахдаа - өө энэ муу “тоомсог”  хонгор  хар усандаа  байж л байг гээд  анхаарлаас гадуур  хаяад  явцгаажээ.  
 Маргааш өглөө нь манаанаас  морьдоо хөтөлж ирж услацгаав.  Тэгтэл азарга мордох болоход С.Мэндээ гэнэт санаж   - хөөе хөөе ... “тоомсог” хонгор  байна уу?   ёс юм байна даа, мордуулъя, мордуулъя гээд   хар уснаас барьж  авчраад цүрдийсэн гэдэстэй  юмыг голон голон  шууд  мордуулаад явуулсан байна.   Үнэндээ тэр уяанд  “тоомсог” хонгорыг тоож харсан  хүн нэг ч байгаагүй ажээ.
 Ингээд азарга ирэхийг дагаж харахаар уяачид бүгд л машин,  мотоцикль  олж  явцгаасан байна.  Азарга эргээд газрын дунд явахад Олцонгийн Хүрлээгийн хонгор хол тасраад Өмнөдэлгэр сумын Амраагийн шарга азарга, М.Мягмаржавын хүрэн халзан, Н.Батдоржийн хонгор , өнгөнд явна гэж цагаан хоолойгоор зарлаж байв.  Эзэд нь  дагаж хараад  явж байтал  барианаас таван км орчим  зайтай өвсний фондны араас шарга азарга тасраад  салаад явлаа  гэнэ.  Азаргаа  дагагчид түрүүлж ирэн үзэгчдийн урд үзүүрт, захад нь зогсоод  шарга азарганы араас хонгор азарга хоёрт  орохыг хараад  Мэндээгийн дүү ”номхон”  Болдоо
- хөөе хөөе энэ “тоомсог” хонгор   биш үү?  гэж чангаар хэлэхэд   эзэн уяач   С.Мэндээ дахин дахин  таньж ядан хараад  “мөн байна шүү дээ” хэмээн  дуу алдан гайхан хашгирав.   Ингэж “тоомсог “ хонгор аман хүзүүдэж  уяаны олон хурдан азарганы түрүүнд ирэв.    Азаргаа дагасан уяачид андуураад  өөрийнхөө хонгорыг л гээд дагаад явж байжээ.  Тоомсог хонгорын араас нэг уяаны М.Мягмаржавын халзан азарга, О.Хүрлээгийн хонгор азарга айрагдаж, Н.Батдоржийн хонгор зургаад орж уяагаараа сайхан  наадан бөөн баяр, бөөн инээдэм  болцгоожээ.  
 Тоомсог  хонгорыг ирснээс нь хойш хөтлөөд гишгүүлж  явахад  хангинатал янцгаагаад л, газар цавчлаад л  уралдсан шинжгүй байсан гэдэг. Ингэж л тэнэсэн сум тархинд гэхчээр  “тоомсог” хонгорыг голоод , тоохгүй хаячихсан чинь уяа нь  таарсан хэрэг.  Дараа нь их насанд С.Мэндээгийн  хээр морь түрүүлж,  М.Мягмаржавын цагаан морь айрагджээ.  
Морь хурдлах болохоор   уясан ч , уялгүй  хазаарыг нь мултлаад хаяад орхисон ч  уяа нь  зөв болоод  айрагдаж түрүүлээд байдаг  хачин юм шүү.  “Тоомсог” хонгор нь тогоруу халтрын үрийн үр Нанжид эмчийн  улсад айрагдсан саарал азарганы үр гэдэг.  Зайлуул эрлийз юм болохоороо   халуун хүйтнийг даахгүй, өвс ногоондоо олигтой тэвээрэг авахгүй, өөрөөр хэлбэл   бэлчээрийн  гар даалгүй байсаар нүд аньсан гэдэг юм.  Магадгүй “тоомсог”  хонгорын ажил нь  чангадаад уяа  нь хэтрээд  байсан байх. Монгол адуу биш юм чинь аргагүй л дээ, хөөрхий.     

      
Н.Санжаадорж
2013.07.18.
                                                                            

  

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна