МУ-ын Алдарт уяач агсан Х.Жамбал: Хамгийн гол нь уяаны эв гэж нэг юм бий
Дорноговь аймгийн Сайхандулаан сумаас төрсөн Монгол Улсын Алдарт уяач цолтон бол Гавьяат нэгдэлчин Хужирын Жамбал агсан юм. Тэрээр Сайхандулаан сумын нутаг Дулаан уулын Хүрэнгийн хонд хэмээх газар 1946 онд айлын ууган болон хүү мэндэлж, дороо долоон дүү дагуулсан байна.
Х.Жамбал агсан өөрийн нагац ах Надмидад үрчлэгдэн, багаас хурдан морь унаж, хөлстэй тохомтой нөхөрлөсөн хэмээдэг. Дунд сургуулийн дөрөвдүгээр ангийг дүүргэмэгц хөдөө гарч, мал маллах болсон тэрээр 1967 онд цэргийн албанаа татагдан, 1970 онд халагдаж ирээд сумынхаа нэгдэлд гурван жил хонь маллажээ. Түүний дараагаар тэнэгэр говийн чимэг болсон тэмээн сүргээ маллан, сум, аймаг, улсын хэмжээнд удаа дараа шилдгээр шалгарч байсан аж. Шаардлага өндөртэй цаг үед тийнхүү мандаж явсан буурал уяач зүгээр суухыг мэддэггүй нэгэн байсан бололтой. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж:
Төрийн шагнал:
1975-1980 оны гавшгайч
1981-06-06 Хөдөлмөрийн хүндэт медаль
1982-02-24 Дорноговь аймгийн Аварга малчин
1986-04-03 Алтангадас одон
1988-02-18 БНМАУ-ын Аварга малчин
1987-01-30 Алтан ботгоны эзэн
1991-06-25 БНМАУ-ын Гавьяат нэгдэлчин
1993-02-23 Мөнгөн буур
2002-03-14 ХААЯ-ны хүндэт жуух бичгээр тус тус шагнаж байжээ. Тэмээ малласан цагаас ийнхүү манлайлж ирсэн тэрээр 1980 оноос эхлэн бие даан уяа эвлүүлж, 1999 оны 02-р сарын 01-нд аймгийн Алдарт уяач, 2002 онд МУ-ын Алдарт уяач цолыг тус тус хүртжээ. Алдарт уяач 1996 он хүртэл 26 түрүү, 26 айраг хүртсэн байсан бөгөөд 1997,98 онуудад тус бүр нэг түрүү, 1999 онд таван түрүү, гурван айраг хүртэж байсан аж.
Малын захад насыг барсан буурал уяач, тун чамбай нэгэн байсан бөгөөд, хурц хурдан хүлгэдийнхээ амжилтын цувааг амьд сэрүүн ахуйдаа тэмдэглэсэн байсны зарим нэгээс дор хүргэж байна.
Хул морь
Даагандаа 1980-1981 оны хичээлийн шинэ жилийн сургуулийн нээлтийн баярт түрүү /1980-08-31/
Шүдлэндээ АХ-ын 60 жил, Дорноговь аймаг байгуулагдсаны 50 жилийн ойн баяр наадамд 15-д /1981-07-11/
Хязааландаа АХ-ын 61 жилийн сумын баяр наадамд түрүү
Соёолондоо гурван сумын нэгдсэн өдөрлөгт түрүү. Тасархай түмэн хүлэг цол авсан.
Их насандаа АХ-ын 69 жилийн ойн баяр наадамд сумандаа түрүүлсэн. / 1989-07-11/
1991 онд Багадулаан овоо тахилгын наадамд аман хүзүүдсэн.
Шарга цоохор морь
Хязааландаа 1982 онд АХ-ын 61 жилийн ой сумын баяр наадамд гуравт
Хавчиг долоон насандаа Мандах, Сайхандулаан, Дундговь аймгийн Өндөршил сумын нэгдсэн өдөрлөгт гуравт
Шовгор хээр бор азарга
Шүдлэндээ Дундговь аймгийн Өндөршил сумын наадамд түрүү
Хязааландаа АХ-ын 70 жилийн ой, Дорноговь аймаг байгуулагдсаны 60 жилийн ойд түрүү /1991-07-12/
Давхар уяагаар Сайхандулаан сумын баярт аман хүзүү
Хавчиг насандаа давхар уяагаар Сайхандулаан сумын АХ-ын 72, Мал эмнэлэг үржлийн алба байгуулагдсаны 70, 1993-1994 оны хичээлийн жилд зориулсан сумын баяраар аман хүзүү
Долоотой Сайхандулаан сум байгуулагдсаны 70 жилээр түрүү /1994-17-29 /
Мандах сумын 70 жилд давхар уяагаар түрүү /1994-08-05 /
Наймтай Дорноговь аймгийн Хар айраг сумын наадамд түрүү /1995-08-13 /
АХ-ын 75, Сайншанд сумын 35 жилийн ойд түрүү /1996-07-11/
Босоо улаан бор
1990 онд даагандаа Өндөршил сумын наадамд түрүү
Өндөршил сумын намын үүр болоод сургууль байгуулагдсаны 60-50 жилийн ойн наадамд аман хүзүү /1990-08-25/
Шүдлэндээ давхар уяагаар сумандаа түрүү /1991-08-04/
АХ-ын 70, аймаг байгуулагдсаны 60 жилээр түрүү /1991-07-12/
Хязааландаа Айраг суманд болсон Төмөр замчдын өдөрлөгт аман хүзүү /1992-18-02 /
Соёолондоо Говийн мэргэн хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 190 жилийн ойн баяр наадамд гуравт /1993-08-15 /
Багадулаан овоо тахилгын наадамд түрүү /1999-05-18/
Өндөршил сумын баяр наадамд аман хүзүүдсэн /1991-07-11/
МУ-ын Алдарт уяач цол хүртсэний мялаалга наадамд 39 морь уралдаж түрүүлсэн /2002 -02-27/.
Пуужин хул
Даагандаа Сайхандулаан сум байгуулагдсаны 70 жилийн ойд түрүүлсэн /1994-07-29/
Давхар уяагаар аймгийн Мандах сум байгуулагдсаны 70 жилд түрүүлсэн /1994-08-05/
Шүдлэндээ Бор-Өндөр хот байгуулагдсаны баяр наадамд түрүү /1995-08-18/
Хар айраг сумын баяр наадамд аман хүзүү /1995-08-13/
Тулгар төр байгуулагдсаны 790, Ардын хувьсгалын 75, Сайншанд байгуулагдсаны 35 жилийн ойд түрүүлсэн /1996-07-12 /
Дэлгэрэх сумын “Залуу хүч” компанийн 40 жилийн ойд 180 хязаалан мордсоноос түрүү /1996-08-18 /
Дорноговь аймгийн Мандах сумын сургуулийн 80 жилийн ойд түрүү /2001-08-04/
Бөгтөр хээр
Даагандаа АХ-ын 70 жилийн ойн сумын баяр наадамд гуравт
АХ-ын 75, Сайншанд сум байгуулагдсаны 35 жилийн ойд дөрөвт /1986-07-12/
Цохио бригадад Эх үрсийн баяраар түрүү /1998-05-28 /
Багадулаан овооны тахилгад аман хүзүү /1999-05-18/
Одмаагийн хар хээр морь
Даагандаа АХ-ын 70 жилийн ойгоор сумын баяр наадамд тавд /1991-07-12 /
Шүдлэндээ Багадулаан овоо тахилгын наадамд аман хүзүү
Соёолондоо Сайхандулаан сумын 70 жилийн ойд түрүү /1994-07-29/
Буянхишигийн хонгор морь
Шүдлэндээ АХ-ын 75, Сайншандын 35 жилийн ойд гуравт /1996-07-12/
Давхар уяагаар Дэлгэрэх сумын залуу хүч компанийн 40 жилд түрүү /1996-08-18 /
Хязааландаа Хар айраг сум байгуулагдсаны 70 жилд түрүү /1997-07-12/
Соёолондоо Сайхандулаан суманд түрүү /1998-07-11 /
Давхар уяагаар Данзанравжаагийн 150 жилд гуравт
2002 онд Цохио бригадын поло наадамд түрүү
2002-02-07-нд Алдарт уяач цолны наадамд гуравт
Шовгор хээрийн төл Тэжээвэр хонгорын бор
Сайншандын 35 жилийн ойд түрүү
Соёолондоо Данзанравжаагийн 150 жилийн ойд тавд
Сарт хамар цагаан хонгор
1998 оны наймдугаар сард Данзанравжаагийн 195 жилд аман хүзүү
1999 онд Ононмөр хавангийн нэрэмжит Боржигон наадамд дөрөвт
1999 онд Өндөршилд соёолондоо түрүүлсэн
2001-04-20 Цохио бригадын поло наадамд аман хүзүүлсэн
2002 онд Цохио бригадын поло наадамд гуравт
Улаан бор
1999 онд Дундговийн Өндөршилд түрүүлсэн
Давхар уяагаар 1999 онд Ононмөр хавангийн нэрэмжит Боржигон наадамд түрүү
2001 онд Дорноговь аймаг байгуулагдсаны 70 жилд түрүү
2001 онд Мандах сумын сургуулийн 70 жилд түрүү
Гавьяат нэгдэлчин МУ-ын Алдарт уяач цол хүртсэнийхээ дараахан аймгийнхаа сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Сайхандулаан сумын Цохио багийн малчин, Монгол Улсын Гавьяат нэгдэлчин, улсын Аварга малчин Хужирын Жамбалтай уулзаж ярилцлаа. Тэрээр усан морин жилийн босгон дээр Монгол Улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолыг хүртсэн юм.
-Сар шинийн босгон дээр МУ-ын Алдарт уяач цолыг хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Өвөлд өнөтэй сайхан оров уу?
-Сайхан, сайхан. Энэ жил хүний сэтгэл, малын зоо тэнэгэр сайхан байна. Ноднингийн өдийд цагийн муугаас хүн, малын хөлд дараатай хэцүү үе шүү дээ.
-Алдарт хэзийнээс морь уяж эхэлсэн юм бэ?
-Миний нагац ах Хужирын Надмид гэж сайхан уяач байлаа. Би таван настайгаасаа эхлэн томоо арван зургаан нас хүртлээ тэр ахынхаа морийг унасан юм. Харин хүнддээд ирэхээрээ ахдаа морь уяхад нь тусалж нэг ёсны шадар уяач нь болсон доо. Яг өөрөө бие дааж уясан нь гэвэл 1980 он. Тэр жилийн сонгуулиар морь уралдуулна гэхээр нь халиун морио явуулсан чинь түрүүлж “Ард малчин Жамбалын адуун сүргээс барьж” гэж ирээд л цоллуулахад сайхан байсан шүү./инээв/ Урьд нь дандаа манай ахын нэр дээр цоллодог байсан байхгүй юу. Тэр жилийн сумын наадамд даага уясан чинь бас түрүүлээд, тэгээд л морь уях сонирхлыг минь улам дэврээсэн дээ.
-Хаана, хаана наадаж байв даа?
-Өөрийн аймгаас гадна Хэнтий аймгийн Өвгөн ноёны, Говьсүмбэрийн Боржигон, Өмнөговь аймгийн Цогтцэцийн наадам, Их хурд, Бор-Өндөрийн наадам гээд олон газар уралдаж, нийтдээ 32 түрүү, 42 айраг аваад байх шиг вэ дээ.
-Морь уях эрдмийг заасан ахынхаа талаар дурсахгүй юу?
-Ах маань үнэхээр ясны уяач хүн байсан юм. Наадамд хүний өөрийн олон морь уяна. Хүнд ч сэтгэл харамгүй юм хэлж өгнө. Нэг удаа хоёр уяа морьдыг бүгдийг нь дөрвөөс дээш хурдлуулж байхав дээ. 1981 онд нэгдлийн адуунаас цоо эмнэг бүдүүн морь бариулан надаар номхруулаад уясан нь түрүүлж байлаа. Тэгэхлээр морь сайн таньдаг, таньсанаа уяа сойлгыг нь тааруулан хурдлуулж чаддаг хүн байгаа биз. Тэр үед морины байнд дугуй булантай “гүрж” ногоон цай л өгнө дөө. Наадам дуусаад буцахад ачааны гол дээр долоо, найман цай тавьчихсан явдаг. Ах байныхаа цайнуудыг хоймрынхоо авдар дээр давхарлаад тавьчихна. Орсон гарсан хүмүүс тэр жилийн наадмын өнгийг тэр цайнуудаас гадарлан морины тухай яриа өрнүүлнэ. Одоогийнхоор бол медаль юм даа. Тэр цай нь хоёр наадмын хооронд ах бид хоёрт элбэг хүрэлцэнэ. Ах маань адуу цөөнтэй, сүүлдээ байныхаа даагаар адуужсан. Наадмын дараа нэгдлийн адуунаас байныхаа даагыг зүсэлж авна. Түүнээ хойтон жилийн наадамд уяж заавал түрүүлгэнэ. Морь таньдаг хүнд бол нэгдлийн мянган адуун дотор хурдан амьтад байсан байлгүй яав гэж. Манайд өндөр ногоон, өртөө цоохор, Цэенгийн хүрэн гээд аргагүй сайн морьд байж билээ.
-Танай адууны удам угшил гэвэл?
-Манай хойд чигийнхэн чинь голдуу “Гүр” адууны угшилтай. Манайх ч ялгаагүй.
-“Гүр” адуу гэдгээ тодруулаач?
-1950-иад онд Дундговийн Өндөршил суманд амьдарч байсан Гүр гэдэг хүн өөрийнхөө адуунд түшиглэн тэсвэр сайтай, хурдны удамтай ийм шилдэг адууг бий болгож чадсан. Ийм гавьяатай хүн учраас адуу хүртэл эзнийхээ нэрээр нэрлэгдэх болсон хэрэг л дээ. Гүр адуу нь хандгайдуу толгойтой, холч байдаг.
-Морь малын наймаанд хэр вэ? Танайх олон адуутай биз дээ?
-Манайх 270-аад адуутай. Адууны маань угшил ерөнхийдөө гайгүй учраас наймаа нэг их хийдэггүй. Харин адууныхаа цусыг холдуулах үүднээс Хэнтийн Галшар, Сүхбаатарын Уулбаян, Дундговийн Өндөршил, өөрийн аймгийн Дэлгэрэх сумаас азарга авч тавьдаг. Манай адууг үзсэн хол ойрын улсууд хэлбэр төрх, удам угшил талаас нь гайгүй юм гэх юм билээ.
-Морины уяа хэд хоногт гүйцэх вэ?
-За даа, уяач хүн олон барилтай, уяж байгаа адуу ч янз бүр. Миний хувьд дээд гурван нас жилийн уяатай байдаг. Энэ нь өвөл, хавар унаж эдлэхээс л эхэлнэ гэсэн үг. Харин бага насны адуу тарга хүчтэй л бол түүнд нь дулдуйдаад яаж ч уяж болно.
-Таныг таньж мэдэхгүй адуунд аваачаад эндээс уях морио зүслэ гэвэл?
-Адууны том, жижгийг нь нэг их анхаарахгүй бай. Харин зоо нь бариагүй, чих нь босоо, нүд нь сэргэлэн, дээгүүр хараатай, аман хүзүү нь урт, сүвээний зай бага, задгайдуу хөлстэй гээд тоочвол их юм бий л дээ. Ерөнхийдөө бөгсний бяр ихтэй, биеийн хайрцаг тэгш адуу байх болов уу.
-Та олон шавьтай юу. Залуу уяачдад юу гэж зөвлөмөөр байна?
-Одоо чинь баярламаар нь залуучууд морь уях дуртай болж. Манай сумынхан чинь олонх нь надаас юм асууж байдаг юм. Хэрэг болдог эсэхийг нь мэдэхгүй. Оюунбаяр, Цэнгэл, Дарамдууз гээд морь гайгүй уячихдаг залуус бий. Ер нь уяач хүнд хамгийн гол нь уяаны эв гэж нэг юм бий. Энэ нь хоорондоо эвтэй найртай, ахлаж яваа хүнийхээ үгэнд сайн орж, хэрүүл маргаан гаргахгүй байх юм. Түүн дээр уяачийн уйгагүй хөдөлмөр, өөрийн нойр, мориныхоо хоолыг хямгадаж сурах. Одоо манай зарим залуус ганц нэг юм уячихаад хажуугаар нь өөрийгөө архинд сойгоод байна. Морь уяж байгаа хүнд архи уух зав гарах учиргүй. Уяа чинь их эмзэг зүйл шүү дээ. Одоо морь уяж байгаа хэн боловч орон нутгаасаа гарч уралдах хэрэгтэй. Нэг хонхортоо цогиод байвал хэн ч мэдэхгүй шүү дээ. Гадагшаа аймаг, сумынхаа нэрийг гаргах хэрэгтэй байна. Манай урд зүгийн адуу уяж чаддаг юм бол бололцооны юм. Өнгөрсөн жил Өвөрхангайн Хархоринд болсон “Их хурд-2” шигшмэл хурдан морьдын уралдаанд Өндөршилээс очсон морь зургаад давхисан. Эндээс харахад овъёос идэж, хүч тамирын тариа шахуулж байж давхидаг хангайн морьдыг дэргэд зүгээр өвсөн хоолтой говийн адуу ингэж давхина гэдэг цаанаа нэг юм байна гэдгийг хэлээд байгаа хэрэг.
-Хурдан мориор бизнес хийлээ гэж зарим нэг хүн ярих юм?
-Сайхан адуутай, сайн морьтой хүн хангалуун амьдрах боломж бий. Яадаг юм. Хурдан морио зарахад ямар бэлтгэлд өгч байгаа биш. Харин ч өөрөө сайн уяж чадахгүй байсныг цаад хүн аваад уяж чадах юм бол тэр аймаг, сумаас гаралтай, тэр гэдэг хүнээс авсан морь гээд нутаг ус, эзнийхээ нэрийг гаргана шүү дээ. Ер нь малын буян хишиг их шүү дээ. Ерээд онд лангуун дээр давс, гоймон хоёроос өөр юмгүй улс даяараа ядуурчихсан тэр үед малчид бид чинь хэдэн малынхаа буянд л давж гарсан шүү дээ. Одоо айл бүрийн гадаа нэгээс хоёр машин, цахилгаан сэнс, гэрт нь зурагт гээд л...
-Та гайгүй дуулчихна биз?
-Өө, юу шалих вэ. Гэхдээ малын бэлчээрт тэр дундаа адууныхаа дэргэд бол ч өөртөө дуучин. Харин “Эр бор харцага”, “Эрдэнэ засгийн унага”-ыг сонсох дуртай.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна