Аймгийн Алдарт уяач Ц.Энхбат: Нутгийн монгол адуугаар сайхан наадахыг зорьдог
Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэдэвдоржийн Энхбаттай хөөрөлдлөө. Тэрээр могой жилийн өнгө тольдох “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд цавьдар соёолонгоо айргийн гуравт хурдлуулж, давхар уяагаар "Эрдэнэт-2013" бүсийн уралдаанд түрүүлгэн тун одтой наадаад байгаа юм.
-Та сайхан хаваржиж байна уу?
- Сайхан. Сайхан хаваржиж байна уу.
-Цавьдар үрээ он гарсаар бүсийн наадмаас нэг түрүү, нэг айраг хүртчихлээ. Могой жил таны хувьд ээлтэй байгаа юмаа даа?
-Могой жил ээлтэй сайхан байна. Цавьдар соёолон маань энэ хаврын бүсийн уралдаануудад нэгэнд нь түрүүлж, нөгөөд нь айрагдан сайхан амжилт үзүүллээ. Морь уяна гэдэг олон хүний хөлс хөдөлмөрийн үр шим байдаг. Цавьдар үрээгээ дааган цагаас нь эхлэн уяач найзтайгаа хамтран уяж байгаа. Даагандаа найм уралдан дөрөв түрүүлж, хоёр аман хүзүүдэн, хоёр удаа дөрвөлсөн. Түүнээс хойш би хайрлаад гамнаад байсан юм.
-Болгоомжлох шалтгаан байжээ дээ?
-Эрлийз монголоор ялгадаггүй байх үед хамаагүй уралдуулчихаар зүрх нь үхчихэж магадгүй гэж бодсон юм. Одоо бол сайхан ялгадаг болсон байна.
-Даваахүү Тод манлайн Хөх цавьдарын төл гэсэн билүү?
-Тиймээ. Энэ адуу бол Монгол улсын Хөдөлмөрийн баатар Данзаннямын Даваахүү ахын маань өгсөн бэлэг байгаа юм. Бид хоёр нэг хонхор нутгийн хүмүүс л дээ. 4-5 унага үзүүлээд нэгийг нь сонгоод ав гэхээр нь би цавьдарыг нь авъя гэсэн юм. Тэгсэн “энэнээс бусдаас нь дуртайгаа ав” гэсэн. Тэгэхээр нь “би авна гэснийгээ авна” гээд гүрийчихсэн. /инээв/ Тэгээд намар 11 сард оруулж ирээд хавар дааганд уясан юм.
-Эх нь ямар гүү байдаг юм бэ? Шүдлэнд нь хэр уралдуулсан бэ?
-Эх нь манай Баянцагааны гаралтай хонгор гүү надад бий. Шүдлэнд нь олон уралдуулаагүй ээ. Аймгийнхаа наадамд хол түрүүлгэсэн. Улсын наадмын өмнөх сунгаануудад сайн байсан. Эрлийзүүдтэй уралдаад шүү дээ. Эрлийз монголоор нь ялгасан эхний жил гэсэн үг. Зарим нэг нь жижгэвтэр биетэй эрлийзүүдээ монголд мордуулчих бололтой юм яриад байхаар нь “заавал улсад уралдаад яахав” гэж бодоод яваагүй. Урьд нь би 2004 оны улсын наадамд бас хонгор шүдлэнгээ зургаалуулсан байсан юм. Тэгээд тэр давтагдаж магад гэж бодоод аймагтаа уралдуулж холхон түрүүлгэсэн дээ. Тэгээд дараа нь давхар уяагаар “Говьшанх-4” уралдаанд очиж аман хүзүүдсэн. Тэгэхэд бас л эрлийз адуунд дайруулсан. Өмнөговь аймгийнхаа тэгш ойн наадамд айрагдаад эрлийз гэсэн шалтгаанаар хасагдчихсан байсан үрээг араас явуулчихсан нь үзүүр дээрээ дайраад орчихсон юм. Тийм болохоор би хувьдаа тэнд түрүүлсэн л гэж боддог.
-Хязааландаа яаж давхисан бэ?
-Хязааланд нь бас л эрлийзүүдтэй сунгаж байгаад далыг нь жаахан дарчихсан юм. Хүүхэд ч арай томдсон байсан юм. Тэгээд наадамд уралдуулаагүй. Гэхдээ хавар Цэрэндэжид гуайн Манлай уяачийн мялаалга уралдаанд аман хүзүүдүүлж, Бэчээрийн Далайгийн Алдартын мялаалга наадамд уралдаж хоёр ч эрлийзийг ардаа орхиж түрүүлсэн. Наадмаас хойш Багануурт нэг айрагдуулаад авсан.
-Соёолонгийн уралдаан Дүнжингараваас эхэлсэн үү?
-Тиймээ, цавьдар үрээ давхар уяанд илүү өнгө ордог адуу байгаа юм. Тийм ч болохоороо Эрдэнэтийн бүсэд урамтай сайхан түрүүллээ.
-Тэгвэл итгэлтэй л байсан юм байна. Тийм үү?
-Дөхнө л гэж бодож байсан. Ноднин өнжчихөөд нэлээд таргалчихсан, сая хавар уяахдаа зургаан сунгаа хийсэн ч л “Дүнжингаравт” жаахан дутуу мордсон. Уг нь нимгэн уралддаг адуу байгаа юм. Тиймээс Эрдэнэтийн бүсэд их аятайхан болоод очсон. Ний нуугүй хэлэхэд бараг түрүүлчих болов уу гэж бодож байсан нь ёсоор болсон доо.
-Өнгөрсөн жил хаврын бүсийн уралдаанд хүрэн азаргаа айрагдуулсан. Хаврын уралдаанууд танд ээлтэй байдаг юм биш үү? Улсын наадамд хэр уралдаж байв.
-Миний хүрэн азарга соёолондоо улсад долоолоод, тэр зунаа Говьшанхын хурд бүсийн наадамд бас долоолоод, өвөл нь хавчиг азарга Дүнжингаравт долоочихоод, Өмнөговийн бүсэд очиж гуравласан нь тэр. Би хувиараа одоогийн байдлаар улсын наадамд морь айрагдуулж үзээгүй, харин Засгийн газрын тогтоолтой бүсийн наадмаас нэг түрүү, зургаан айраг хүртээд байгаа.
-Цолны бараа сураг бол ойртож л байгаа юм байна?
-Арай болоогүй ээ. Одоогоор цол хэргэм гэхээсээ илүүтэй нутгийн монгол адуугаараа сайхан наадах юмсан гэж л зорьж байна. Миний гайгүй давхиж байгаа адуунууд дандаа нутгийн монгол адуунууд. Миний нутаг Баянцагаан сум бол маш олон алдартай уяачтай. 20-р зуунд улсын наадамд хамгийн олон айраг түрүү авсан сум. Баянцагаан адууны угшил бий болж, олон сайхан хурдан хүлэг тодорсон нутаг даа. Ноднин Өмнөговийн бүсэд гуравласан хүрэн азарга манай аймгийн Баянжаргалан сумын адуу. Бас л унаганд нь Даваанэрэнгийн Санжаа гуай надад бэлэглэсэн юм. Намайг морь мал гээд жаахан идэвхтэй байхаар нутгийн ах нар маань урам өгч хайрласан адуунууд нь хурдан байгаа.
-Бэлгийн адуу сайн давхиад байнаа даа?
-Тийм шүү. Инээв.
-Хурд чуулсан нутаг гийнгоо хадааж өссөн хүү хэзээнээс эхлэн бие даан морь уяах болсон бэ?
- Хүүхэд байхдаа 1972 онд улсын наадамд морь унаж зээрд халзан шүдлэн аман хүзүүдүүлж байлаа. Манай аавын ах, аав өөрөө гээд манайхан морь уяадаг хүмүүс л дээ. Аавын ах Х.Чүлтэмжав морь сайн уяана. Улсын наадамд нэлээн хэдэн морь айрагдуулсан шүү. Би багадаа тэр хоёр буурлынхаа хурдан морьдыг унадаг байсан. Яг өөрөө бие дааж уяахын хувьд бол 1997 оноос эхэлсэн дээ. Миний төрсөн дүү Энхсайхан маань Баянцагаан суманд гол суурь адууг маань малладаг. Тэндээ бас морьдоо уяана.
-Дээдчүүлийн хурдан буянгуудаас өвлөгдөө байлгүй?
-Аавын маань унаган адуунаас хэд хэдэн сайхан гүү бий. Тэр сайхан буянгуудаас гарсан төлүүдээр наадан зөвхөн аймгийнхаа баяр наадмаас 10 гаруй айраг түрүү хүртэж 2010 онд аймгийн Алдарт уяач цолоо авсан.
-Тэр үед та өөрөө Засаг даргаар ажиллаж байсан биз дээ. Өөрөө өөртөө захирамж гаргасан уу?
-Эхэндээ ч нэлээд татгалзсан юмаа. Авахгүй байж байгаад хүмүүст ийм амжилт гаргаж байж аваарай гэж үлгэрлэе гээд, тэгсэн уяаныхан, найз нөхөд “Ав. Өм чинь харьчихна” гээд байхаар нь аргагүй авсан юм. Аймгийн морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчдийнхээ хурлаар болзол биелүүлсэн хүмүүсийн асуудлыг хэлэлцээд, батламжуулахаар Засаг даргад өргөн барьдаг. Түүний дагуу цолоо авсан. Нээрэн ч цол дагаж бяр гэж Алдарт цолоо авсан жилээ их сайхан наадсан шүү. /инээв/
-Аймгийн Алдарт уяач морь уяхаас гадна уран мэхийг уралдуулж, цэц мэргэнээ сорин эрийн гурван наадмаар тэгш сайхан нааддаг эр гэдгийг мэдэх юм байна?
-Би чинь уг нь соёл судлаач мэргэжилтэй хүн шүү дээ. Олон зууныг өртөөлж ирсэн эрийн гурван наадмаа би соёлын их том өв гэж үздэг. Тиймээс тэрхүү өв соёлоо дээдэлж явах нь монгол хүн бүрийн үүрэг гэж боддог. ЮНЕСКО-гоос ч гэсэн манай эрийн гурван наадмыг соёлын биет бус дэлхийн өвд бүртгэчихсэн шүү дээ.
-Бөхөөр ямар цолтой вэ?
-Бөх болох гэж мөрөөдөж жаахан ноцолдсон, яахав ээ сумын заан болж даага хөтөлж л явлаа. Тэгэхээр торгон зодогны хамаатан гэж үзэх л байх.
-Тэгвэл харваачийнхаа хувьд?
-Би сур харвадаггүй. Харин шагай харваагаар дээд цол болох Монгол Улсын Үлэмж дархан мэргэн цолтой. Эрийн гурван наадмыг Юнеско дэлхийн соёлын өвд бүртгэхдээ шагайн харвааг оролцуулаагүй. Харин одоо бид тусад нь бүртгүүлэхээр хөөцөлдөж байгаа. Шагайн харваа шиг үндэсний спортын тоглоом наадгай монголоос өөр хаана ч байхгүй гэдгийг тогтоосон. Тэгэхээр энэ бол дэлхийн ховор өв мөн юм. Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж байна л даа. Энэ сайхан өв соёлоо сайхнаар нь авч үлдэхийн тулд битгий их улс төржөөсэй гэж хүсч байгаа. Үндэсний өв соёл бахархал гэдэг талаас нь бас хараасай гэж хүсч байна. Даяарчлагдаж байгаа энэ цаг үед монголчууд өв уламжлалаа хадгалж явах арга замын нэг нь баяр наадам юм шүү дээ.
-Хурдан морь унаач хүүхдийн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлээч?
-Насны хязгаар тогтоох хэрэгтэй гэж ярьж байна. Тэгж болноо. Хэрвээ тэгээд том хүүхэд унахаар батлагдчихвал бага насны адуу бүр уралдуулахгүй байсан нь дээр. Том хүүхдээр бага адуу унуулбал цээжгүй болно. Хүүхдүүд даагануудаа унаад давхиж явахгүй болох нь л дээ. Ингэж хэллээ гээд хүүхдийн аюулгүй байдалд санаа тавихгүй байгаа хэрэг биш шүү. Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдалд анхаарал хандуулж, хяналт тавих хэрэгтэй. Харин нухацтай тал талын эрх ашгийг бодолцож хуулиа батлаасай гэж бодож байна. Гэхдээ манай ахмадууд дааганаас унаад үхэхгүй ээ, даравгараасаа болоод үхнэ шүү гэдэгсэн. Зарим нь хий хийрхээд морины хүүхдийн талаар их л олон юм ярих болж дээ. Энэ сэдэвтэй холбогдуулан ярихад унаач хүүхдийн хөдөлмөрийг үнэлж, урамшуулах асуудал дээрээ ялгавартай ханддагаа болимоор байгаа юм.
-Цалин хөлс, урамшуулал харилцан адилгүй байна гэж үү?
-Үгүй ээ, урамшуулах буюу алдар цол, хэргэм зэрэг олгох тухайд ярьж байна. Улсын наадамд морь түрүүлгэж, айрагдуулсан хүүхдүүдэд спортын дэд мастер, мастер цолыг олгож, оны шилдэг унаачаар шалгаруулж байна. Тэгсэн хэрнээ яг адилхан хөдөлмөр эрхэлж байгаа аймаг, сумын наадамд морь түрүүлгэж айрагдуулсан хүүхдүүдийн амжилтыг тооцдоггүй. Хийж байгаа хөдөлмөр нь яг л адилхан. Ижил зайнаас уралдана. Жишээ нь манай унаач хүү нэг наадамд зургаан насны морь унаж нэг түрүү, гурван айраг хүртээд бас нэг үрээ зургаалуулсан. Энэ бол тэр болгон давтагдахгүй амжилт. Тэгэхэд үүнийг үнэлэх механизм байхгүй. Одоо нэг үеэ бодвол олон морь уралдаж байна. Заавал эхний тав гэлгүй есөн эрдэнийн тоогоор эхний есөн морийг барихад болохгүй юм байхгүй. Унаач хүүхдийн эрх ашгийг хамгаална гээд байгаа хүүхдийн байгууллагын хүмүүс энэ мэтийн асуудлыг бас тусгах хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд заримдаа үнэхээр хүүхдийн эрхийн төлөө явж байна уу үгүй юу гэдэгт эргэлздэг шүү. Үнэхээр л хүүхдийн эрхийн асуудлыг хөндөж байгаа бол зам тээврийн ослоор амиа алдаж байгаа хүүхдүүдийн асуудалд ч гэсэн анхаарал хандуул л даа. Эцэг эх нь амьдралын боломжгүй гээд гудамжинд гараад гуйлга гуйж байгаа хүүхдүүдийг бас анхаар л даа. Хүүхдийн асуудал гэдэг өргөн хүрээтэй сэдэв. Ганцхан хурдан морь унаж байгааг нь тойроод байж болохгүй. Бас уяачдадаа хандаж хэлэхэд ёс заншлаа дагаж өдөр судраас эхлээд гадны хүчин зүйлүүдээ сайн тооцож бай гэмээр байна. Хөдлөх чиглэх зүгээ сайн мэдээд хөдөлдөг, морьдоо ёсолдог, хүүхдээ даатгадаг гээд олон ёс соёлоос суралцах нь зүйтэй дээ.
-Та жишээлбэл хурдан унаач хүүхдийнхээ аюулгүй байдалд хэрхэн анхаарал тавьж, хөдөлмөрийг нь хэрхэн үнэлдэг вэ?
-Хүний хүүхэд гэж бодож байсан удаагүй. Өөрийн үр хүүхэд шиг л санадаг. Их сайн халамжилж, ядарч зүдэрч байгааг нь мэдэрч байх хэрэгтэй. Хамгаалалтын ямар л сайн хувцас хэрэглэл байна түүнийг нь хэрэглүүлэхийг хичээдэг дээ. 2011 онд Говьшанхын хурдаас ачааны машин, мотоцикль, асар майхан гээд 30 гаруй сая төгрөгийн бай шагналтай буцсан. Тэгэхээр нь өөрийнхөө унаач хүүхдийн ая тухтай амьдарахыг нь бодож 7,8 сая төгрөгөөр хашаа байшин авч өгсөн. Мөн ямар ч уралдаан тэмцээний дараа өгөх ёстой хувь шагналыг нь өгдөг. Одоо манай унаач Отгонбат гээд 13 нас хүрч байгаа мундаг хүү бий. Бүр 7 настайгаасаа л морь унасан. Урьд нь морь унаж байсан хүүхдүүдээ том болохоор нь сургалтын төлбөрийг нь хариуцах, гэр оронд нь туслах гээд ахан дүүсийн холбоотой л явдаг даа.
-Баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч, цаг зав гарган ярилцсанд. Шандаст хүлгэдийн тань хийморь ивээж явах болтугай.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна