МУ-ын Алдарт уяач Г.Намсрайдорж: Хээр азарганы маань төл бүсийн наадмын түрүүг авчирсан

Тэлмэн
2013 оны 4-р сарын 02 -нд

Хоймор  нутгийн хийморилог уяачдын амтлаг хуучаас хүртээж буй “Тод магнайн зочин” булан маань энэ удаа МУ-ын Алдарт уяач Гомбожавын Намсрайдоржийн яриагаар үргэлжилж байна.  Гурав дахь үеийн уяач Г.Намсрайдорж Алдарт нэгэн үе Хөвсгөлийн наадмыг эзэгнэж явсан аатай эр. Түүний хээр азарга аймгийнхаа баяр наадамд гурвантаа түрүүлж, арав гаруй айрагдсан хурдан хүлэг. Хэдхэн хоногийн өмнө та бүхэнд  хууч дэлгэсэн Д.Зоригт Алдартын цуут бор азаргыг хоёр өнжөөсөн хүлэг бол Г.Намсрайдоржийн  хээр азарга юм. Ингээд олны үл нуршин  ярилцлагаа хүргэж байна. Таалан болгооно уу.
-Нэгэн үе аймгийнхаа баяр наадмыг эзэгнэж авсан бахархалт түүх Алдартад бий. Тэр сайхан үеийн тань дурсамжаас яриагаа эхэлье?
-Би гэдэг хүн 1975 оноос бие даан морь уяж эхэлсэн гэхээр хурдан туурттай амь амьдралаа холбоод 40-өөд жил болсон байна. Энэ хугацаанд амжилттай сайхан наадан, айраг түрүү олныг авсан наадмууд цөөнгүй бий. Тэдний нэг нь 1986 оны аймгийн баяр наадам юмуу даа. Тэр жил би хоёр түрүү, дөрвөн айраг хүртэн  зургаан насаа зургууланг нь оруулж байлаа. Зургаан насны морь хөтлөөд цоллуулж байх бас л сайхан санагддаг юм билээ.
-Ямар нас түрүүлгэсэн юм бэ?
-Азарга, соёолон хоёр түрүүлгэж, даага, шүдлэн, хязаалан, их насны морь айрагдуулсан. Эргээд анзаараад байхад соёолонгийн уяаг арай илүү тааруулаад байх шиг санагддаг юм. Уяа орохдоо амархан хэр нь алдахдаа хурдан биш байдаг  болоод тэгдэг байх. Нэг жилийн аймгийн баяр наадамд дөрвөн соёолон дараалуулан оруулж байлаа. Түнэл сумын харьяат Баярсайханы бор соёолон манай үрээнүүдийн ард тавд ирж байсан юмдаг.
-Тэгвэл анхны айргаа хүртэж өм нээгдсэн нь хэзээ вэ?
-1976 онд Мөрөн сумынхаа наадамд хээр азаргаа түрүүлгэж байлаа.
-Нөгөө алдарт бор азаргыг дийлдэг үү?
-Тиймээ. Алдарт уяач Зоригтын бор гэж манай энд босоо байсан ажнай. Түүнийг ид хурдан байхад миний хээр азарга хоёр удаа түрүүлж байлаа.
-Хээр азарга таны унаган адуу юу?
-Алаг-Эрдэнэ сумын  харьяат Авгайхүү гэж хүнээс би хавчигт нь гурван адуугаар авч байсан юм. Тухайн үед адуу сайн бол 1000 төгрөг л хүрдэг байхад би гурван морь өгөөд хазааранд нь бас нэгийг нэмж өгөөд авч байсан юмдаг. Хээр азарганы эцэг нь Сүхбаатарын зүгийн адуу байсан учраас тэгтлээ шимтсэн хэрэг л дээ. Миний хээр азарга 1976 оноос эхлээд 19 нас хүртлээ уралдан Хөвсгөл аймгийнхаа баяр наадамд гурав түрүүлж, 10 гаруй айрагдсан хурдан буян. Миний хээр азарга зөөлөн уяатай, бэлэн давхилтай адуу. Одоо үр төл нь сайхан хурдалж байна. Гадаа уяан дээр байгаа хул морь хээр азарганы маань төл. Эрүүд нь хурдалж, эм төлүүд нь хурд төрүүлдэг аргагүй л цусны хурдтай адуунууд байгаа юм.  “Хотгойдын хурд-2” хангайн бүсийн уралдаанд түрүүлсэн халиун морь гэхэд л хээр азарганы маань төлийн төл. Эх нь Тэс гүү байдаг юм.
-Засгийн газрын тогтоолт бүсийн наадамд их морь түрүүлгэсэн тэрхүү баярт мөчөө эргэн дурсаач?
-12 аймгийн морьд ирсэн гэдэг байх шүү. Их том наадам болсон. Халхын наадмыг тодорхойлж буй Сүхбаатар, Дорнодоос ч гэсэн уяачид ирсэн байсан. Тэгэхэд миний унаган морь түрүүлэх сайхан байлгүй яахав. Их насанд миний халиунаас гадна Даваанямын бор,Отгонбаярын хар мөн айрагдаж байлаа.
-Халиун морь өмнө нь ямар амжилт үзүүлж байсан бэ?
-Дааган цагаасаа уягдсан адуу. Тэр жилээ аймгийнхаа наадамд еслөөд, шүдлэндээ 13-ласан. Харин соёолондоо дөрвөлж, нас нийлсэн жилээ  аймагтаа түрүүлсэн юм. Анхны Хотгойдын хурд наадамд 14-өөр давхиад хоёр дахид нь түрүүлсэн нь тэр. 200 гаруй их насны морьд мордсон шүү дээ, тэр жил.  Ер нь миний халиун морь аймгийнхаа баяр наадамд хоёр түрүүлж, хоёр айрагдсан.
-Та өөр  ямар ямар томоохон наадмуудад морьдоо мордуулж байв?
-Өвөрхангай аймгийн Хархорин суманд болсон “Их хурд-2” уралдаанд их нас, азарга хоёртой очиж, азарга маань 30-н хэдээр, их нас 50 гаргаад давхисан. Манай аймгаас Мягмарчулуун, Даваажав бид гурав явсан юм. Том том уяачид ирсэн сүрдмээр санагдаж билээ. Түүнээс өөрөөр нэг их холдоогүй дээ. Нэгдэл нийгмийн үе байсан болохоор төлөвлөгөө норм гээд олон хоногоор явах боломжгүй. Аймгийнхаа Алаг-Эрдэнэ, Түнэл зэрэг сумдын наадамд явж наадсан. 1993 онд Түнэл сумын 40 жилийн ойд ирж наадан, хоёр түрүү, хоёр айраг хүртэж байлаа. Алдар цол аваагүй байх үеийн энэ наадам миний хамгийн бахархалт наадмуудын нэг. Тэр наадамд Хишигбат Алдартын хонгор морь түрүүлж, Цэцэрлэгийн Санжаагийн хулгар хээр айрагдаж байсан юмдаг. Харин миний азарга, даага хоёр түрүүлсэн.
-Таныг удам дамжсан уяач. Амжилттай сайхан наадаж, алдар цолонд хүрсэн нь тэдэнтэй холбоотой гэж ярих юм билээ?
-Тэгэлгүй яахав. Би гурав дахь үеийн уяач. Манай өвөө Бат гэж Завхан аймгийн Баянхайрхан сумын хүн. Нутаг усандаа хурдан хурц морьдоо давхиулж, сайхан наадчихдаг эр байсан гэдэг. Миний эцэг Гомбожав мөн аавыгаа залгамжилсан уяач хүн байсан.Аав маань Завханд төрсөн ч 1952 онд Хөвсгөлд ирээд “Сүхбаатарын алдар” нэгдэлд хонь малладаг байсан. Манай өвөө миний аав бүгд Тэс адуугаар наадаж байсан хүмүүс. Манай аавд саарал азарга, улаан азарга, буурал морь, хээр морь гээд олон хурдан хүлэг байсан ч их мориор голдуу нааддаг хүн байж билээ. Би аавынхаа уясан морийг унаж, аймгийнхаа наадмаас хоёр түрүү, нэг айраг хүртэж байлаа. Тэр үеийн наадам морьд цөөн уралддаг ч дэгтэй журамтай их сайхан болдог байсан. Миний мэдэхийн Бадамжунай, Зана, Цэдэнсамбуу, Лхамсүрэн нарын олон мундаг уяачид байж билээ. Дээр үеийн хөгшчүүл морио сайн эдлэхийг чухалчилж өвөл, хавар хурдан мориороо хөрзөн чирээд л явж байдаг байсан. Тийнхүү хөрзөн чирэх нь моринд бяр суулгадаг байж л дээ. Тэгж байгаад тавиад улсын баяраар барьж уяад “за хөлс нь задарлаа” гэнэ.Бидний үеийнхэн тэдний залгамж халаа болон морьдоо уяж сойж байна даа.
 -Та хэдэн онд ямар амжилтаар МУ-ын Алдарт уяач цолыг хүртэж байсан бэ?
-Би аймгийн баяр наадмын амжилтаар улсын цол өгч байх үеийн Алдарт уяач. 2001 онд тэр үеийн ММСУХ-ны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнээс МУ-ын Алдарт уяач цолоо гардан авч байлаа. Би Хөвсгөл аймгаас төрсөн найм дахь улсын Алдарт уяач цолтон. Тэр үедээ аймгийн баяр наадмын найман түрүү, 46 айргаар энэхүү цолоо авч байсан. Түүнээс хойш бүсийн наадмын нэг түрүү, аймгийн наадмын 10 гаруй түрүү айраг авсан.
-Таныг сайн уяачаас гадна морио сайхан эдэлдэг. Уран уургач бугуйлчийн тэмцээнд аймгаа төлөөлөн оролцож  байсан гэж сонссон юм байна?
-Хурдан морийг жилийн дөрвөн улирлын туршид унаж эдлэх ёстой гэж би боддог. Түүнийгээ ч амьдрал дээрээ хэрэгжүүлдэг хүн. Хамгийн гол нь морио сэвтүүлэхгүй зөв унах нь чухал. Тэр ч үүднээсээ морь их унана. Морь унадаг хүн, эмнэг сургалгүй яахав. Биднийг залууд 16 эмнэг сурга гээд цаанаасаа норм өгчихдөг. Түүнийг нь биелүүлдэг байсан учраас миний үеийнхэн ихэнх нь эмнэг сургадаг байсан даа. Би уран уургач, бугуйлчийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож наймдугаар байранд орсон.
-Алдартын уяаны эрдмийг залган уяа эвлүүлж буй хүн бий юу?
-Манайх дөрвөн бандитай, дөрвүүлээ л морь уяна. Одоогоор цол зэрэгт хүрсэн хүн алга гэхдээ аюулын сайн уяад байх шиг санагддаг юм. Энд тэндээс адуу авчирч буй ч унаган голдуу адуугаараа наадаж айраг түрүү аваад байгааг нь би дотроо тоодог юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.Хурдан тууртын босоо цагаан хийморьт үе улиран адислагдаж явах болтугай.

А.Тэлмэн


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна