МХХЗМГХолбооны ерөнхийлөгч Л.Балдан-Очир: Бүсийн наадамд соёолон айрагдуулж өмтэй сайхан наадлаа

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 28 -нд

-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Хэзээнээс эхэлж хурдан хүлгийн тоосонд орох болов оо?
-Хурдан морь сонирхогч, уяачдын унших дуртай, энэ сайхан хийморилог сэтгүүлийн “Хобби” буланд оролцуулж байгаа та бүхэнд ч гэсэн баярлалаа.Би Завхан аймгийн Яруу сумандаа 1975 он хүртэл бага насаа өнгөрөөсөн.Тэр үеэс хойш одоог хүртэл Улаанбаатар хотод амьдарч байна. Багадаа айлуудын хурдны морь унадаг л хүүхэд байлаа. Манай ээжийн аав Дамдин гэж хүн байсан. Энэ өвөө маань надад нэг хээр морь бэлэглэж тэрийгээ сумынхаа наадамд 2 жил унаж моринд илүү хайртай болсон доо. Айраг түрүү авч сүйд болоод байхгүй ч 10 дотор л давхиулдаг байсан.Тэгэхээр морьтой багаасаа холбогдсон гэж хэлж болно.Яахав ажил төрлийн шаардлагаас болоод нэг хэсэг хөндийрсөн.1980 онд Барилгын техникумыг төгсөөд Зүүнбаянд хуваарилагдан цэргийн анги дамжин ажиллаж байсан болохоор ямар юмных нь морь мал болохов.Тэгээд 1998 оноос улсын баяр наадмын морины комиссын бүрэлдэхүүнд орж ажиллах завшаан тохиосон юм. Тэрнээс  хойш тасралтгүй наадмын морины коммисст ажиллаж байна.Эндээс л мориндоо хөтлөгдөж, морио уяж, морио хайрлах хүсэл маань сэдэрсэн дээ.
-Моринд бол шинэ хүн биш юм байна.Таны адууны цөм өөрийн тань унаган адуу байна уу ?
-1998 онд Завханд сүрхий зуд болоод аав ээж хоёр маань хамаг малаа бардаг юм. Тэр зуднаар аавын нэг хээр гүү, хээр азарга хоёр үлдсэн. Тэр азарга, гүү хоёроо нааш нь авчруулаад эндээс ганц хоёр гүү аваад өөрийн гэсэн адуутай болсон. Манай төрсөн дүүгийнх ч гэсэн  тэр зуднаар хэдэн малаа алдаад цөөхөн тооны хонь ямаатай энд нүүж ирсэн юм. Тэгээд дүүгээ Баянцогтод малтай нь байршуулаад ааваас ирсэн хээр азаргандаа хоёр гурван гүү хураалгаад дүүгээрээ маллуулж эхэлсэн. Үндсэндээ аавынхаа адууг суурь болгоод хэдэн адуутай болж байгаа маань энэ.
-Хаана хаанаас адуу цуглуулсан бэ?
-Мориндоо эргэж орж байхдаа Сүхбаатараас нэг хязаалан үрээ аваад  азарга тавьсан. Тэр азарга маань хурдан ч буян, гайгүй сайн ч үр төл өгсөн.Ер миний адууг Сүхбаатар, Хэнтий чиглэлийн адуунууд голчлон бүрдүүлж байна.
-Төрийн их ажилтай хүнд цаг хугацаа бага л байдаг байх. Морио хэнээр уяулж байгаа вэ?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ ажлаа цалгардуулахгүйгээр яаж ийж байгаад л хэдэн морьддоо цаг гаргаад оччихдог. 1998 онд морио уяж эхэлж байх даа Төв аймгийн Алдарт уяач Алтангадастай хамтран уяж 4-5 жил болсон.Одоо нөгөө төрсөн дүү маань морьдын уяаг тааруулж байгаа. Улсын наадмын өмнөх 3 дахь сунгаанаас эхлээд Тод манлай уяач Аюуштай нийлдэг. Гэмгүй сайхан нөхөрлөдөг болохоор Ааяаагаасаа зөвлөгөө авдаг юм. Зун Сэлэнгэ рүү явахдаа Алдарт уяач Цэнд-Аюуш, Манлай уяач Эрдэнэгэрэл бид нар нэг гал болж явсан. Тэр сайхан хүмүүстэй ганзага нийлж явсандаа баярладаг юм.
-Унаган адуугаараа наадаж байна уу ?
-Улсад 33-аар ирж байсан хээр соёолон  Завханаас ирсэн хээр азарганы маань удамтай унаган адуу маань байгаа юм. Эхний хэдэн жил бол цуглуулсан адуугаараа наадаж байсан. Харин сүүлийн жилүүдэд уралдуулж байгаа хэд нь бүгд унаган адуунууд болчихсон байна л даа.
-Өнөө жил Сэлэнгийн бүсийн уралдаанд  аман хүзүүдүүлсэн халзан соёолонгийнхоо удам угшлын талаар нарийн яривал ?
-За энэ жил өнгөтэй сайхан байж бүсийн уралдаанд соёолон аман хүзүүдүүллээ. Халзан соёолон маань Хэнтийн аймгийн Баян-Адарга зүгийн угшилтай адуу. Шүдлэн үрээ байхад нь Баян-Адарга сумын М.Дорж гэж найз маань надад бараг бэлгэнд өгсөн. Харамгүй сэтгэл гаргаж сайхан хурдан буянаа бэлэглэсэн найздаа их баярладаг.Улсын наадамд 14-өөр давхиад, төвийн бүсийн уралдаанд аман хүзүүллээ. Найман аймгийн 64 сумын Халхын довтой хурдан хүлгүүд ирж уралдсан сайхан наадам болж өндөрлөсөн.
-Өмнө нь яаж хурдалж байсан бэ ?
-Даагандаа 2 сумын наадмаас айраг авсан. Шүдлэндээ нэг сумын наадамд түрүүлсэн. Бага наснаасаа л давхисан хурдан буян байгаа юм. Над дээр ирэхдээ 5 медальтай байсан шүү. Өнөө жил ч гэсэн уяа нь их сайхан байсан.Сунгаануудад ер нь л өнгөлж байсан.
-Халзан үрээ бүсийн наадмаас хойш жижиг уралдаануудад уралдсан уу ?
-Үгүй ээ. Сэлэнгээс ирээд л тавьчихсан. Ах нь жижиг уралдаануудад морьдоо уралдуулаад байхыг чухалчилдаггүй. Адуугаа хайрлаад хөл гарыг нь бэртээчих вий дээ гэж бодоод байдаг. Нөгөө талаар халзан үрээний маань давхил газрын холд л гардаг. Ойрхон зайд нээх сайн давхидаггүй юм. Газар хол л байх тусам өнгөлөөд гараад ирдэг нэхэж уралддаг адуу л даа. Гараа жаахан тааруухан 5 км гарантай яваад бие нь сайхан халаад ирхээрээ ухрана гэж байхгүй урагшаа л зүтгэнэ шүү дээ.Яахав адуугаа онгойлгох журмаар өвөл болдог жижиг уралдаануудад ганц нэг явуулчихдаг юм.
-Энэ жил хичнээн насанд хэдэн морь уясан бэ ?
-Улсын наадамд гурван насны морь уясан. Бүсийн наадамд хоёрыг авч явсан. Өөрийн унаган хээр хязаалангаа цуг авч явсан. Сэлэнгийн бүсийн наадмаас 4 хоногийн өмнө уяачдын баяр гэж болж хээр хязаалан маань гурвалсан. Сэлэнгийн наадамд очиход хүмүүс халзан үрээг тоохгүй харин хээр үрээг л гарцаагүй айрагдана гээд байсан. Хоолыг нь жаахан ихдүүлчихсэн байх.Хөлөрч өгөхгүй байсаар 19-т ирсэн. Ер нь сайхан хурдан буян байгаа юм.
-Ерөнхийдөө уяачид маань морьдоо тэжээлд нь оруулаад бага багаар ажил хийгээд эхэлчихлээ.Таны хувьд морьдоо хаана тэжээж байна.Түүхт ойгоороо хичнээн насны морьд уях төлөвлөгөөтэй байгаа вэ ?
-Ер нь тэгж байгаа байх шүү. Ах нь нааш оруулж ирдэггүй Баянцогтод байгаа дүү дээрээ л байлгадаг юм. Морьдоо  тэжээлд оруулчихсан байгаа.Бусад адуугаа Залуучууд руу отроор явуулчихсан. Цаг уур, морьдын байдал ямар байхаас шалтгаална даа. Миний зүгээс шалтгаалаад байх юм байхгүй  дааганаас бусдыг нь уях бодолтой байгаа.
-Шинэ Монгол адуу хэмээх нэр томъёо гараад багагүй хугацаа өнгөрч байна.Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ ?
-Энэ бол нэг ёсны хөгжил л дөө. Гэхдээ  цэвэр цусны адуу Монгол адуу хоёрыг хольж уралдуулах дэмий юм болов уу гэж боддог. Аль аль нь дангаараа уралдах нь л зөв. Надад цэвэр , эрлийз адуу байхгүй л дээ. Нэг цэвэр цусны азарга юмуу гүү оруулж ирээд азарганд нь Монгол гүү хураалгаад, гүүнд нь Монгол азарга тавиад төлийг нь гаргаад ирж байгаа юм.Тэгэхээр тэр адууг цэвэр гэж хэлэхэд хэцүү.Монголд төрсөн нь үнэн, Монгол эхтэй ч юмуу, эцэгтэй нь үнэн. Яаж ч чадахгүй болчихоод байгаа юм л даа. Ер нь одоогийн мөрдөөд байгаа баяр наадмын дүрэм, журамд өөрчлөлт оруулах цаг нь болсон гэж бодож байгаа.
-Хөрөнгө мөнгө, цаг заваа зарцуулаад адууныхаа цусыг сэлбэж, жинхэнэ спортын чиглэлийн уралдаанч адуу гаргаж авч байгаа тэдгээр хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэхгүй байхын аргагүй биз дээ?
-Харин тийм зовлон байгаад байгаа юм.Би өөрөө морины коммисст байдаг хүний хувьд наад асуудлыг чинь мэдэрсэн л дээ. Өчнөөн төчнөөн мөнгө төгрөг зарцуулж, маш их хөдөлмөрлөж  байж энэ ажлыг чинь хийдэг юм байна лээ. Цус сэлбээд байгаа нь зөв. Харин уралдах тал дээр л ялгаад өгчихмөөр байгаа юм.Шинэ монгол адуугаа тусд нь уралдуулаад улсын баяр наадмын хэмжээний бай шагнал, цол хэргэмийг нь өгдөг ч юмуу зохицуулалт хийх хэрэгтэй байх гэж бодоод байгаа. Тэр хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэх үнэлэмж байх ёстой. Монгол адууны цусыг сайжруулах тал дээр их юм хийж байгаа хүмүүс байна ш дээ.
-Уяаны үеэр баримталдаг дэг жаяг гэж байдаг. Эндээс харахад морийг дагаад Монгол үндэсний сайхан уламжлал хадгалагдаад яваад байна л даа?
-Өө тэгэлгүй яахав.Манай өвөг дээдэс морийг зарим нэг ёс заншилтайгаа сайхан холбож үлдээсэн байна л даа. Наад зах нь уяаны үеэр ах захаа хүндлэх, элдэв муу зүйл ороолцолдохгүй байх гээд нарийн жаяг байна.
Амьдрал дээр  харж байхад их хортой шартай,атаа жөтөөтэй хүний адуу сайн давхидаггүй юм болов уу гэсэн бодол төрөөд байдаг. Морины эзэн, хүүхэд, морь гурвын сайн сайхан бүх юм нь нийлж байж морь хурдан давхидаг.
Тэгэхээр морины эзэн хүн, уяач хүн биеэрээ ч сэтгэлээрээ ч ариун, дөлгөөн, амгалан байх хэрэгтэй л дээ. Хүний адуу сайхан давхиад ирэхэд өөрийн юм шиг баярлаад “за болж дээ муу найзынх минь, ахынх минь, дүүгийнх минь” гээд ерөөгөөд л явж байх нь зүйтэй. Ер нь манай буурлууд маань ийм л байсан. Бид ч ийм л байх ёстой.
-Орчин үед  уяач, хүүхэд, морь гурваас гадна хамт олон, ар гэрийн хүмүүсийн хийморь лундаа нийлж байж морь нь хурдалдаг болсон юм шиг?
-За их сайхан асуулт байна.Яг үнэн шүү. Манай хамт олон намайг их сайхан дэмждэг л дээ. Намайг дагаад бүгд моринд хайртай,дуртай болчихсон.Наадам дөхөхөөр л манай хэд чинь за наад ажил төрлөө хурдхан зохицуулчихаад морьд дээрээ оч. Бид нар ард байгаа ажлыг чинь дуусгачихая л гэнэ шүү дээ. Би хэлтэстээ нэг саарал үрээ бэлэглэсэн юм.Тэгсэн манай дүүгийн хүүхэд тэр үрээг намайг эзгүй хойгуур Нөхөрлөлд очиж уралдуулаад 12-оор давхиулчихсан байгаа юм. Манай хэлтсийн дарга Мөнхжаргал  намайг их дэмжинээ. Манай хамт олон жил болгон наадмын дараа манайд очдог юм. Хамт олондоо их баярладаг. Эхнэр маань эхлээд “юуны чинь морь мал чи хүүхэд бид хоёрыг малаас дор үздэг” гээд ойлгодоггүй байсан.Одоо бол тийм юм байхгүй. Эхнэр охин хоёртойгоо морь дагахаар цонхоо онгойлгочихоод “яваач ээ, давхиач ээ” гээд л орилолдоод л байна шүү дээ.
-Завхан аймгийн Яруу сумынхан сүүлийн үед морь сайн уяад байнаа даа ?
-инээв. Магнай халтарын Баянжаргал, Их монгол 800-аар төрийнхөө наадамд азарга айрагдуулсан Ч.Эрдэнэбат бид гурвыг хэлж байх шиг байна. 2004 онд манай сумын 80-н жилийн ой болоод эндээс бид гурав зургаа зургаа насны морьдтой нутагтаа очиж байсан юм. Нутгийн дов  хатуу байдаг юм байна лээ.Бид  тэр наадмаас гурвуулаа айраг авч чадаагүй. Их сандарсан шүү.Аюултай юм байна лээ. инээвЕр нь хол газар морь ачиж очоод уралдуулна гэдэг хэцүү. Манайх чинь эндээс 1000 км.Яваад очсон чинь морьд маань хоол ундандаа дасч өгөхгүй олигтой давхиагүй. Би тэрнээс хойш хэзээч морийг хол ачиж явж уралдахгүй гэж амласан.Тэр наадмаас харин манай Ч.Эрдэнэбатын дүү Энхболд гэж залуу соёолон айрагдуулсан. Одоо Ч.Эрдэнэбаттайгаа айлсаад л морио уяад явж байна даа. Баянжаргал, Эрдэнэбат хоёртоо их баярлаж явдаг.Энэ хоёр чинь намайг бодвол Улсын наадам, Их хурд гээд томоохон уралдаануудаас айраг авчихсан хүмүүс.Энэ хоёрыгоо улам сайхан амжилт гаргаасай гэж бодож явдаг.Тэр хоёр маань ч “одоо чиний ээлж шүү” гэж тоглож наадаад явж байдаг даа.
-Энэ хугацаанд ямар ямар амжилт үзүүлсэн байна вэ ?
-Улсын наадамд морь айрагдуулж үзээгүй ээ.Бусад наадмуудаас нь сайхан айраг түрүү аваад л явдаг. Хээр соёолон маань улсад 33-аар давхиж байсан. Хүрэн халзан морь маань Багануурт болсон Бага хэнтийн бүсийн өвлийн уралдаанд 3 удаа айрагдсан.Багахангай дүүргийн 10 жилийн ойгоор хээр соёолон маань түрүүлж байсан.За мөн алаг азарганы маань амжилтууд гээд нэмэхээр бүс, аймаг, сумын наадмаас 13 айраг түрүү авсан байна.
-Бүс, аймаг, сумын 13 айраг түрүү гэхээр аймгийн Алдарт уяач цолны болзол хангачихсан юм байна.Энэ улсын цол олгож байгаа дүрэм журмыг өөрчлөх цаг нь болсон юм шиг ?
-Аймгийн Алдартын болзолыг хангачихсан юм билээ. Завхан аймгийн уяачдын холбооны удирдлагууд маань бүх бичиг баримтыг минь аваад явсан.Хурдан морины коммисст байдаг хүний хувьд цол олгох дүрэмд өөрчлөлт хийх ёстой гэж боддог. Манай коммисынхон ч ярьж хэлэлцсэн зүйл байгаа. Өнгөрсөн өвөл энэ асуудлыг хэлэлцэх гээд цаг хугацааны хувьд давчуу болоод хэлэлцэж чадаагүй. Нарийн бичгийн дарга Самданжамц маань энэ асуудал дээр их нухацтай хандаж байгаа л даа.
-Морь мал сонирхоод ирэхээр эдэлж хэрэглэж байгаа зүйл нь хүртэл үндэсний болоод ирдэг. Таны хувьд энэ тал дээр хэр анхаардаг вэ ?
-Тэр үнэн шүү. Би ч нээх үнэтэй цайтай юм цуглуулаад байгаа юм алга л байна.Яваандаа гайгүй юмтай болох юмсан гэсэн бодолтой байгаа. Морь мал олон жил дагасан хөгшчүүл гэрт нэг эмээл байхад зүгээр гэж ярьдаг юм. Энэ ч утгаараа жижгэвтэр эмээл, хазаар төхөөрөөд тавьчихсан байгаа. Хотонгийн хошуугаар хийсэн хусууртай болох гээд амжихгүй л байна.Машиндаа бол байнга хусууртай явдаг шүү. Морьдоо хусчихаад, хөлсийг нь нэг долоочихоод дунд хайрцгандаа хийчихдэг юм.
-Х.Баянмөнх аваргатай барьцалдаж бас барилдаж байсан гэв үү ?
-инээв.2004 оны улсын наадмын өмнө алаг азарга маань Гачууртын наадамд аман хүзүүлж Баянаа аваргын халтар азарга түрүүлдэг юм.Тэгэхэд нэг шарга азарга миний алаг азарганы ар дээр гурвалсан юм. Зурхай дээр алаг азарга маань шарга азарганаас хошуу өлгөөд түрүүлээд орчихсон юм л даа.Тэгээд цоллуулах болсон чинь Баянаа аварга нөгөө шарга азаргыг аман хүзүүнд барьж зогсчихоод хөдөлдөггүй.Тэгэхээр нь би аваргатай ам зөрөн байж нөгөө азаргыг нь түлхсээр байгаад хойш нь гаргаад алаг азаргаа оруулж цоллуулсан. Тэрнээс миний аваргатай барилдаж, барьцалдаж авна гэж юу байхав. Дараа нь нэг таараад хэлсэн чинь “өө нээрээ тэгсэн билүү. Тэр нөхөр чи яг мөн байна ш дээ” гээд хөхөрч байсан.
-Алаг азарганы угшил хаанахын вэ ?
-Сүхбаатар аймгийн Мөнххааны адуу.Энэ  алаг азарга надад ирэх гэж ирсэн адуу. Манай гэр Сансарт байсан юм. Гэрээсээ гараад ажил руугаа явж байсан чинь Чингис зочид буудлын урд талын саадан дотор нэг алаг адуу унасан хүн л эргэлдээд яваад байх юм. Би ажилдаа явж байсан болохоор “ ямар хөөрхөн үрээ вэ” гэсэн юм бодоод хараад л өнгөрлөө.Тэгээд ажлаа тараад  буцаад явж байсан чинь нөгөөх чинь байж байх юм. Моринд дуртай хүн чинь тэсэлгүй яваад очлоо.Очоод “миний дүү энэ ямар учиртай адуу болоод энд байлгаад байгаа юм” гээд асуусан чинь “Сүхбаатар аймгийн Мөнххаанаас ирсэн хязаалан үрээ байгаа юмаа ахаа. Зарах гэж авчирсан юм” гэж байна.Тэгээд л над дээр ирсэн дээ.
-Зургийг нь хараад байхад Баадуу угшлын адуутай  төстэй л харагдаад байна даа ?
-Яг үнэн.Дээд тал нь Баадуу адуу гэж надад хэлсэн. Миний дүү зөв харсан байна.Авахдаа баахан шалгасаан.Одоо жанжин штабын дарга Бямбажав  генерал бид хоёр найзууд л даа.Бямбажавыгаа дуудаж ирүүлээд нөгөө залуугаа мордуулаад баахан давхиулж үзлээ. Тэгээд манай хүн авчих авчих гэхээр нь л авчихсан даа.Сайхан хурдан буян заяагдсан шүү.Төлөөс нь гайгүй хурдлах шинжтэй юм билээ. Хамгийн том нь соёолон үрээ байгаа.Тэр нь надад биш манай Эрдэнэбатад байдаг.Төлийг нь сайн авч чадахгүй үрэгдүүлчихээд байх юм. Гэхдээ одоо нэг шүдлэн үрээ байгаа түрүү жил аятайхан давхиад байсан. Охин төлүүд нь бол байгаа шүү.
-Та энэ их ажлын хажуугаар Монголын хэт холын зайн марофон гүйлтийн холбооны ерөнхийлөгчийн албыг хашдаг. Холбооныхоо талаар уншигчдад маань танилцуулахгүй юу?
-Эхлээд гүйлт чийрэгжүүлэлтийн жижиг клубыг удирдаж байгаад түрүү жилээс МХХЗМГХолбооны ерөнхийлөгч болсон. Манайх  дэлхийн хэт холын зайн марофон гүйлтийн холбоонд албан ёсоор элсэн орж үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрдөг намар улсынхаа аваргын тэмцээнийг Багахангайд, клубынхээ тэмцээнийг хавар 5 сард төв цэнгэлдэхэд хийсэн. Морь хүн хоёрыг зэрэгцүүлээд уяж байна шүү дээ.инээв Энэ ажлыг би бяртай чадалтай даа хийгээд байгаа юм биш.Өөрийнхөө доор 9-н дэд тэргүүнтэй. Найз нөхөд, ажил үйлс нь өөдрөг яваа  компаний захирлуудыг оруулчихсан.Тэмцээн хийхээрээ тэд нараасаа төсвөө гаргуулаад хийчихдэг. Ашиг сонирхол харалгүй хийж байгаа ажил л даа. Спортод хайртай, спортоор хичээллэдэг тэр олон хүмүүсийг баярлуулчих юмсан л гэж зорьж хийдэг.
Өнгөрсөн жил л гэхэд 12 аймгийн 600 гаруй тамирчид ирж оролцсон ш дээ. МХХЗМГХолбооныхоо анхны улсын аваргыг хийхэд манай тамирчид 25 км тойргийг 4 удаа тойрч уралдсан.Өмнө тогтоож байсан улсынхаа рекордыг 2 цаг 30 минутаар эвдлээ.Бас нэг нь Солонгост тэмцээнд яваад хүрэл медаль авчирсан.Нэг тамирчин маань Азийн аваргаас бас хүрэл медальтай ирсэн. Байгуулагдаад удаагүй ч сайхан амжилт гаргасан. Энэ бүх ажлыг маань Дэлхийн холбоо үнэлээд ирэх жилээс манай улсыг Б зэрэглэлдээ оруулахаар болсон. Энэ нь олон улсын чанартай уралдаан тэмцээн хийх зөвшөөрөлтэй ангилал л даа.Дээр нь спортын хэрэглэлээр хангаж, ерөнхийлөгчийг нь цалинжуулах юм билээ. Энэ бол том амжилт. Миний нэр гарахгүй ш дээ. Монгол улсын нэр гарч байгаа байхгүй юу. Тиймдээ ч энэ ажлаараа ах нь их бахархаж явдаг. Монгол улс бол энэ төрөлд амжилт гаргах боломж байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Унаган бүхэн тань босоо төрж, уясан болгон нь хурдлах болтугай.

"Тод магнай" сэтгүүл дугаар №11

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна