“Булган мээж“ ХХК-ийн захирал Ч.Жаргалсайхан: Цэрэгт байхдаа Алдарт уяач Маар гуайгаар адуу уяхыг заалгаж байлаа

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 28 -нд

Аймгийнхаа уяачдын холбооны тэргүүлэгчээр нэлээд олон жил ажилласан юм байна. Хэзээнээс хурдан морь сонирхох болсон юм бэ?
- Булган аймагт уяачдын холбоо байгуулагдахад л тэргүүлэгчээр нь сонгогдсон. Тэгэхээр 10 гаруй жил энэ албыг хашиж байна уу даа.  Морь мал сонирхох болсон нь бол тэрнээс зөндөө өмнө юм. Энд нэг сонин түүх яръя л даа. 1986 онд юм байна. Цэрэгт байхдаа МУ-ын Алдарт уяач Маар гуайг дагаж нэг жил морь уях завшаан тохиосон юм. Ардын хувьсгалын 65 жилийн ойгоор хилийн цэргийн “Хүч” нийгэмлэг байгуулагдаж Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, заан Бямбадорж нарын олон бөчхүүдтэй боллоо. Түүнээсээ гадна морь уралдуулъя гээд ар тал хангалтын дарга  цэргийн ангиудаар явж морь худалдаж авдаг юмаа. Тэгээд хөдөө мал дээр гаргачихаар ямар нэг зөрчил гаргаад дэггүйтээд байхааргүй цэргүүдийг судла гэсэн үүрэг өгч л дээ. Тэгээд миний бие “Хүч” нийгэмлэгийн адууг хариуцаж, Төв аймгийн Сэргэлэн сумын Долоон гэдэг газар нутаглан Алдарт уяач Маар болон Од гуай хоёр уяхаар боллоо. Тэр үед армийн нэр дээр хонгор азарга, бас нэг хүрэн шүдлэн уягддаг юмаа. Хүрэн шүдлэн нь ХААИС-ийн лабораторийн азарганы төл. Адуу малтай нийлэлгүй их сургуулийн хашаанд өссөн үрээ байсан л даа. Тэгээд орой адуутай туучихаар маргааш өглөө нь хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болчихно. Би нутаг сайн мэдэхгүйг хэлэх үү хайх гэж бөөн юм болж байгаад нэг юм олоод ирнэ. Тэгсээр байж нэг юм 7-р сарын 8-ны их сунгаан хүргэдэг юм. Хүрэн үрээ алга болчихдог л болохоос биш уг нь их хурдан л даа. Улсын наадмын өмнө Сэргэлэн суманд уралдаад аман хүзүүдсэн. Ерөнхийдөө гайгүй давхих нь дээ л гэж бодож байлаа.
-Тэгсэн сэтгэлд тань хүрээгүй юм  уу?
-Үгүй ээ үгүй харин ч сайн давхисан. Тэр жил 200-гаад шүдлэн мордоход нөгөөх чинь долоогоор давхисан. Морьд гарахаас өмнө манай  улс төрийн товчооны дарга Ишдорж генерал ирээд ”үрээ чинь яаж давхихаар байна” гэхээр нь “40,50-иар  л ирэх байх” гэлээ. Тэгсэн “сайн байна” гэсэн. Эхний жил энэ хэмжээний амжилт болно гэж бодож байсан байх. Бүр намайг үрээ чинь тэгж ирвэл шагнанаа гэсэн. Нээрэн маргааш нь очсон байг нь аваад шагналынх нь мөнгийг  надад өгсөн. Тэр надад маш их урам зориг өгсөн шүү. Одоо хүртэл санаанд минь хадгалаатай байдаг даа.
-Тэгээд л моринд дурлах болсон юм уу?
-Яг ч тийм биш юмаа. Би Архангай аймгийн Өлзийт сумынх. Буурлууд маань эрт дээр үеэс адууныхаа угшлыг сайжруулан хадгалж ирсэн учраас манай нутаг гайгүй хурдтай. Ойролцоох сумдынхаа наадмуудыг нь ер нь авчих гээд байдаг юм шүү. Зарим хүмүүс өөлдүүдийн морь их хурдан, хэзээ нэгэн цагт нутаг морьдоо базааж байгаарай гэж Галданбошигт нь захисан гэж тоглоом шоглоом болгодог л юм. Миний бага нас малын дэргэд өнгөрсөн ч манайх хурдан морьд уядаггүй. Харин ойр хавьд морь мал уяж байгаа уяачдын морийг унадаг байсан. Цавьдар  соёолон сумынхаа наадамд айрагдуулж байсан. Бидний үеийн хөдөөний хүүхэд гэдэг амралт чөлөөт цагаа моринд л зориулдаг байж дээ. Багын адуунд дуртай зан буюу одоогийнхоор бол хобби маань цэрэгт очсон хойноо сэдэрч уяач болох эхлэл тавигдсан.
-Хожуу ч гэсэн арваад жил өнгөрчихөж. Өнгөрсөн хугацаанд ямар амжилттай наадав?
-Аймагтаа болон сумын наадмуудад л наадаж байна даа. Ажил ихтэй учраас одоохондоо улс, бүсийн наадмуудад явж амжихгүй л байна. Энэ жил гэхэд сум аймгийнхаа наадмаас  гурван түрүү, нэлээн хэдэн айраг авсан. Нэг хэсэг ажлын шаардлагаар хотод амьдарсан л даа. Тэр үедээ Хэнтий, Сүхбаатараар явж морь мал үзэж, уяаны  арга барилаас суралцсан.  Түүнээс гадна Энхтайван, Батсайхан, Доржсүрэн нарын олон сайн уяачтай нөхөрлөсөн. Тэр бүхнээ нутаг орондоо нэвтрүүлэх юмсан гэж зорьж байна. Хөдөөгийн бидний уяаны арга барил яалт ч үгүй учир дутагдалтай байдаг нь ажиглагддаг л даа. Бид өнгөрсөн жил нэг уяач авчирч арга туршлагаас нь хуваалцаж байгаа. Тэрний үр дүн гарч энэ зун манай сумын Засаг дарга, ИТХ-ын дарга хоёр аймагтаа  их сайхан наадаж олон айраг түрүү авсан. Ер нь хичээгээд байвал болохгүй юм байхгүй юм байна гэж ярьж байгаа.
-Та хаанаас адуу авав?
-Хэнтийн  Баян-Адаргаас  авсан  гүүний төл энэ жил даагандаа  аймгийн болон хойд бүсийн наадамд түрүүллээ. Унаган адуу айрагдана гэдэг их сайхан юм байна. Түүнээс гадна энд тэндээс авчирсан хэдэн үрээ маань өнгөрсөн хавар хийсэн холбооны наадамд айрагдсан. Ер нь энэ жил ах нь сайхан наадсан. Өөрөө сайхан наадаж байна гээд сэтгэл ханах бус бололцооныхоо хэрээр нутаг орныхоо адууг сайжруулахад нэмэр болох юмсан гэж боддог. Ганц би ч биш манайхан ер нь тийм л бодолтой байдаг. Нэг нь яваад нэг азарга, гүү аваад ирлээ гэхэд эхний үрээнээс нь бусаддаа өгч цус сэлбэх жишээтэй.
- Энэ жилийн бүсийн наадмуудад Булганы уяачид ямар амжилттай оролцсон бэ?
-Бүсийн уралдаандуудад манайхан нэлээд ач холбогдол өгч зохион байгуулалттай оролцсон. Дүнжингаравын хурдад очиход манай уяачдыг маань Мэндээ захирал их сайхан хүлээн авсан. Зуны бүсийн наадмуудаас Хөвсгөл рүү хоёр галын морьд очиж уралдсан. Дажгүй сайхан давхицгаасан байна лээ. Ер нь томоохон наадмуудад оролцоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Орон нутагтаа жилдээ хичнээн уралдаан хийж байгаа вэ?
-Өнгөрсөн жил аймгийн уяачдын холбоо, сумын уяачдын холбоо, бүс гээд долоо найман уралдаан хийсэн. Ер нь цаашид байгаль цаг агаарын байдлаа харж байгаад уралдааны тоогоо олшруулах бодолтой байгаа.
-Аймаг орон нутгийн чинь хүлгэд айрагдаж, түрүүлэх тэр баяртай мөчид дахин уулзъя. Ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Энэ хүртэл ирж жирийн нэгэн морь  сонирхогч, уяачийн үзэл бодлыг хуваалцаж байгаад.  “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад Булганчууддаа өвлийн бэлтгэлээ сайн хангаж, аймаг сумынхаа уяачдын холбоотойгоо хамтран ажиллаж ирэх жилийн томоохон чанартай наадмуудад амжилттай оролцохыг хүсье.

"Тод магнай" сэтгүүл дугаар №9

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна