Аймгийн Алдарт уяач Л.Өвгөнхүү: Манайхан цоохор адуунд дуртай болохоор ургийн овгоо “Алаг морьт” гэж авсан

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 22 -нд

-Таны хурдан морьтой холбогдох болсон түүхээс яриагаа эхэлье?
-Моринд орохын эхлэлийг нагац ах маань тавьсан гэж болно. Миний ах Намхай олон сайхан хурдан алаг морьтой, нутаг орондоо нэртэй уяач явлаа. Нутгийнхан бол алаг морьт Намхай, сахал Намхай л гэлцдэгсэн. Нэгэн үе аймгийн наадамд ахын алаг аман хүзүүдэж, Мааманхүүгийн саарал түрүүлнэ, ёс юм шиг гээч. Ах маань унаган адуугаараа л нааддаг хүн. Шийр цагаан, Мөнгөн ширээ гэхчилэн их олон хурдан алаг адуутай. Шийрцагааныг Таванжин, Мөнгөнширээг би унаж уралддаг байлаа. Ингэж л ахынхаа уясан морийг унаж уралдаж эхлээд хожмоо моринд орсон хүн дээ. Мориноос хасагдаад ирэхийн үедээ морь тавьдаг, хөлсөлдөг ажилд  шилжсэн. Ингээд 18 настайдаа ахынхаа заавраар анх удаа морь уялаа. Тэр жилээ ахтайгаа Дундговийн Өлзийт сумын наадамд очиж, уясан морио айрагдуулсан нь залуу хүүгийн сэтгэлд урмын гал нэмсэн юм даа. Түүнээс хойш олон жил хурдан морьдынхоо хийморьт сүслэн сэтгэл өөдрөг амьдарч байна. Ах маань 1981 онд бурхан болсон. Уяаны эрдмийн анхны шанг татсан хүн дээ, их ч юм сурсан. Одоо ч нас яваад залгамж халаа болсон үр хүүхдүүд маань уяаны ажлыг маань үргэлжлүүлж байна. Миний хүү Ганзориг Баян-Овоод нэг ухаа үрээгээ түрүүлгэж, аймагт аман хүзүүдүүлсэн. Бас сумандаа нэг айрагтай. Гараа сайн бол бариа сайн гэдэг дээ. Адууныхаа цусыг сайжруулахаар Дорнод Сүхбаатараас бас азарга авчирсан. Өөрөө дуртай юм болохоор амжилт гаргана гэдэгт нь итгэлтэй байгаа.
-Нагац ахыг тань алаг морьт Намхай гэлцдэг гэлээ. Таныг ч бас цоохор мориор тань анддаггүй бололтой?
-Тиймээ, манай нутгийнхан цоохор азаргаар маань андахгүй. Өвөрхангай аймгийн Уянга сумаас авсан юм. Надад ирээд сумандаа хоёр, гурван удаа айрагдсан. Одоо ч хөөрхий арав гаргаад л ирдэг болж дээ. Би ер нь цоохор адуунд их дуртай. Миний цоохор азарганаас дөрвөн цоохор унага гарсан. Нэгийг нь Жанчивын хүү аваад азарга тавьсан байгаа. Үлдсэн гурван нь надад бий. Одоо ч нэг цоохор морь сэтэрлэчихээд байна. Түүний эцэг хар цоохор азарга маань даага, шүдлэн, хязааландаа сумандаа айрагдаж байсан, бас л хурдан ажнай. Өвөрхангайгаас ирсэн исгэл даагыг тугалтай үхрээр сольж авч байлаа. Би чинь Номгон сумынхаа даргын жолоочийг 10 жил хийсэн хүн. Нэг удаа даргатай хөдөө явж байгаад анх хараад авсан юм. Нийт 40 гаруй жил жолоо мушгиж, “Онц тээвэрчин” цолтой тэтгэвэртээ гарсан. Ер нь манайхан удмаараа алаг, цоохор зүсмийн адуутай айл. Тиймдээ ч манайхан “Алаг морьт” ургийн овогтой. Намхай ахын маань унаган адуунууд хүү Энхсайханд нь өвлөгдсөн.
-Намхай нагацын тань нэрйг гаргасан ямар, ямар адуу байв?
-Ах өөрийн унаган адуугаар л нааддаг хүн байлаа. Ер нь гадна дотноос адуу авч байгаагүй. Тэгээд ч дээхнэ гаднаас тэр бүр адуу аваад байдаггүй байлаа шүү дээ. Ганц нэг л хүн авчирна. Үүний нэг болох Цэдэнжав гэж өвгөнийх Хэнтийн Галшараас ганц хулгар хонгор азарга авчирсан. Тэрний угшил л манай суманд яваад байгаа хэрэг л дээ. Нэг жил сумын наадмын эхний 10 морины есөд хонгор азарганы төл орж байсан түүх бий.

-Дээхэн үеийн гярхай уяач өвгөдийн үг бүр л үнэтэй байна биз?
-Тэгэлгүй яахав. Унд хоолыг нь тохируул, хөлсийг нь сайн ав. Хөлс дутуу байвал морь ална. Унд хоол дутуудвал морь эндэнэ. Хоолыг нь тааруулж өгөх хэрэгтэй гээд л залуу уяачдад сургамжтай, үнэтэй зөвлөгөө их өгнө. Мэдээж уяач бүр бас өөр өөрийн арга барилтай. Манай ах гэхэд уяж байгаа морио өдөр нь бариад, шөнө нь хээр тавьчихдаг байсан. Тэр үед одоо шиг тэжээл бордоо гэж байсангүй.  Цагаан өвсөөр л тэжээж, уяагаар нь хөлслөнө шүү дээ. Манай энд чинь 5-6 үсэргэж, 3-4 удаа нийлнэ. Хоёр өнжөөд л нэг үсэргэнэ. Ингэж үсэргэх тоолондоо зайг нь холдуулаад л байдаг юм. Бүдүүн морь бол 25 хөлстэй ажилтай явдаг байсан. Наадам цөөн, давхар уяа гэж байхгүй байлаа шүү дээ. Одоо ч өөр болж дээ. Гэхдээ миний дуулснаар нэг жилд олон уралдуулах сайнгүй гэж олонтаа сонсож байсан юм байна.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач болсон юм бэ?
-Удаагүй байна. Аймгийн наадмаас 17,18 айраг, хоёр түрүүн амжилтаараа өнгөрсөн жил аймгийн Алдарт уяач болсон. Хурдан морины уяа сойлго тааруулсан энэ жилүүдээс 1960-аад он тун ч одтой үе байсан санагддаг юм. Өөрийн унаган адуу болох хурдан бор, улаан, шарга морьдоороо аймгаас олон ч айраг түрүү авсан. Нэг хэсэг би чинь энэ сумаасаа яваад 1987 онд эргэж ирсэн. Ирснээсээ хойш сумандаа хэд хэдэн морь айрагдууллаа.
-60-аад онд тун ч одтой наадаж байлаа гэлээ. Эндээс  хамгийн сайхан наадмынхаа тухай энд ярьж өгөөч?
-1971 оны аймгийн наадмыг санах тоолонд сэтгэл өег байдаг юм. Тэр жил миний бор шүдлэн түрүү магнайд хурдалж магнай хагартал баярлаж билээ. Уралдахын өмнө бор шүдлэн гараанаас нэлээд сүүлд гарсан мөртлөө, идэж хурдалсаар түрүүлэхэд нь өрөвдсөндөө уйлахгүй байж чадаагүй. Энэ мэтчилэн уяачийн баяр бахадлыг мэдрүүлэн олон сайхан наадамд уясан морьдоо мордуулж явлаа. Хурдан тууртын буян ээлээ надад олон жил хайрлаж, хийморь өөдөө, сэтгэл тэнэгэр амьдарч байгаадаа баярладаг.
-Сүүлийн үед залуучууд адууны  цус их сэлбэх болж. Энэ “салбарын” хүний хувьд энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Энэ нутгийн адууг бүрэн сэлгэнэ гэдэгтэй би санаа нийлдэггүй. Яахав энд тэндээс ганц нэг азарга авчирч цус сэлбэх нь зүйтэй. Гэхдээ нутгийн  адууны онцлогийг  орхиж болохгүй юм. Манай шанхайн адуу эртнээсээ хурдан байсан. Дээр нь энэ нутаг орондоо зохицон, элдэв бордоо шаардахгүй, өвс ургамлаараа давхисаар өнөө хүрсэн. Одоогоос хэдэн жилийн өмнө аймгийн наадамд хэний хаанахын морьд түрүүлснийг асуултгүй үе байлаа шүү дээ. Учир нь Цэцийн морьд айраг түрүү алдаж байгаагүй юм. Харамсалтай нь нэг үе адууны чанар муудсан. Үүнийг би цус ойртсонтой холбоотой гэж боддог. Тийм болохоор цус сэлбэж адуу зөөж байгааг буруутгахгүй аргагүй. Гол нь хэт туйлширч болохгүй л гэж хэлэх  байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
-“Тод магнай”-н нийт уншигчид, морины хорхойтнууд маань сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна