Ховог сайрын жороо

Эрдэнэхуяг
2013 оны 1-р сарын 02 -нд

Их эзэн Чингэс түүний удмынхан Торгууд нарыг сонгохдоо бие бялдар том чацархаг, ухаалаг, үнэнч шударга хөрөнгө чинээний хувьд  тийм ч тарчиг бишийг онцолжээ. Торгууд нар морь, ялангуяа жороо морийг эрхэмлэн дээдэлж шүтэж ирснийг аман зохиол болон түүх домгоос нь үзэхэд нэн ойлгомжтой байдаг. Ер нь унаган жороо морьд Хар сайр, Ховог сайр, Эзнийн болон Булган голын торгуудад элбэг. Торгуудын олон хошуунаас Ар Халхад байгаа ганцхан хошуу болох Ховд аймгийн Булган сум жороо морьдоор улсад тэргүүлэх нь зүй ёсны гэлтэй. Тус суманд дөчөөд оноос хойшхи жороо морьдын дотор төлөөлөгч Уртнасангийн хээр морь гэж алдартай жороо морь байв. Аймаг болон суманд уралдсан жороо морьдын уралдаанд энэхүү Уртнасангийн жороо хээр морины өмнө лав 10 гаруй жил ондоо морь гараагүй ажээ. Хээр морийг жороолох үед ганзага нь тэгширч цацагдан араас нь чирэгдсэн найман алд гурамсан суран аргамж газар хүрэхгүй чичирч байсан гэдэг. Одоо ч Ховд, Баян-Өлгий аймгийн баруун сумдад усан тэлмэн жороо, хонин жороо морьд бараг айл бүгдэд бий гэж хэлж болно. Ялангуяа Казахын үндэсний хаврын баяр буюу Наурызын баяраар жороо морь уралдах болсон нь жороо морь энэ аймагт тархах шалтгаан болжээ. Өнөө цагт Хар шаараас гаралтай, Ховд аймгийн Мөст сумын Хавтгайн “хөгшин” хээр морийг баруун аймагт ховорхон заяасан жороо хүлэг гэхийг олон хүнээс сонсож билээ. Сүүлийн жиллүүдэд Увс, Ховдын хязгаар нутгаас олон сайн жороо морьд улсын баяр наадамдаа ирж оролцон магнайлах болсон нь сайшаалтай. Тэрбээр Тэсийн хүрэн халзан /Цэвээнжавын/, Эрдэнэбүрэн сумын Жамбалын хээр, Булган сумын Тэгшээгийн “мэнгэт хээр”, Тулгаагийн хээр, Тарваадайн хээр халзан, Баадайн бор зэрэг жороо морьдыг дурьдаж болох ажээ. Энэ жилийн улсын баяр наадмын жороо морины уралдаанд аман хүзүүлсэн “Жуулчин говь” ХХК, “Таван Богд Плаза” компанийн захирал Ц.Баатарсайханы хээр морь нь, Ховд аймгийн Булган сумын унаган адуу бөгөөд ойр хавийн аймагтаа “Шийлэгийн хээр” гэж алдаршсан жороо хүлэг билээ.  

Говь шанхын адуу

Монгол говийн их мужийн Дорнод хэсгийн баруун этгээдэд орших Говь-Шанхын нэрийтгэлт адуу нь Их говийн малчин Монголчуудаас олон зууны турш ардын селекцийн аргаар геобиоэкологийн хувьд уналга эдэлгээ, арчилгаа маллагааныы өвөрмөц нөхцөлд зохион бүтээсэн биологи, морфологи, физиологийн онцлог хэв шинж бүхий өвөрмөц адуу юм /Г.Цэвэгмид Говь Шанхын хурд УБ 1999 он 25-р хуудас/. Цогтцэций, Цогт Овоо сумдаар овоглосон Шанхын их хурдуудаас гадна жороо  сайвар морийг дээдлэн уралдуулдаг нь нэгэнт түүхэнд үлджээ. Ялангуяа Мандал Овоо, Ханхонгор зэрэг сумд жороо морьдоороо илүүтэй юмсанжээ. Тухайлбал 1961 онд аймгийн 30 жилийн ойн баяр наадамд /тэр үед их хурлын дарга асан Ж.Самбуу гуай очиж үзсэн аж зургаан насны хурдан морьд уралдсанаас мөн жороо морь уралдаж Мандал-Овоо сумын “махан сахал” хэмээх Юндэнгийн бүдүүн бор морь түрүүлж байсан. 

Д.Эрдэнэхуяг
 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна