Түвшинширээгийн хурдууд шандсаа шалгалаа

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 18 -нд

Хаврын уралдаанууд үргэлжилсээр байна. Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд болсон, дээд гурван насны уралдааны мэдээллийг уншигч танд хүргэе. Сумын морин спорт уяачдын холбоонооос зохион байгуулсан уг уралдаанд 62 хурдан азарга мордсоноос Түвшинширээ сумын уугуул Дамбадаржаагийн сартай зээрд түрүүлж, Уулбаян сумын уугуул Очирсүрэнгийн хонгор удаалсан байна. Харин айргийн гуравт Түвшинширээ сумын уугуул Эрдэнэбилэгийн хээр, айргийн дөрөвт Түвшинширээ сумын уугуул Базаргүмаагийн хонгор, айргийн тавд  Уулбаян сумын уугуул Ш.Даваагийн халтар тус тус хурдалжээ. Их насны морьдын уралдаанд 70 гаруй хүлэг шандас шалгаж, Мөнххаан сумын уяач Ариун-Үнэнгийн хонгор түрүүлэн, Түвшинширээ сумын уяач Нямнамжирийн будан аман хүзүүджээ. Айргийн  гуравт  Уулбаян сумын уяач  Ч.Борхүүгийн хээр,айргийн дөрөвт Түвшинширээ сумын уяач Лхүндэгийн хээр , айргийн тавд Түвшинширээ сумын уяач Дармаатүдэвийн алаг  хурдлан уясан эзэн хурсан олныг цэнгүүлжээ.
Соёолонгийн уралдаанд 50 гаруй үрээ  тоосоо өргөснөөс Түвшинширээ сумын уяач Отгоогийн сартай зээрд түрүүлж, Мөнххаан сумын уяач Өсөхбаярын хонгор аман хүзүүдэн, Түвшинширээ сумын уугуул, аймгийн  Алдарт уяач Мижиддоржийн цавьдар гуравлан, Баяндэлгэр сумын уяач Доржпүрэвийн хүрэн дөрвөлсөн байна.
П.Цэдэн-Иш

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна