Сонгомол дээд насны ангилалд 87 хүлэг бүртгүүлжээ

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 13 -нд

Ардын Хувьсгалын 102 жилийн ой, Уяачдын наадамд зориулсан  сонгомол ангиллын гурван насны морьд өнөөдөр Хүйн долоон худагт уралдана. 7.00-9.00 цагийн хооронд сонгомол дээд, 9.30-11.30 цагийн хооронд сонгомол дунд, 12.00-15.00 цагийн хооронд сонгомол бага насны морьдын уралдаан болох хуваарьтай.

Уралдаан уламжлал ёсоор дээд насны ангиллаар эхэлж байгаа бөгөөд 87 хурдан хүлэг бүртгүүлжээ. Сонгомол дээд насны уралдааны бүртгэлээс харахад улс, бүс, Их хурдын түрүү Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Нямдоржийн Билэгсайханы бороос эхлээд Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын халтар, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уяач Базаррагчаагийн Сэр-Одын бор, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул МУ-ын Манлай уяач Дугаржавын Ганзоригийн сартай халтар, хээр, Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Цэрэндоржийн Амарсанаагийн хүрэн, Ховд аймгийн Мянгад сумын уугуул МУ-ын Манлай уяач Загджавын Мэндсайханы хээр, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул МУ-ын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн сартай хээр, Говь-Алтай аймгийн Дарви уяач Гончигсүрэнгийн Амгаланбатын хээр, Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Нийслэлийн алдарт уяач Доржготовын Шинэмөнхийн бэлэвсэн зээрд, Булган аймгийн Дашинчилэн сумын уяач Зундуйхүүгийн Оргилхүүгийн зээрд, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уяач Д.Лхамсүрэнгийн хээр халзан, Говь-Алтай аймгийн Дарви уугуул Аймгийн алдарт уяач Ц.Нямдоржийн хээр зэрэг цуутай хурдан хүлгүүд бүртгүүлсэн байна.

Хэсэг хугацааны дараа хэн гэдэг уяачийн хурдан шандаст хүлгүүд түрүү магнай, айргийн эзэд болохыг та бүхэндээ хүргэх болно.

А.Эрдэнэчимэг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна