Толин зээрд хэмээх хүлгийн тухайд...

Сэтгүүлч
2023 оны 4-р сарын 19 -нд

Гологдсон  “Үхэр” зээрд

2009 он буюу АХ-ын 88 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын  их насны морьдын уралдаанд 331 хурдан хүлэг шандас шалгаж, Ховд аймгийн Цэцэг сумын уугуул МУ-ын Алдарт уяач Р.Баатархүүгийн Дэлгэр хээр түрүүлэн түмэн эхээр цоллуулсаныг уншигчид мартаагүй байх. Энэхүү уралдааны айргийн дөрөвт хурдалсан “Урьхан санаа” компанийн захирал Б.Чинбатын Толин зээрдийн тухай бяцхан хууч дэлгэе. 

Толин зээрд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул Баттөрийн унаган адуу. Эцэг нь Сүхбаатар аймгийнхаа наадамд дөрвөөр, таваар орж байсан хурдан буян. 
Б.Чинбатын дүү морь сонирхогчдын дунд Урьханы Ганбаа хэмээгддэг Ганбат 2005 онд Сүхбаатар аймгаас 14 үрээ авчирч заржээ. Хурдны өлгий нутгаас ирсэн угшил сайт үрээнүүд удаж төдөлгүй эзнээ олж харин цүдгэр зээрд үрээ л гологдон үлдэж, Б.Ганбат зээрд үрээг ахдаа 500.000 төгрөгөөр авахыг санал болгож, харин  Б.Чинбат “гологдол” хэмээн дурамжхан 300.000 төгрөгөөр худалдан авчээ. 
   Зээр д үрээ тэр жилээ Б.Чинбатын хашаанд өвөлжиж, байсхийгээд үхэр шиг хамраа долоочихсон зогсож  байдаг учир эзэн нь “Үхэр” хэмээх нэр хайрласан гэдэг. 

Гайхагдсан “Толин” зээрд

Эхлээд гологдож, эзнээсээ “үхэр” нэр хүртсэн зээрд үрээ дайран дор хүлэг, даахин дор эр гэгчийг харуулж тэр жилийнхээ хавраас шидээ таниулж, эзнээ баясгах болжээ. Гэхдээ яагаад ч юм айрагдаж чадахгүй л байлаа. Улсын наадмын хязаалангийн уралдаанд хамраараа тасдуулан зургаалж, Өвөрхангайн Даншигт өмнөх амжилтаа бататгаж айраг амсаж чадсангүй. Ер нь уралдааны цуваа харж байхад зээрд морь зургаад голдуу давхисан байдаг нь нэг талаар бэлгэдлийн чанартай нөгөө талаараа уяаны учир дутагдал байж болох. Бэлгэдлийн тухайд бас нэгэн сонин түүх хуучлахад Эрдэнэт хот байгуулагдсаны 30 жилийн ойн наадамд зээрд үрээ долоогоор давхисан ч, өмнөх морь нь шүдээр хасагдаж мөн л зургаалсан байна. Долоотойдоо Борнуурын 70 жилийн ойн наадамд түрүүлэн, 2009 онд  наймтайдаа улсын наадамд дөрөвт хурдлан амжилтаа ахиулсаар “Үхэр” зээрд биш “Толин” зээрд хэмээн цоллуулах болжээ.
Нэрийнх нь тухайд эзэн нь тайлбарлахдаа “магнай дээрээ толь хэлбэрийн сартай. Хязааландаа улсад зургаалахад нь түүгээр нь нэрлэсэн” хэмээсэн юм.  “Толин” зээрдийг хөнгөн уяатай, бэлэн давхилтай адуу хэмээн эзэн нь тодорхойлсон. 

Г.Дүүрэнбилэг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна