“Дүнжингаравын хурд-2012” уралдаанд түрүүлж айрагдсан их насны морьдын дэлгэрэнгүй танилцуулга

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 06 -нд

XVII жарны  "Баясгалан" хэмээх усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 10-ны билэгт сайн өдөр Төв аймгийн Зуунмод хотноо болсон “Дүнжингаравын хурд-2012” хаврын бүсийн уралдаанд газар газрын 300-гаад их насны морьд шандас шалган уралдлаа.

Их насны морьдын уралдааныг Ховд аймгийн Чандмань сумын уугуул Ерөөлтийн хүрэн өнгөлж, Төв аймгийн Баян сумын уугуул, МУ-ын Шадар сайд Миеэгомбын Энхболдын хүрэн халзан удаалсан. Харин айргийн гуравт Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Галын Баттөмөрийн бор, айргийн дөрөвт Ховд аймгийн Мянгад сумын уугуул, Мэндсайханы хээр, айргийн тавд Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул Цагаанбандийн Буянбаатарын хүрэн тус тус хурдалсан. Ингээд “Дүнжингаравын хурд-2012”-т түрүүлж айрагдсан эдгээр хурдан хүлгэдийн дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэе.

Хоёр түрүүн эзэн Ерөөлтийн хүрэн

Их насны айргийн таван морьдын хоёр нь алс тэртээ баруун хязгаар Ховд аймгаар овоглогдсон байсан нь энэ уралдааны онцлох үйл явдлын нэг байлаа. Тэр тусмаа нэг уяачийн уясан хоёр морь нэг нь түрүүлж, нөгөө нь айрагдана гэдэг ховорхон тохиох баярт агшны нэг байх нь дамжиггүй. Алтангадас одонгоор энгэрээ мялаагаад удаагүй нийслэлийн Алдарт уяач Ц.Цэнд-Аюушийн уясан Ховд аймгийн Чандмань сумын уугуул Ерөөлтийн сартай хүрэн морь оч үсэргэн дүүхэлзсээр урамтай сайхан түрүүлж, наадамчин олныг цэнгүүллээ. Луу жилийн анхны бүсийн уралдаанд магнайлсан хүрэн морь уг нь Сүхбаатар аймгийн Онгон сумын унаган адуу. Аймгийнхаа аварга хүлэг шалгаруулах уралдаанд айргийн гурваар хурдалсан энэ хурдан буян 2012 он гарсаар “Жейл” ХХК-иас зохион байгуулсан уралдаанд түрүүлж, “Дүнжингаравын хурд-2012” бүсийн уралдаанд амжилтаа бататган дахин түрүүлж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо цэнгүүлсэн нь энэ билээ.

Шадар сайдын шандаст халзан

Барагтайд барьц алдаж, хөөрцөглөөд байдаггүй ММСУХ-ны тэргүүн М.Энхболд энэ өдөр сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүй бололтой. Машинаасаа үсрэх шахуу бууж, уяачдаа баяр хүргэж харагдсан. Хурдан хүлгэдийнхээ хиймориор хөглөгддөг моринд элэгтэй монгол хүн бол тэгэхээс ч аргагүй байсан биз. Сайдын халза? морь нэлээд хойно эргэж, замын дунд хүртэл айрагдах найдвар тун бага байсан. Гэсэн хэдий ч уяачийнхаа гүүглэхийг сонсмогц год үсрэн урагшилсаар барианы зурхайд аман хүзүүнд хурдалсан шандаст х?лгээрээ бахархахгүй, уяаг нь тааруулсан уяачаар бахдахгүй байхын аргагүй байсан биз.

Халзан морь уг нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын унаган адуу. Хэнтий аймгийн Баянхутаг сумын улсын сайн малчин Б.Гантуяагийн нэрэмжит уралдаанд түрүүлж, давхар уяагаар Дүнжингаравын хурдад аман хүзүүдээд буй нь энэ юм. Халзан морины уяа сойлгыг Архангай  аймгийн Ихтамир сумын уугуул, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат залуу уяач Э.Дашчирав тааруулсан бөгөөд энэ өдрийн шилдэг уяачаар шалгарсныг дуулгах нь зүйтэй байх.

Доноодойн бүгээний угшил бор морь

Монгол төрийн наадмыг дөрвөн үеэрээ чимж яваа Донойдоон үр сад энэ өдөр хавтай сайхан наадаж, хоёр айргийн эзэн болсон юм. /хонгор халзан соёолонгоо тавлуулсан Б.Саранхүү Донойдоон удмын дөрөв дэх үеийн төлөөлөл/

МУ-ын Алдарт уяач, ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг Галын Баттөмөр хаврын бүсийн уралдаанд тун чиг одтой нааддаг нэгэн. ММСУХ-ны анхны Ерөнхийлөгч Пунцагбалжир агсны санаачлагаар 1996 оны хавар Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд зохион байгуулагдсан анхны бүсийн уралдаанд Алдартын хурдан зээрд морь нь түрүүлж байсан удаатай. Түүнээс хойш Г.Баттөмөр уяач хаврын бүсийн уралдаанаас хоёр түрүү, хоёр айраг хүртээд буй нь энэ юм.

“Дүнжингаравын хурд-2012” хаврын бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалсан бор морины эх нь 1967 оны улсын баяр наадамд гуравт хурдалж байсан Галын хурдан бор азарганы төлийнх нь төл саарал гүү. Харин эцэг нь Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул “хүзүү” хэмээх Цэвэгсүрэнгийн хээр азарга.

Бор морь АХ-ын 87 жилийн ойд айргийн таваар давхидаг Г.Баттөмөрийн алаг соёолонтой нас чацуу бөгөөд тэр жил арваар давхиж байсныг та бүхэн санаж буй бизээ. Сумын довон дээр уралддаг бор морийг долоотойд нь Алдарт уяач Г.Баттөмөр битүүхэн шинжиж авсан бөгөөд өнгөрсөн жил уяа нь жигдэрч, ид давхидаг дээрээ байсан ч ханиаднаас болоод төрийн наадамд тоосоо өргөж чадаагүй. Гэсэн хэдий ч луу жилийн шинийн гуравны билэгт сайн өдөр Цагаан хөтөлд болсон 1,5 сая төгрөгийн бооцоот уралдаанд түрүүлж, хэдхэн хоногийн дараа Дүнжингаравын хурдад ийнхүү айрагдаад буй юм. Энэ уралдааны талаар Алдарт “Бор морь маань гайгүй байсан болохоор их морь дагалаа. Тэгсэн морь эргээд хоёр километр шахуу явчихаад байдаг бор маань байдаггүй. Дөрвөн километр шахуу явчихаад хартал 100-гаадаар явж байна. За энэ ч найдваргүй боллоо доо гэсэн юм бодоод дагаж явтал идсээр байгаад л айрагдчихсан. Дараа нь хүүхдээс нь асуусан “замаас гарчихаад овоолсон цасан дээгүүр буцаад орж чаддаггүй нэлээд удсан гэсэн” гэж байсан” хэмээн хуучилсан юм.

Мэндсайханы мятрашгүй хээр

“Дүнжингаравын хурд-2012” наадмын их насны морьдын уралдаан Дааган хэмээн Цэнд-Аюуш уяачийнх болсон гэвэл хэтрүүлэг болохгүй биз. Даагыг хэд хэдээр нь оруулж моринд хайртай монгол зон олноосоо “Дааган” хэмээх алдрыг хүртсэн тэрээр энэ өдөр ганц даага биш их морины уяаг яаж тааруулдгаа яруу тодоор харуулж, харц дээгүүр алхана билээ. Төрийн наадамд соёолон түрүүлгэж байсан малгайгүй Манлайн уясан хээр морь Ховд аймгийн Мянгад сумын уугуул Мэндсайханы нэртэй хүлэг. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын унаган адуу хээр морь  АХ-ын 90  жилийн ойн баяр наадмын их насны уралдааныг хөтөлж яваад суун наймлаж байсан удаатай. Түүний дараагаар Ховд аймгийн 80 жилийн ойн баяр наадамд хол тасархай түрүүлэн даагаа нэхэж, эзэн хүүхдийн урмыг сэргээсэн билээ.

Бүсийн наадмын хоёр айраг Ц.Буянбаатарын хүрэн

Орхончуудын од гийж “Дүнжингаравын хурд-2012” наадамд тун ч хийморьтой наадсан. Тэдний нэг нь хүрэн морио айргийн таваар хурдлуулсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн уяач Цагаанбандийн Буянбаатар байлаа. Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул, Орхон аймгийн Жаргалант сумын суугуул Ц.Буянбаатар морь сонирхоод удаагүй ч улс бүсийн чанартай наадмаас гурван айраг хүртээд буй бас ч аатай аавын хүү.

2010 оны улсын баяр наадамд Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган хул даагыг айргийн дөрвөөр давхиулж томоохон наадмын өм нээгдэж байсан тэрээр “Булганхангайн хурд-2011” хаврын бүсийн уралдаанд хүрэн морио айргийн гурваар давхиулж байсныг сануулах нь зүйтэй байх. Ц. Буянбаатарын хүрэн морь уг нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул Алтангэрэлийн Мөнхдоржийн унаган адуу. Адуунд хорхойтой андыгаа мэдэх Амгаланбаатар заан хүрэн морины зургийг илгээснээр долоотой битүү морь одоогийн эзэндээ ирсэн гэдэг. Энэ бол 2010 он. Хүрэн морь 2011 оны хаврын бүсийн уралдаанд айрагдаад, зун нь 61-н гарам орчимд уягдаж тун ч өнгөтэй байсан гэдэг. Чухам тиймдээ дунд сунгааг Д.Онон Тод манлайн адуутай хийхэд 160 гаруй хүлгээс хол тасран түрүүлж, улсын наадмаас юм дуулгаж мэдэх адуу байна хэмээн олзлогдож байхав. Гэсэн хэдий ч ханиад нь хүндрэх шинжтэй байсан учраас аргагүйн эрхэнд мордуулсан болоод татуулж, хэд хоногийн дараа болсон “Тамирын хурд-2011”-д мордуулжээ. Ханиад нь гүйцэд эдгээгүй, дээр нь тэнхээ муутай байсан хүрэн морь хэсэгтээ өнгөлсөн ч ир бяр нь тэгширсэн хурдан хүлгэдэд эрхгүй гүйцэгдэн 12-оор давхижээ. 2012 он гарсаар хүрэн морины анхны уралдаан нь “Дүнжингаравын хурд-2012” байсан бөгөөд урамтай сайхан уралдан айрагдсан нь энэ юм.

Бэлтгэсэн А.Тэлмэн, фотог М.Батчулуун

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна