Аймгийн Алдарт уяач Д.Лүндэн: ЧУЛУУ ИХТЭЙ ГАЗАРТ МОРДСОН АДУУ БУЛГИЖ ЧАДДАГГҮЙ ЮМ

Баянхонгор аймгийн Баянлиг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дагдангийн Лүндэн гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1938 оны хүн бөгөөд Эмнэг сургалтын аварга, Бүрэн сүрэгтэн, АХ-ын 70, 80 жилийн ойн медальтан ажээ.
БИ ЗАНГ НЬ МЭДДЭГ НУТАГ АДУУГАА Л ОРОЛДДОГ ХҮН
-Хэдэн онд эмнэг сургалтын Аварга болж байв?
-Би 1968 оноос хойш найман жил нэгдэл адуу малласан хүн. Тухайн үедээ 350 адуу маллаж, отроор Өлзийт, Нарийнтээлийн нутгаар өвөлжиж, зусна. Адуучид дундаа өнөө хэдээ ахлана. Тэр үед цаг агаар ч хэцүүхэн байгаад ган зуд ч их болно. Малчин бидэнд эвгүй, эвгүй бэрхшээлүүд тохиолдож байсан ч олны хүчээр хохиролгүй даваад гарч байлаа. Нэгдлийн адуунд эмнэг догшин нь олон. Өнөөхөө бас сургана. Нэг жил 20-иос дээш нас бие гүйцсэн эмнэг адуу сургаснаар нь шалгаруулна. Даага, шүдлэн сургахыг тооцдоггүй байлаа. Эмнэг сургах амархан л даа. Их зөөлхөн оролдож байгаад сургана гэвэл булгиулахгүй, булгиулна гэвэл булгиулаад л сургачихаж болно.
-Нарийн байх нь ээ?
-Тийм шүү. Юу юугүй мордоод булгиулаад байвал булгидаг болчихно. Өвлийн цагт адуу их амархан номхордог юм. Өөрөөр хэлбэл хүйтэн цагт барьж аваад уяж хоноод өглөө даараад бөмбөртөл чичирч байхад нь очоод мордоход булгина гэж ерөөсөө байхгүй дээ. Сүүлээ тавиад л шавхраад явчихдаг. Харин зуны цагт эмнэг адууг булгиулахгүй нэг арга байна. Гэхдээ энэ муу хүний арга л даа. Чулуу ихтэй газарт мордсон адуу булгиж чаддаггүй юм.
-Хэрвээ булгивал унаж байгаа хүндээ эрсдэлтэй?
-Чулуун дотор адуу булгина гэж байхгүй. Адуу гэдэг амьтан чинь их ухаантай шүү дээ.
-Хэр хугацаа орох уу?
-Эхлээд мордохдоо л чулуун дотор мордчихвол ердөө ч булгихгүй. Мэдээж бас магнай толгой, биеийг нь илж, хайрлаад эвтэйхэн зөөлхөн мордох хэрэгтэй. Тэрнээс мордонгуутаа далбагас хийгээд гуядаад эхэлбэл булгина ш ээ. Би бол булгиулахгүйгээр л адуу сургадаг байсан. Тэгж сургасан адуу төлөв зантай их зөөлхөн, аялаг морь болдог. Дээр үеийн улс чинь цочоож булгиулаад, өөрсдөө зайдан унаад өнхөрч унаад л байдаг. Би үүнд дургүй. Тиймдээ олон ч хүнд зааж зөвлөнө. Миний энэ аргыг Богдын нурууны маш олон айлын хүүхдүүд сурч ашиглаж байна.
-Та жилд хэдэн адуу сургах уу?
-Нэг жил 27 бүдүүн адуу уургалж сургаад сум нэгдлийн эмнэг сургалтын Аварга болж байлаа. Эдгээрээс 14,15 нь их насны морьд байх жишээний. Миний сургасан “Улаан оч” нэгдлийн адуунаас Лхүндэнгийн хүрэн гэж хурдан хүлэг гарч байлаа. Тэр нь суманд тав түрүүлж, зургаа айрагдсан байдаг юм. Би эцэг нь болох жижиг сарт азаргыг уяж байсан.
-Нэг жилд 27 гээд явахаар нэлээн тоо гарах байх даа?
-Тоо ч мэдээж талийсан. Тэгэхэд би 350-иад адуутай байлаа. Тэгээд эмнэгийг нь сургачихаад, сургаснаа нэгдлийн хоньчин, ямаачин, үхэрчин айлуудын унаанд өгнө. Болоогүй бас айлын адуунд байгаа эмнэгийг нь сольж аваад сургана. Өөрөө ч адуунд их хорхойтой явлаа. Нэг л удаа булгиулж байгаад унасан юмдаг. Тэгэхэд өөрийнхөө муугаас болсон л доо. Салхитай өдөр уулын орой дээр уурга тулж мордоод булгиулаад уначихгүй юу. Адуу чинь айгаад байгаа хүнээ унагахаас, аргадаад байвал бол зөөлөн. Янзын мал шүү дээ, их ухаантай. Айгаад л, хөдлөх гэхээр нь цочоод, мордох гээд чадахгүй дахин дахин эргэж тойроод байвал дархан булгина. -Адуунд алхаа оруулна гэж ярьдаг. Та оруулж байв уу?
-Олон хоног унаад ирэхээр зарим нь сайхан алхалдаг болчихдог л юм. Зарим нь хичнээн алхаа оруулъя гээд байхад түн, түн гээд шогшооноос илүү гарахгүй нь бий. Сайхан товор, товор гээд хазаар зуузайгаа шажигнуулаад алхдаг адуу байхад бөөдөг бөөдөг гээд унага шиг адуу ч байна. Тэгэхээр адуу болгоны өөрийн эрдэм чадал, удмаас хамаардаг гэх юмуу. Тэрнээс биш санаснаараа энийг алхаа оруулчихъя гэвэл барахгүй. Тэгэхэд жороо адуу бас тусгай. Гэхдээ жороо оруулна гэж нэг их унаж үзээгүй. Жороо морь худалдаж аваад хүнд зарж явсанаас өөр юмгүй.
-Та нэгдлийн адууг хэдэн жил хариулсан бэ?
-Долоон жил гарантай хариуллаа. Энэ хугацаанд юу эсийг үзэв. 1968 оноос хойш дөрвөн жил дараалан ган болж, нэгдлийн бүх адууг гаргаж байсан. Бараг 10 гаруй суурин адуучинтай, би ахлагчаар нь хангайд долоо, найман жил нутагласан. Хангай сайхан л даа, идэштэй. Хүний нутагт очсон бид бие биесээ илбэж хамжаад хохиролгүй даваад л гарсан юм даа.
-Гэр орон руугаа ирж амжих уу?
-Гэр бүлээрээ нүүгээд оччихно.
-10 суурь адуу чинь тоогоороо хэд гэсэн үг үү?
-Нэг суурь буюу нэг айлын адуу чинь 350 адуу гэхээр нийлээд 3000-гаад гаруй болно. Зарим нь ч бог хавсарсан байсан. Хөдөлмөрийн чадвартай эмэгтэй нь 120 бог, эрэгтэй нь 250-350 адууны нормтой. Нэгдэл чинь мал олонтой, малчин цөөтэй болохоор ажилгүй хүн ч байхгүй. Бас л их хүнд шүү дээ. Нэг хүн 350 адуу маллана гэдэг. Гэсэн ч бид аргыг нь олоод л явлаа. Нэгдлээс өвс, тос нь бэлэн болохоор яахав. Машин машинаар овъёос, хивэг, хорголжин тэжээлийг ачаад хашаа дүүргээд өгчихнө шүү дээ.
-Нэгдлийн адуугаа яагаад өгсөн юм бэ?
-Нэг өдөр сум нэгдлийн даргаас бичиг ирлээ. Нээгээд үзвэл “нэгдлийн нягтлан бодохын жил зургаан сарын курст явуулахаар захиргаа товчооны хурлаар шийдлээ. Чи энэ заг ачсан трактороор хүрч ирээд уулз” гэсэн байв. Би ч өнөө заг буулгасан трактороор нь явж, нэгдлийн даргатай уулзвал “Улаанбаатарт нягтлан бодохын жил зургаан сарын курст явуулна. Чи адуу малаа шилжүүлэх үү” гэхээр нь “үгүй дарга аа, би чинь долоо, найман жил адуу маллачихлаа. Ямар ч байсан өөрийнхөө гар оролцсон нэг азарга адууг авч үлдэе, тэгээд явъя” гэлээ. Тэгсэн бригадынхаа даргатай ярьж зохицуул гэхээр нь зохицоод, адуугаа шилжүүлж, хүрэн үрээт гэж 40-өөд тооны адуугаа авсан. Өнөөхөө цуг адуу малладаг байсан адуучин Цэдэвт даатгаад явж байлаа. Ингээд жил зургаан сарын Хөвт харын бригадын тоо бүртгэгчээр 1976-1978 он хүртэл ажиллаад, 1979-1981 он хүртэл гурван жил дарга хийсэн. Тэгтэл хүүхэд ч сургуульд орох болж, сумын төв бараадахаас өөр аргагүй болсон юм. Суманд худалдаа бэлтгэлийн ангид няраваар орсон надад улсын байгууллагын ажилчин гээд 80 хонь, 40 хэдэн ямаа нийгэмчлэлд өглөө. Өнөө дээр үлдээсэн хэдтэйгээ 416 толгой малтай болсон.
АДУУЧИН БАЙХДАА ЖИЖИГ САРТ АЗАРГЫГ УЯЖ, НАРИЙНТЭЭЛДЭЭ ДӨРӨВЛҮҮЛСЭН НЬ АНХНЫ АЙРАГ
-Тэгээд хэдий үеэс морь мал уяж эхэлсэн юм бэ?
-1969 оноос хойш өнөөг хүртэл морь уяж байна. Хотод курст явж, гурван жил л завсарласан юмдаг. Адуучин байхдаа жижиг сарт азаргыг уяж, Нарийнтээлдээ дөрөвлүүлсэн нь анхны айраг байлаа. Миний хурдан хүрэн морины эцэг байгаа юм. Энэ хүрэн морь миний уяж байсан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь. Хүрэн морь суманд дөрөв түрүүлж, зургаа айрагдан, нэг сул түрүүлж ирээд байр ухраад аман хүзүүгээр тооцсон.
-Хүрэн мориноос өөр таны нэрийг гаргасан ямар морьд байна вэ?
-Бүх морьдоо л магтаад баймаар байна шүү. Эндээс онцлоход манай хажуугийн малын эмч Баяраа надад нэг загал морь бэлэглэсэн. Үүнийг би нэг жил уяад айргийн таваар давхиулсан. Түүнээс өмнө хүмүүс уяад айрагдуулж чаддаггүй байсан юм билээ. Би эвийг нь тааруулчихсан юм болов уу. Ноднин Богд сумын аймгийн Алдарт уяач Лхүмбэ гэж хүний унаган морийг авч, 90 жилээр таваар давхиулсан нь намайг мөн ч их баярлуулсан. Би ер нь занг нь мэддэг нутаг адуугаа л оролддог хүн. Тэрнээс энд тэндээс өндөр үнэтэй морь мал авах дургүй. Нэг морь авсан ч давхиулж чадаагүй, давхидаг ч үгүй юм байна лээ. Харахад их л сайхан амьтан. Цаагуураа бөөн эм тариа, янз бүрийн юмаар оролдчихсон. Энэ чинь ёстой алдаг юм байна лээ, малыг.
-Дээхнэ үедээ энэ нутаг хошуундаа яригдсан хэний ямар хурдан морьд байв?
-Баянлиг сум хурдтай. Гэхдээ Богдыг гүйцдэггүй юм. Манай Баянлиг сумын хурдан морьдоос гэвэл Дуламын хээр гэж байна. Миний хүрэн морьтой хойно урдаа л орно. Мөн Содномын хээр, Чойномзын загал гэж энэ нутгийн толгойд давхидаг морьд байлаа.
-Сумандаа хамгийн олон түрүүлж, айрагдсан нь гэвэл?
-Би бол хүрэн морио л гэнэ. Гэхдээ амьтан юу гэж боддог юм мэдэхгүй.
-Тэгвэл хэн хэн гэж мундаг уяачид байсан бэ?
-Дээхнэ үедээ Төмөр гэж уяач явлаа. Одоо ч хүүхдүүд нь морь уяж байна. Түүнчлэн Гончигийн Нямбуу гэж жороо морь унаж түрүүлгэн, айрагдуулчихдаг, хурдан бор азаргатай хүн байсан. Энэ мэт олон хүн бий. Даанч тулгамдаад нэр орж ирэхгүй байна. Харин өнөөдөр сайн уяач ховор санагддаг. Морины дөмөгөөр л нэр гарчихаад байна уу даа. Би бол морины шандсаар л явна гэж өөрийгөө боддог. Гэхдээ морийг их хайрлаж уяна. Эм тариа янз бүрийн юм хэрэглэхгүй. Яахав сүүлийн үед тэжээл өгчихдөг болсон.
-Уяа сойлго эвлүүлсэн 50 гаруй жилээс хамгийн дурсамж үлдээсэн хэдэн оны ямар наадам байна вэ?
-Залуу байхад түрүүлж айрагдаж л байдаг тэгтлээ хөөрч байгаагүй санагдах юм. Харин өнгөрсөн 90 жилийн ойн баяр наадам хөгшин надад сайхан дурсамж үлдээлээ. Дахиад тийм баяр олдохгүй л болов уу.
-Таныг залгамжилж хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа залуучууд олон байна уу?
-Зөндөө байна. Үүний дотроос айхтар амжилт гаргаагүй ч моринд их дуртай манай эгчийн хүү Бат-Ирээдүй гэж нөхөр бий. Зөндөө юм барьж аваад уячихна, уралдуулчихна. Гэхдээ одооноос явах байхаа. Би нэг хонгор морио өгсөн байгаа. Өнөөдөр ч нутгийн адуугаар уралдах амьтан цөөрч дээ. Уг нь нутаг адууг шавхаж, эдэлж үзмээр л байгаа юм. Гэвч залуучууд өөрийн юмаа тоохгүй. Холын, дөмөгхөн хурдтай газрын морь руу хошуурахыг яана. Тэрнээс адуунд нь явж байгаа уячихмаар сайхан амьтад зөндөө харагдаж байх юм. “Айлаас эрэхээр авдраа уудал” л гэж хэлдэг юм. Гэвч адуугаа эдлэхгүй таргалуулчихаад мотоциклиор малаа хариулахыг яана. Уг нь энийгээ эдэлгээнд оруулж нутгийн буяныг эдэлмээр л байгаа юм. Хоёрт биднийг морь уядаг байхад 60 морь уралдлаа гэхэд 31-ийг нь барьдаг, урамшуулдаг, уяачдын хөдөлмөрийг үнэлдэг байлаа. Тэр хэрээр хүн их урам орно ш дээ. Тэгсэн одоо 100 морь уралдлаа гэхэд 30-ийг барина гээд тасалчих юм. Цаана 70 уяач хоцорно. Энэ нь өнөө л эдийн засгийн боломж энэ тэрээс болдог биз дээ, хөөрхий.
-Тэр үед төр засгаас нэгдсэн төсвөөр зохион байгуулдаг байлаа. Одоо аль нэг уралдааныг зохион байгуулахад уяачдын хармаанаас, эсвэл зохион байгуулж байгаа хэдхэн хүнээс гарч байгаа болохоор тэр биз дээ?
-Тийм л юм шиг байна. Дээр үед айргийн таваас хойшхи нь 15 юм уу 20 төгрөг, дахиад хойшлохоороо 10,10 төгрөг гэхчилэн сүүлдээ гурав, гурван төгрөгийг баярын бичигтэй өгнө. Тухайн уяачийн сэтгэл сэргээд, нүд нь онгойгоод явчихдаг байсан. Тэгтэл одооны уяачдыг харж байхад бай шагналд нь жоохон гомдолтой л яваа харагдах юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна