Аймгийн Алдарт уяач Д.Батсуурь: Зөв чихийг нь имнэсэн адуу ичээд түрүүлдэггүй гэдэг

А.Тэлмэн
2017 оны 4-р сарын 13 -нд

Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Доржийн Батсуурь гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1949 онд Гурван худгын шанд хэмээх газар төржээ.
-Энэ нутгийн хурдан морины түүхийг өгүүлэх ахмад уяачдын нэг бололтой
-Тэгэлгүй яахав. Бидний үеийнхэн ч цөөрч дээ. Одоо гурван хүн л байгаа юм уу даа. Ах нь 41 жил хурдан морь уяхдаа 30 гаруй түрүү, 70 гаруй айраг нийтдээ 114 айраг, түрүү авч. Үүнээс таван түрүү, арван айраг нь бүсийн чанартай уралдааных. Энэхүү амжилтаараа 2009 онд аймгийн Алдарт уяач цолны болзлыг хангасан даа.
-Хэдий үеэс эхлээд хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа билээ?
-Би 1975 оноос эхлэн морь уяж байна. Дөрвөн жилийн дараа 1979 онд АХ-ын ойгоор их насны хөх шаазгай морь айрагдуулж анхныхаа айргийг авч байлаа. Тэр жил Баруунбаян-Улаанаас дөрвөн морь авчраад гурвыг нь айрагдуулж байсан юм. Тэрэндээ урамшаад мориноос холдсонгүй  өдий хүрлээ.
-Багадаа хурдан морь унаж байв уу?
-Нутгийн өвгөчүүлийн хурдан морийг унадаг байсаан. Анх морь уяхдаа тэднийхээ заавар зөвлөгөөг дагана шүү дээ. Түүнээс манай аав, өвөө аль нь ч морь мал уядаггүй байсан улс. Манай нутагладаг байсан газар морь уях ч боломжгүй, чулуу ихтэй. Би цэргээс халагдаж ирээд газрын намд нутаглах болж, тэр үеэс л морь уяж эхэлсэн дээ. Бригадын дарга хийж байсан хэдий ч зун улс морио уяж үсэргэхээр хорхой  хүрээд тэсэхгүй, тэгж байгаад 1975 онд Баруунбаян-Улааны танилаасаа дөрвөн морь аваад тэр жилээ гурвыг нь айрагдуулахгүй юу.
-Хэзээ авсан юм бэ?
-Зун.” Өөрөөс тань л морь авах санаатай явна” гэсэн чинь “би чамд түрүүлэх морио өгчихөөр наадуул нь яах уу, наадуулыг нь өгчихөөр холоос авчирсан морьд нь давхихгүй бол чи яах уу. Тэгэхээр их явдалтай байна. Энэ жилдээ болиод дараа жил ирж ав. Үгүй бол дөрвүүлэнг нь ав” гэсэн юм. Ийнхүү уяачийнхаа гарааг эхэлж, олон жил нутаг адуугаар сайхан наадсаан. 2000-гаад оны эхэн үед хүмүүс зүүн талаас адуу зөөж, тэндээс ирсэн морьд л аль ч газрын наадамд түрүүлдэг боллоо шүү дээ. Тэгэхээр нь олныхоо жишгийг дагаж 2004 онд Хэнтий, Дорнод  зэрэг зүүн аймгууд болон Увсын Тэсээс азарга авч, нутгийн гүү хураалгаад адууныхаа цусыг холдуулсан. Одооноос унаган морьд маань сайхан давхиж байна. Сая аймагт болсон уралдаанд түрүүлдэг зээрд морь чинь манай унаган адуу. Өмнө нь сумдын ойд хэд хэд түрүүлсэн морь байгаа юм.
-Эцэг нь хаанахын азарга билээ?
-Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Төмөр гэдэг хүний адуу. Азарга холоос тавихаар адууны хамаагүй сайжрах юм. Биеийн хэлбэрээс эхлээд л...
-Алдартын магнайг тэнийлгэсэн аргамаг хурдан хүлгүүдээсээ танилцуулаач?
-Түрүү үедээ нэг хээр морь их хурдан байлаа. Хоёр түрүүлж, нэг айрагдсан. Энэ нутгийн адуу л даа. Дараа нь мөн л энэ нутгийн унаган хүрэн морь маань дөрөв аман хүзүүдэж, найм айрагдсан. 12 жил завсаргүй айрагдсан ч түрүүлээгүй.
-Түрүүлж чаддаггүй байсан нь юутай холбоотой байсан гэж боддог вэ?
-Уяачийн эрдэм ухаантай ч холбоотой байдаг байсан байх. Хөгшчүүл “зөв чихийг нь имнэчихсэн адуу ичимхий байдаг. Түүнээсээ болоод түрүүлдэггүй юм” гэдэг л байсан. Би зөв чихийг нь имнэчихсэн адуу хүнээс авч байсан юм л даа. Чухам тэрнийх байсан уу, уяа сойлгондоо байсан уу дөрөв аман хүзүүдэхэд нь дөрвөн өөр морь түрүүлсэн юмдаг.
-Танай нутагт түрүүлж, айрагдсан моринд цол,чимэг өгдөг юм байна. Хээр, хүрэн морьд ямар цолтой байсан бэ?
-Хээр морь маань Дархан түмэн эх цолтой байсан. Харин хүрэн морь маань ямар ажнай билээ дээ. Санадаггүй ээ. Хурдан моринд цол чимэг өгдөг сайхан уламжлал 90-ээд оноос хойш тасарчихлаа. Уг нь морины хийморь, хүмүүсийн урам сэргэсэн сайхан заншил байсан юм.
-Аймгийн чанартай наадмуудад хэдий үеэс оролцох болсон юм бэ?
-2007 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас хээр азарга авч, 2010 онд аймгийн наадамд аман хүзүүдүүлсэн. Тэр бол миний аймгийн баяр наадмын анхны айраг. Тэрнээс хойш хээр азарга маань  аймагт хэд хэд айрагдсан. Сумандаа болохоор явдаггүй адуу.
-Яагаад?
-Ул нимгэнтэй болохоор хатуу хөрстэй газар давхихгүй л дээ. Одоо үр төлүүд нь сайн давхиж байгаа. Аймгийн наадамд соёолон үрээ дөрвөлж, хязаалан үрээ гурваллаа. Би аймгийн наадмаас түрүү авч үзээгүй. Дөрвөн айрагтай.
-Адуу малын наймаа нэлээд хийдэг бололтой дуулдана лээ. Гарсан адуунууд хэр давхиж байна вэ?
-Хурд хувааж, олныгоо баярлуулах хэрэгтэй. Адилхан адуунд дуртай аавын хөвгүүд баярлах ёстой шүү дээ. Тэгж бодоод би хүний авъя гэснийг өгчихдөг юм. Гэхдээ айхтар үнэ хүргэж зараагүй ээ. Голдуу л нэг хоёр айрагдчихсаных нь дараа хоёр, гурав сая төгрөгөөр өгчихдөг юм. Түрүү аймгийн бүсэд түрүүлсэн гэдэг зээрд морийг шүдлэн үрээ түрүүлгэчихээд 2,5 саяар зарсан. Тэгсэн уржнан өөр хүнд 15 саяар зарагдсан гэнэ лээ. Дүү шарга хязаалан  нь аймагт дөрвөөр давхисан. Энэ мэтчилэн манай адуу аймаг орон  нутагтаа гайгүй л давхиад байгаа юм.
-Таны оролцсон хамгийн чансаа өндөр наадам хэдэн оны ямар наадам байв?
- Ламын Гэгээний 360, 370 ой л юм даа. 1999 онд 360 жилийн ойгоор нэг их морьтой очоод 104-өөр давхиулсан. 370 жилийн ойгоор зургаан насны морьтой очиж нэг их морь долоо, нөгөө нь наймаар, соёолон үрээ зургаагаар давхисан. Уржнан болсон 375 жилийн ойд очиж чадаагүй ээ.
-Наадам болгон сайхан. Тэрэн дундаас сэтгэлд хоногшсон хамгийн сайхных нь түүхээс хуваалцаач?
-Хамгийн анх морь уяад айрагдуулж байсан бол мэдээж мартагдашгүй. Түүнээс хойш 40-өөд жил морь уяхдаа сайнтай муутай зөндөө наадлаа. Хээр морио сумандаа түрүүлгэчихээд намар нь Жинстэд наадам болно гэхээр нь долоо хоногийн өмнө барьж аваад ганц хоёр хөлс авсан болоод явуулчихлаа. Зун нь уралдаад тавьчихсан байсан адуугаа шүү дээ. Тэгсэн Баацагааны Дагвасамбуу гэдгийн шаазгай морьтой хоёулаа явсаар байгаад зурхайд ордгийн даваан дээр миний хээр нам суудаг юм. Наад морь нь зурхайгаа даваад орчихсон. Миний хээр арын морьдоосоо хол тасарсан тулдаа алхсаар байгаад орж байгаа юм. Түүнийг хараад өөртөө дургүй хүрсэн. Малыг тэгж зовоож болохгүй шүү дээ. Уяа нь хангалтгүй байхад хүчилсээр байгаад орсон морь чинь хөлгүй болчихсон. Тэгэхээр залуу уяачид та бүхэн минь над шиг алдаа битгий гаргаарай. Наадам олон сайн морь цөөхөн шүү.
-Залгамж халаа болсон залуучууд морь хэр уяж байна вэ?
-Би есөн хүүхэдтэй. Гурав нь банди. Хоёр нь хөдөө, нэг нь хотод байдаг. Хотод байдаг нөхөр бөхийн спортоор хөөцөлдөөд надад олдохгүй ээ. Жудогийн шигшээ багийн тамирчин. Тэнд авгай хүүхэдтэй болчихсон. Хөдөө байдаг хоёрын нэг нь надтай цуг морь уяж байна. Би амаараа, хүүхдүүд маань гардаж уяад сүүлийн жилүүдэд сайхан л наадаж байна. Залуу хүмүүс наадмаас наадмын хооронд суралцах биз.
-Тэгэлгүй яахав. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж ярилцсанд баярлалаа. Морин эрдэнийн хийморь мөнхөд ивээг. 
-Баярлалаа. Танай сэтгүүлийн хамт олонд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд малчид уяачдынхаа хөдөлмөрийг үнэлж олонд сурталчлан таниулах үйлсэд тань амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна