Аймгийн Алдарт уяач С.Амарбаясгалан. Аавын унаган адуу Ембүү хээрийнхээ амжилтаар аймгийн Алдарт болсон

А.Тэлмэн
2016 оны 8-р сарын 29 -нд

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Амарбаясгалантай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Залуухан Аймгийн алдарт уяач байна. Хэзээ Аймгийн алдарт болсон бэ?
-2011 онд болсон.
-Аймгийн алдарт цол авахад ямар хурдан хүлгүүд давхисан бэ? Хаанахын ямар угшлын адуугаар уралдаж байна?
-2010 онд аймгийн наадамд ембүү хээр морио тавлуулж, Хэнтийн цэцэн ханд мөн тавд оруулж аймгийн алдарт авсан. Ембүү хээр өөрийн унаган адуу, манай аавын халзан азарганы төл. Халзан азарга сумандаа 3 түрүүлж, нэг аман хүзүүдэж, 3 айрагдсан, гарч уралдаж байгаагүй адуу. Халзан азарганы угшил нь Баяндэлгэрийн Лооль гэдэг хүний халзан адууны угшилтай. Тэрнээс цаашихыг би сайн мэдэхгүй. Аавын хөгшин халзан азарганы төл 3 халзан азарга байсан. Том халзаны төл, хоёр бага азарга тэргүүтэй 4 адуу сайн давхидаг байсан. Бүсэд ордог ембүү хээр бол бага халзан азарганы төл байгаа юм.
-Өөрийн унаган адуугаа аймаг, бүсэд оруулж түүнийхээ амжилтаар аймгийн алдарт болно гэдэг сайхан хэрэг байна. Өөр ямар айраг, түрүүтэй вэ?
-Сумандаа 2009 онд хээр морио тавлуулаад, хүрэн хязаалан дөрөвлүүлэн хоёр айраг авсан. 2011 онд хээр хязаалан тавлуулж, 2012 онд Содномын Бат-Очирын хонгор азаргыг уяж дөрөвт оруулсан. Орон нутгийн наадамд нэлээд хэдэн айраг   авсан.
-Дөрөвхөн жилийн хугацаанд Аймгийн алдарт болтолоо амжилтад хүрэхэд өөрийн хичээл зүтгэлээс гадна удам нөлөөлсөн байх?
-Манай аав сумын алдарт уяач Дэндэвийн Содов гэж хүн бий. Хоёр гурван ч халзан азаргаа уралдуулж айрагдуулж байсан. Би морь уях эрдмийг ааваасаа өвлөж авсан. Өглөө морио харж байгаад биеийн хөндүүрийг гаргах, хөлсийг нь задгайлах, хүчийг буулгах талын ажил хийнэ. Ер нь морины гэдэс ямар байна, морины тарга хүчинд тааруулж, морийг хөлсөөр л их уядаг даа. Амьсгааг нь задалж, тарга хүчийг нь буулгаж, хөлсийг нь задгайлах юм бол морь сайн явна гэж ойлгодог. Энэ бүхнийг ааваасаа л сурсан. 
-Зарим хүмүүс морь сайн байсан ч хаширлаад гадагшаа явж уралддаггүй. Амарбаясгалангийн хувьд аль алиных нь тохироо бүрдээд аймаг, бүсэд морио давхиулсан байх. Ер нь томоохон уралдаанд гайгүй давхисан морьд шинэ эзэнтэй болчихдог гэмтэй?
-Морь сайн болоод аймагт ирж уралдсан. 2010 онд суманд зургаалуулчихаад давхар уяагаар аймагт ирж тавд оруулсан. Тэрнээсээ урам ороод бүсэд уралдаж айраг авсандаа баяртай байдаг. Ембүү хээрээ зарчихсан шүү дээ. 2011 оны намар Алдарт уяач Жамбалсүрэн гэдэг хүн ирж үзээд авсан.
-Аймаг, бүсийн айрагтай Ембүү хээр ямархуу үнэ ханш хүрэв?
-30 саяд өгсөн дөө. 
-Ембүү хээрээ хүнд өгчихөөр цаана нь залуу эзнээ шинэ алдар цолонд хүргэж, юм дуулгах адуу байна уу?
-Аймагт уралдаж байсан зээрд азарга бий. Хүргэн Батжаргалын 2 уралдаад 2 айрагдсан азарга, ахын ноднин тавласан хязаалан байдаг. Өөр бас 4-5 адуу байгаа. 

"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна