Аймгийн Алдарт уяач С.Дашзэвэг: Бор морио уяж байхдаа дээлээ сольдоггүйсэн

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 08 -нд

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сандагийн Дашзэвэг гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
- Таныг бор цагаан зүсмийн адуугаар их сайхан наадаж байсан гэлцдэг юм билээ. Тэр хаанахын адуунууд байсан юм бэ?
- Энэ ерөөсөө л манай өвөг дээдсийн угшилтай адуу. Манай эндэхийн хөгшчүүл Тэсийн голын унага, Тэрхийн голын хүүхэн гэж хурд авах гэж байгаа бол Тэсээс авдаг байсан. Ээжийн аав халзан Бадарч гэдэг хүн 1910 хэдэн оны үед хойд Тэсийн голоос цагаан гүү хүнээс авч,энд Цамба гэдэг айлын цоохор азарганд тавьж хурдтай болсон гэдэг. Бид эхээс наймуулаа, эрэгтэй голцуу. Монгол хүн хүүхний хүүхдүүд эрэгтэй голцуу гараад байхаар хурдтай унаатай болно гэж бэлгэшээдэг, тэр бэлгэдлээр адуутай болсон юм билээ. Цамба гэж хүн өөрөө хоёр гүүтэй, өвөөгийн бор гүүтэй нийлээд 3 гүүтэй, түүнийгээ “Манай адуу үзэгдэнэ үү” гэж хайдаг гээд улс амьтан элэг доог хийж байсан гэдэг.
-Тэсийн голын бор гүү  танайд хурдны үрийг тарьжээ. Өөр танай адуунд хаанахын адууны цус орсон бэ?
-Бор гүүний төл нь Далхаагийн ягаан гэж алдаршсан хурдан адуу байсан гэдэг.Манай өвөг эцгийн бор адууны суурийг би үндсэндээ залгасан даа. Сүүлд би Хүрээмарал сумаас нэг даага авч азарга тавьсан. Миний садангийн айл манай хүүхдэд адуу амласан юм. Танай хүүхдийн адууг зүсэлж өгье гээд зэлэн дээрээ очоод хээр байдас зүсэлж өгсөн. Сайхан л байдас байна гэж бодоод явах гэж байтал гэрийн нь үүдэнд доголон бор даага зайдалсан хүүхэд ирээд хазаарыг нь мултлаад тавьчихсан чинь зэл рүүгээ шогшиж байна. Харахад тун аятайхан даага. Тэр даагыг авмаар санагдаад гэрт нь ороод айраг ууж байгаад “Ганбаа хө, энэ доголон бор даагыг чинь авья” гэсэн чинь “арван хонь өгөөд ав” гэнэ.Би дотроо “Арван хонь нь ч яахав, харин хурдан морины наймаа хийж байгаа хүн хонь өгдөггүй гэдэг. Яахав” гэж бодож суулаа. Ер нь хонь мөрийнд өгдөггүй гэдэг байхгүй юу.Тэгээд “Чи тэгж хоньгүйдээд байгаа бол би чамд хонь өгч болох л юм, гэхдээ би хониноос өөр юм өгмөөр байна” гэлээ.Намайг хурдтайг мэддэг болохоороо бор даагыг таниад авах гэж байна гэж бодсон байх. Тэрнээс биш 96, 97 оны үед аягын чинээ даага арван хонь гэж юу байхав. Тэгтэл эцэг нь хажуугаас “Та нар бие биендээ малгайн чинээ даага үнэлээд байхдаа яадаг юм. Өгч, авах юм бол зүгээр өгч авахгүй юу.” гэж дуугарч байна. Тэгээд би дүүтэйгээ мордоод явлаа. Замдаа дүүдээ “Ахын нь азарга нэг л харимал болчихоод байна, энэ бор даагыг авч азарга тавина аа хө” гэлээ “энэ доголон даагаар яадаг юм, өөдтэй юм уу” гэж байна. “Мал мэдэхгүй байж юу яриад байгаа юм, ямар ч байсан айраг, түрүүтэй л байна вий.”  Тэгээд өвөл нь өөр хүнтэй төлөгний наймаа хийгээд түүгээр нь нөгөө даагыг авсан. Шүдлэн үрээ, хязааланд нь уяагүй ээ, туниа муутай давжаа жижигхэн юм байсан. Соёолон болсон жил нь уяад ес дээр ирээд,нийлсэн жилээсээ л айраг, түрүү авч эхэлсэн дээ. Хавчиг азарга би сойгоогүй юм. Нэг түрүүлж, нэлээн хэд айрагдсан.Жаахан ул муутай болохоор нь зарим жил тавьчихдаг байсан юм. Энэ хоёроор л би аймгийн Алдарт болсон хүн дээ. Би ер нь зүүн талаас азарга аваагүй ээ.
- Танай аав ер нь морь мал уядаг хүн байв уу?
- Манай аав морь уядаггүй байсаан. Цэрэгт зүүн хязгаарт зургаан жил байсан, ахмад дайчин хүн. 2012 онд 96 настайдаа бурхан болсон. Аавтайгаа цуг өтлөөд дал хүрч байна даа би. Миний тухайд 1956 онд нэгдэл нийгэм үүсэж байхад зургаан настай, хурдан морины хүүхэд байсан. Балган гуай гэж нутгийн нэг хөгшний хүүхдээ булгиад тогтоодоггүй ааштай морийг Сандаг гээд аавтай адилхан нэртэй хүн авсан юм. Намайг тэр морио унаад өгөөч гэхээр нь би өөрөө дурлаж очоод унаж айргийн гурваар давхиулж байлаа. Сандаг гуай хоёр гурван хүүхэнтэй, эрэгтэй хүүхэдгүй. “Би хүнээс морь аваад уяад айрагдчихлаа.Хойтонгоос эрэгтэй юмны зулай үнэрлэдэг юм болов уу” гээд их л баярлаж байж билээ. Тэгж л эхэлж би моринд орсон доо. Өөр бас Далайн Пүрэвийн бор морийг унаж айрагдуулж байсан. Түрүүний ярьсан Цамба гэж хүний хүү Жүгдэрийн бага насны морьдыг унаж их олон түрүүлсэн.
-Уяач болох гараагаа хэрхэн эхлүүлж байв.  Цэргээс ирээд анх морь уясан уу?
-Тэрнээс өмнө уялгүй яахав. Алтайн туувраас нуруугүй болчихсон хонгор хязаалан үрээгавч, 1969 оны долоон сард уяж айргийн дөрөв дээр давхиулаад, найман сард нь цэрэгт явсан юм. Тэр үед өөрөө бас барилдаж дөрөв давчихаад, тавын даваанд нь нэг ахимаг бөх намайг тэвэрч үнсээд “Цэргээс ирээд цолоо аваарай миний хүү” гээд тахим авчихаад явчихсан. Тэр үедээ намайг үнсдэг ямар сайн хүн бэ гэж бодожбайсан байх. Залуу байсан болохоор хууртаад тахимаа өгчихөж байж билээ.
-Аргагүй л залуу жаахан байж дээ. Тэр үед цэргийн алба 3 жил байсан уу? Цэргийн албаа хаана хаасан бэ?
-Би Дорнодод барилгын 030-р ангид цэргийн алба хаасан. Тэндээсээ Баянчандманий зам барилгын тусгай батилион гээд хар зам тавьдаг анги шинээр байгуулагдахад шинэ ангийн харьяанд очсон. Тэнд авто гридер, индүү, шороо зөөдөг самосволоос аваад бүгдийг даргын тушаалаар барина. Хөдөө морь ногтлохоос өөр юм мэдэхгүй байсан бид даргын “эх орон чамд тушааж байна” гэсэн тушаалаар чадахгүй юмаа хүртэл чаддаг болж байгаа юм. АХ-ын 50 жилийн ойгоос өмнө Сэлэнгэ Улаанбаатар хоёрын хооронд засмал замтай болно гээд зорилт дэвшүүлсэн байсан. 11 сард нь Дорнодоос манай рот ирсэн. Энд тэндээс анги бүрээс нэг нэг рот ирсэн л дээ. 600 гаруй цэрэг ганц ч шонгийн модгүй цастай мухарт бүтээн байгуулалт хийхээр ирж байгаа юм. Хөвөнтэй хоёр давхар наар засаад л унтана. Цэрэгт даарлаа энэ тэр гэсэн үгийг хүлээж авахгүй ш дээ.Хөл  даарч байна гэхэд л гутлаа тайлаад цасанд дүрээд буцаагаад өмс гэнэ. Тэгээд л наадмаас өмнө 300 гаруй км сайжруулсан замыг засаж дууссан. Замаа дагаж ажилласаар яваад СэлэнгийнТужийн нарснаас цэргээс халагдаж байлаа. Тэр замын ажлаас болоод манай урд оны цэргүүд дөрөв дэх жилдээ орчихоод байхад халагдах тушаал байдаггүй. Одоо бодож байхад тэгж шахаж ажил хийлгэж байж дээ. Тэгээд цэргээс ирээд л энэ цагаан адуунуудтай ноцолдсон доо.
-Мэдээж тэр үеэсэргэлт буцалтгүй моринд ороо байлгүй. Анх ирээд ямар адуу уяж байв?
- Би 1972 оны зургаан сарын 28-нд цэргээс халагдаж ирсэн. Намайг ирнэ гээд аав гүүгээ уячихсан байсан. Намайг адуунд дуртайг мэдэх болохоор “Дүү нараар чинь хоёр гурван даага номхруулсан.Уяж сойдог юм уу, яадаг юм өөрөө мэд” гэж байна. Тэр үед 50 толгойгоос илүү гарсныг нэгдэлд өгдөг. “Тоо толгойноос илүү гарсан арван адуу, арван үхэр нийт хорин бод өгнө гээд бичүүлсэн.Чамайг ирэхээр болъё гээд хүлээгээд байж байна” гэж байна. Адуугаа өгөхдөө надаас асуух санаатай байсан юм биздээ. Би ирээд бараг лаав ээж хоёртоо үнсүүлчихэнгүүт зэлэн дээрээ очсон. Зэлний дээд талд ууган унага гээд доод газраа ухаад хэвтчихсэн хар бор унага, долоо найман гүү байна. Дэргэд нь цагаа үс энэ тэр нь ургачихсан навсайсан бор даага зогсож байна. Эх нь миний нэртэй бор гүү. Тэгээд Төр дүүдээ тэр бор даагыг зүсэлчихээд, гэртээ орж цай ундаа уух зуураа аавд “Төрийнхөө бор даагыг сойноо” гэсэн. Тэр жил бор даагаа өөрөө гардаж уяад, уяхаа ч хат.Муу сайн дүү нараараа унуулж байгаад тавьсан чинь аман хүзүүдсэн. Бор даага нэлээн хэд орсон. Борын эгчээс гарсан төл нь цагаан морь байгаа юм. Аавын нэгдэлд өгөх 10 адуунд хоёр сайхан үрээ байхаар нь охиныг нь авч үлдсэн. Аав “Үрээ нь дээр юм биш үү” гэхээр нь “Охиноос нь юм гарах байх” гэж бодоод аваад хоцорсон. Дааганд нь дүүдээ зүсэлсний эгчээс гарсан гэсэн үг.
-Залуу уяачийн морь хэр давхиж байв?
-1972 онд цэргээс ирээд 1973,74 онд бага шиг юмнууд уяж байсан. Өөрөө ч бас ноцолдмоор болоод бас хоёр тийшээ цалгардаад байсан байх. Тэгээд 1975 онд ханьтайгаа гэр бүл болсноос хойш жил өнжилгүй юм уяж уралдуулсан. Ноднин хань маань өнгөрөөд морь мал уяагүй. Манайх хүү охин хоёртой. Хүү маань “Ааваа энэ жил хоёулаа морь уяад яахав, өнжчих үү” гэхээр нь өнжсөн.
-Таны уясан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь ямар морь байна?
-Миний уясан морьдоос хамгийн их амжилт үзүүлсэн нь энэ бор азарга, бор морь хоёр. Энэ цагаан морь нэг түрүүлж, арван ес айрагдсан морь. 20 жил уралдахдаа ерөөсөө айраг, түрүүнээс буугаагүй. Бор морины эх нь нөгөө нэгдэлд өгөх адуунаас авч үлдсэн хээр гүү, эцэг нь Манлайн бор азарга. Намайг цэрэгт явсан хойгуур аав Манлай гэж хүнээс үрээ авч азарга тавьсан юм билээ л дээ. Манай нагац өвөг эцэг танайх бор азарга тавь гэж захисны дагуу бор азарга тавьсан гэдэг.
Тэр үедбор морийг соёолонгоос нь уяж уралдуулсан юм.Би нэгдлийн адуутай болохоор сургаж чаддаггүй байсаар хязааланд нь нэг юм сургамаар болоод соёолонд нь уясан. Тэгэхдээ одоогоор бол идшийг нь хэтрүүлээд мултлаад хаячихсан. Тэгээд нийлсэн жил нь буюу 1984 оны АХ-ын 63 жилийн ойн баяр наадамд их насны морь 57 уралдсанаас гурав дээр давхисан. Бор морины дүү хээр морь  таваар давхиад, ах дүү хоёр цуг цоллуулж байсан юм. Энэ бор морь 19-настай зодог тайлсан. Зарим жил давхар уралддаг байсан. Манайхан чинь Отгон, Гурванбулаг, Гуулин, Дэлгэрээр наадна. Хамгийн сүүлд зодог тайлсан жилээ ес дээр ирсэн. Тэгэхэд манай нэгдлийн дарга Баянбуу гэж моринд хорхойтой хүн “Чи хөгшин морины хоол хасаж явуулж байдаг тэнэг толгой”гээд загнаж байсан. Үнэндээ шөнө хүйтэн бороо ороод нэмнээд тавьчихсан чинь хаданд нэмнээгээ шөргөөгөөд унагаачихсан байсан. Угнь ерөөсөө айраг, түрүү алддаггүй гайхмаар морь байсан юм. Ганц айрагдаагүй нь тэр.
-Бор морь тань уяаны ямар онцлогтой морь байсан бэ?
-Ороо, их ааштай морь. Нутгийн зарим хүмүүс “Ийм ааштай морь уях гэж, наадах чинь хүний хүүхэд алах вий дээ” гэдэг байсан. Өглөө болгон барих гэж бөөн юм болно. Нэлээд сайн уургач л уургална. Хоёр гурав хөлс аваад, зөв эвлүүлээд ирэхээр гайгүй номхорно. Наадам дуустал би нэг тэрлэгтэйгээ л очно, өөр юм өмсөөд очилтгүй, маш их бишүүрхэнэ. Тэгсэн хэр нь нуруундаа их номхон. 23,24 хүрээд нэг зудтай жил өл алдаад үхчихсэн юм. Уягдаагүй жилээ уяан дээр ирээд жаахан зогсож байгаад яваад өгдөг.Бэлчээрт гарч идэшлэхгүй байгаад өвөл муу орсон. Манай аав “Хүүхээ бор морь та хоёр зөнөх болоогүй байна уу, арай барьж аваад уячихсан юм биш биз дээ” гэдэг байсан.
- Олон жил баярлуулсан хүлэгтээ ээнэгшиж дасаа байлгүй. Уралдсан наадмуудаас нь аль нь хамгийн их сэтгэлд хоногшсон байдаг вэ?
- Тэгэлгүй яахав. 1987 он санагдаж байна. Тэр жил морио сайхан эвлүүлчихсэн, сунгаан дээр ч гайгүй байсан. Шинэ Планет-5 мотоцикль авчихсан, морио дагах санаатай.Бас өөрөө барилдаж байгаа юм. Нэг аманд гарчихаад гэртээ ирээд өнөө бор морин дээрээ очихоороо өмсдөг муу  тэрлэгээ өмсчихөөд гарах гэж байтал Банга Сандаг гэж бас их хурдантай өвгөн хүрээд ирлээ. Тэдний хоёр морь Аржаргалантад үсэргээнд сайн байна гэнэ гээд улс амьтан яриад л байсан. Өнөөх чинь “чи хаачихнь уу” гэхээр нь гурвын бетонтой цай ганзагалангаа морины хүүхэд дээр очиж амыг зайлчихаад ирье гэлээ. “Чиний цагаан морь энэ жил сайн байна гэсэн байхаа хө” гэж байна. Би ч сайн байгаа гэчихээд мотоциклийн миллрүү тонгойчихлоо. Тэгтэл “Би хойгуур чинь суучихъя” гээд гуйхаар нь тэг тэг л гэлээ. Тэгээд давхиад очтол морь дагуулахгүй гээд хэсгийн төлөөлөгч цагдаа свичны утас авах гээд болдоггүй. Тэгэхээр нь Далхаа ахмадаас“Би энэ морио нэг түрүүлүүлчихсэн юм. Хоёр түрүүлгэчих санаа байна. Дагаж харъя” гэж гуйсан чинь за тэгвэл мориноос хол яваарай гээд явуулчихлаа. Морь барихад гурван км газар Банга ахын хоёр морь явж байна. Тэрний араас л явах бололтой миний цагаан морь. Газрын өөдсайн явдаг морь юм чинь зэрэгцэж очоод “явуул наадахаа, энэ хоёр морин дээр аваачаад буулгаадах” гэсэн хүүхэд нь инээгээд л ташуурдсан. Тэгсэн нөгөө Банга чинь “наад цагаан морио дундруугаа битгий оруулаарай” гээд хашгирахаар нь “Юу яриад байгаа юм дуугүй яв” гээд хоорондоо бас тэрүүхэндээ юм боллоо. Одоо бол ёстой түүх. Банга ахын морийг нэгийг нь түүний зээ, улсын харцага Батболд,нөгөөг нь өөрийнх нь хүү Цэдэнжав гэж аймгийн заан хоёр унаж явсан. Тэгэхээр нь би “Хоёр муу чацга минь, би та хоёрыг бууж байгаад ална шүү” гээд аминдаа айлгаж байгаа юм. (инээв)Тэгээд Банга ахын хээр морь нь түрүүлээд, миний цагаан хоёроор орлоо. Миний уур хүрч байна гэж жигтэйхэн их. Ерөөсөө тэр Бангасайг л зодъё байз, тэрийг л дагуулснаас боллоо гэж бодоод эргэтэл “Алив ах нь үнсье” гээд өнөө Банга ах чинь ард зогсож байна. Барьж аваад л үнсээд “Миний хүүгийн цагаан морь чинь аварга байх чинь ээ, энэ хоёрын дунд ороод ирдэг” гэнэ. Хүн тийм сайхан сэтгэл гаргаад, над дээр хүрч ирээд баяр хүргээд үнсэж байхад би яаж зодох юм. (инээв)Тэр наадам л их сайхан дурсамжтай наадам даа.
-Ер нь уяач хүн хожигдож, хожиж сурах ёстой гэдгийг тэр үед ухаарч байв уу?
-Залуу байж дээ. Шинэ үеийн залуучууд моринд их орж байна, энэ их сайн хэрэг. Гэхдээ нэг дутагдал байна. Наадам болгонд, үсэргээ болгонд айраг, түрүү авч байх юм бодоод байна. Тийм юм байхгүй ээ. Их хөдөлмөр хэрэгтэй. Тэгээд уяачдын хэлдэг гурван хороо арилгах хэрэгтэй. Наадмын босго хатуу гэдэг бас үнэн. Соёолон үрээ мордуулчихсан, улсууд чиний үрээ энэ жил юм дуулганаа гээд л. Би өөрөө шөвгийн дөрөвт үлдчихээд энэ хоёрыг унагаачихвал түрүүлээд наадам минийх болно гээд залуу байхад их юм бодогдоно. Гараад л бариад авсан чинь яасныг мэдэхгүй, сөхчихдөг юм. Тэгэхэд алаг Бямба гэж хүн “Чи чинь Даваажав зааны хоёр гарыг даахгүй ойчлоо доо” гэж байсан. Өмнө нь барилдаад өгөө аваатай л байсан. За тэгээд өөрөө ойчоод, хээр үрээ арай хийж тав дээр ирж байлаа.Тэр бардам сэтгэл, онгироо зан залуу насны л юм байж дээ.
-Бор морийг залгаж ямар морь хурдалж байв?
-Цагаан морины түрүүний байнд ирсэн эмнэг даага их хурдалсан. Тэр бага дөрвөн насандаа айрагдсан. Даагандаа уягдалгүй өнжөөд, шүдлэндээ гурваар ирж, хязаалан, соёолондоо аман хүзүүдсэн. Бас л нэгдэл нийгэм тараад, захиргааны адуу гээд цөөхөн адуу үлдсэнээс очоод аваарай гэсэн юм. Тэгээд очсон чинь “зургаан эр даага байна, нэг нь ийм өгөр зүстэй” гэж байна. Яг тэр орог халиун ч гэмээр зүстэйг нь морины зүс дагуу юм гээд авчихлаа. Зүснээс гадна бас эх нь хэлбэр галбир сайтай, сайн гүү байсныг нь мэдэх болохоор сонгосон. Том болоод нас нийлсэн жилээ ес дээр давхисан. Уг нь хурд муутай, их бяртай морь гэж боддог байсан юм.
-Дараагийнх нь бор азарга уу? Танай унаган адуу юу?
-Тиймээ, дараагийнх нь. Бор азаргыг би Хүрээмаралын Ганбат гэж хүнээс авсан юм. 1998 оны даага байхаа, 2000 он гараад л уралдуулсан. 2006 оны Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор түрүүлсэн зураг нь энэ. Нийт нэг түрүүлж, тав зургаа айрагдсан. Бор азаргаул нимгэнтэй, ширүүн газар хэд үсэргэхээр балбачихдаг байхгүй юу. Тэгээд Равжир бид хоёр гахайг нь яраад хөл орчихно л доо. Бөндөгө хатгана гэдэг чинь улыг ганц хэмнэж байгаа юм чинь тэр. Бид нар бүгдээрээ хатгаж, ханаж байгаа. Гэхдээ манай Равжир үнэхээр гайхалтай хатгана.
-Бор азарганы төлүүд нь яаж давхиж байгаа вэ?
-Төл нь Буган ягаан үрээ бий. Буган хязаалан үрээ аман хүзүүдээд байгаа. Бас хүн амьтанд төлөөс нь өгсөн. Зөвхөн надад есөн төл нь байна. Дандаа өөрийн нутаг гүүнүүдээ тавиад гарсан төлүүд.
-Ерөнхийдөө та нутаг адуугаар нааддаг юмаа даа?
-Нутаг адуугаар, тэр дотроо дандаа цагаан адуугаар наадаад байгаа. Манайхан “Цагаан адууны уяаг Дашзэвэгт аваачиж үзүүл” гэдэг юм байна лээ.
-Бүгээн зүстэй адууны арьс хөрс нь  нимгэн байх уу, гайгүй юу?
-Бүгээн адууг наранд сайн давхидаг гэж ярьдаг, дээр үеийн улсууд.Миний энэ бор морь бол сүүдэртэй, сэрүүнд их давхидаг. Их зузаан махтай, өөр адуу. Хүн болгон намайг тураахгүй байна,тураавал ч их юм гарна даа гэдэг байсан. Би сар гаруй уяад ч турааж хүчирдэггүй. Их өвөрмөц адуу байж гэж өнгөрсөн хойно нь бодож сууна. Бор морийг уяж байх үед миний хор гараагүй байсан юм байна лээ.
-Та сумын баяр наадмаас хичнээн түрүү айрагтай юм бэ?
-Гурван түрүү, 44 айрагтай. Энэ амжилтаараа 2011 онд Аймгийн Алдарт уяач болсон.
-Хүү тань бас морь мал уядаг юмаа даа?
- Хүү уядаг аа. Аавынхаа малгайг авнаа л гэдэг. Одоо бүл зав муутай, олон нялх хүүхэдтэй.Адуу нь ч миний үеийн, хөгшрөх тийшээ хандах нь дээ. Миний хээр морь гэхэд л 10 хүрчихлээ. Бор азарганы хамгийн түрүүчийн төл одоо 12 настай. Одоо нэг гайгүй азарга бий. Бас л нутаг азарга л даа. Бас өөрөө харж явж байгаад л тавьчихсан. Энд тэндээс авъя гэж боддоггүй юм, би. Яахав өөрийнхөөрөө айраг, түрүү аваад болоод байгаа юм чинь. Харин хүүхдэдээ Дорнодоос Баянхонгор руу адуу зөөгөөд байгаа Халзан гэж хүнээс адуу авч өгөх санаатай. Тэр хүний авчирсан адуу их давхиж байна.
-Та уяачаас гадна сумын заан цолтой хүн. Хэдэн онд энэ цолыг хүртсэн бэ?
-Би гурван удаа суманд шөвгөрсөн амжилтаар 2000 хэдэн онд бөхийн шинэ дүрмээр заан цол хүртсэн. Манай энэ сумын наадам бараг аймгийн чанартай наадам шиг болно. Захын сум болохоор морьд ч их ирнэ, бөх ч их ирнэ. Говь-Алтай, Завханаас ирнэ. Ойр хавийн Гурванбулаг, Хүрээмарал сумдынхан хурд сайтай. Мориороо бол манайд дээрэлхэнэ шүү дээ. Бууцагааныхан Маралд дээрэлхдэг, Марал манайд дээрэлхдэг.Манайхан хойшоо Отгонд очсон болгон нь айрагддаг. Их сонин, урдаасаа хойшоо явдаг.
-Сум орон нутгийнхаа хурдан хурц адуунуудын тухай мэдэх ахмад уяачийн хувьд энэ талаар залуус хойчист сануулах хүн нь гэж бодож байна л даа?
-За Баавалын хар гэдэг морь мөн ч сайхан амьтан байж дээ. Энэ суманд хоёр түрүүлж, гурав айрагдаж байсан. Нэг айрагдахад нь би өөрөө унасан юм. Баавал гуай хар мориноосоо өмнө Батнямын хээр гэж Отгон сумаас нэг үнэтэй морь авсан юм гэнэ лээ. Тэр Батнямын хээр их хурдан морь байсан даа. Мөн Адъяагийн Монхорын хондон гэж суманд завсаргүй зургаан жил түрүүлсэн нэг хондон морь байлаа. Тэрнийг уралдаж байхад би бас морины хүүхэд. Цаашаа зурхай руу явахдаа урдаас нь нэг хүүхэд чирч, жолоог нь буулгачихаад хоёр талаас нь хоёр хүүхэд, хойноос нь нэг хүүхэд зэрэг ташуурдаад л явна гэж байхгүй. Тэгээд эргээд бид нар газрын дунд явж байхад хажуугаар гараад л явчихна. Барианд ирээд ямар морь түрүүлсэн бэ гэхээр “Өө монхорын хондон. Та нараас аль түрүүн ирсэн” гэдэг байсан. Бас Дагдангийн хээр гэж нэг цуутай хээр морь байлаа.Дагдангийн хээр манай сумын Гэндэнсамбуу гэж хүний унаган адуу. Гээд яривал сайхан хүлэг морьд олон байжээ.
-Залуу уяачдад сургамжтай сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
-Гялайлаа. Та бүгдэд ч бас сайн сайхан бүхнийг хүсье.
П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна