Аймгийн Алдарт уяач Г.Самбуу: Миний халтар азарга надад зургаан алтан медалийг авчирсан

А.Тэлмэн
2016 оны 5-р сарын 31 -нд

Увс аймгийн Бөхмөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Самбуутай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Самбуу  Алдартын нэрийг гаргасан хурдан хурц хүлгэдийнхээ тухай ярьж өгөөч?
-Бага залуу наснаасаа л адуу малтай харьцаж өслөө. Хожмоо аймагт ажиллаж, амьдарч байгаад 1987 оноос нутагтаа ирж морь уяад хорь гаруй жил болж байна. Анхандаа хатираа морь уядаг байлаа. Удалгүй бага насны морьдын уяа сойлго тааруулж, сумандаа арван хэдэн айраг, долоо, найман түрүүг авсан. Харин 1990 оноос азарга уяж, найман ч медальтай боллоо. Эндээс миний халтар азарга надад зургаан алтан медалийг авчирсан. Би ер нь халтар зүсмийн адуугаар нааддаг хүн. Миний хадам аав Очир гэж адуучин явлаа. Түүний ганц охиныг би эхнэрээ болгон авсан юм. Ингээд хадам аавынхаа адууны гүүнүүдээс гарсан төлүүдийг уяж сойсоор өнөөг хүрлээ. Бас найм, есөн медальтай, 11-тэй нэг халтар морь бий. Халтар азарганы ээжийн нь ээжээс гарсан төл гүүнээс төрсөн юм.
-Таны уясан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь ямар морь байна вэ?
-Хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь халтар азарга юм. Манай хадам аав нэгдлийн адуу маллаж байсан болохоор ганц хүргэндээ шилж байгаад өгсөн нь гарцаагүй. Их гоё биетэй, бие бялдар, хэлбэр хийц  төгс, төл сайтай Эвтэйхэн нэртэй халтар азарганы төл халтар зүсмийн байдсан гүүг надад өгсөн юм. Завханы угшилтай халиуны халтар гэж азаргыг халтар гүүндээ тавьж, анхны төл нь болох халиун морь төрсөн юм. Харин халтар гүүгээ мянгат малчин Сүрэн гэж ахынхаа уралдаж байгаагүй, бадриун хул азарганд тавьж гарсан төл нь энэ халтар азарга маань юм шүү дээ.
-Эвтэйхэн нэртэй азарга нь уягдаж байсан юм уу?
-Ерөөсөө уягдаж байгаагүй. Манай баруун аймгийнхан азарга уядаггүй байгаад, 82 оноос уяж сойж байна.
-Халтар азаргаа хэдий үеэс эхэлж уясан юм бэ?
-Халтар азарга 2002 оны төл. Дараа жилээс нь уяж эхэлсэн ч даагандаа хөлөө авчихаад давхиж чадаагүй. Шүдлэндээ  уралдуулах гэтэл бас доголоод өнжсөн. Хязааландаа суманд тасархай түрүүлж, таван настай дахин түрүү магнай болсон. Ингээд зургаатай өнжөөд, долоон настай азарга сумын наадамд аман хүзүүдсэн. Түүнээс хойш 11 нас хүртлээ зургаа түрүүлчихээд байна. Хоёр ч наадамд давхар байнд ороод бас хоёр мөнгө авсан.
-Танай энд жилд хэдэн наадам болж байна вэ?
- Давхар байтай уралдана. Ойролцоох Түргэн, Ховд, Бөхмөрөнгоор бас наадаад авдаг юм. Манай сумынхан бол жилдээ хоёр л нааддаг.
-Ууган төл халиун морь  ямар ямар амжилт гаргаж байв?
-89 оноос эхэлж уягдсанхалиун морь их, бага наадамд нэг аман хүзүүдэж, гурав айрагдсан. Түрүүлж үзээгүй юм. Энд бас арваас урагшаа тав, зургаан удаа давхисан. Өөр миний уяж байсан нэг хул морь байгаа. Халтар азарганы төрсөн дүү болох энэ хул морь одоо найман настай, нэг медальтай. Эцэг нь Сүрэн ахын маань хул азарга. Мөн сумандаа нэг айрагтай, өнгөрсөн зун арваар ирсэн таван настай нэг морь бий. Ховд сумын ойд очиж 22-оор ирсэн. Энэ жилийн наадамд сойхоор төлөвлөсөн бас нэг залуу морь байна. Мөн халтар азарганы эхээс гарсан хоёр даагыг тэжээж байгаа. Тэр хоёрын амжилтыг нь үзээгүй, одоохондоо сургаад бэлэн болгочихоод наадам хүлээж сууна.
-Та уяачийнхаа гараагаа хатирч мориор эхэлж байлаа гэсэн. Тэр үед ямар ямар амжилт гаргаж байв?
-Миний анхны морь хатирч шарга байлаа. Тоомсогдуу маягийн энэ адууг хадам аав өгсөн юм. Хилээр орж ирсэн гэх шарга 10-аас урагшаа бараг гараагүй дээ. Хоёр удаа л айрагдаж байсан юм. 
    Уг нь ийм морьд олон жил уралддаг юм л даа. Жишээ миний халтар хээр морь байна. Тухайн үед их насанд явуулахгүй хоёр жил өнжөөсөн нь учиртай.  Би 16,17-тойд нь хоёр удаа хатираанд оруулаад, нэгэнд нь хоёроор ирсэн. Тэгэхэд хүмүүс “та буруу сургасан байна. Анхнаасаа хатираанд явуулсан бол их сайн явах байж” гэцгээж байлаа. Зүс нь хувирна, өвөл хээр болж харагдаад, зун хав халтар болчихно гээч. Их монгол улс байгуулагдсаны 800 жилээр суманд их насны уралдаанд айргийн дөрвөөр давхиж байлаа. Сүүлдээ морь унах  хүүхэд олдохгүй болохоор нь хатираанд оруулаад хоёр жил айрагдуулсан нь тэр. Одоо хурдан морь нь байлаа ч унадаг хүүхэд нь олдохгүйн зовлон байна. Өөрийн хүүхдээ багад санаа амар явуулдаг байж дээ. Өнөөдөр нэг хүүхэд аваад явуулах гэхээр эцэг эх нь зөвшөөрдөггүй, эсвэл хүүхэд нь мориноос айгаад байх юм. 
-Алхаатай, хатирдаг гэдгийг нь мэддэг байсан юм уу?
-Нэгэн үе манай сум хатираа, жороог уралдахаа больчихоод байлаа. Харин сүүлийн үед уяачдын холбооны үйл ажиллагаа сэргэж залуучууд хатираа, жороогоо уралдуулахаар морио бэлдэж байгаа дуулдана. Түргэн сумын ой, аймгийн даншгаар хатираа жороо хоёр уралдахаар болсон гэсэн. Халтар азарганы удмын гүүнээс гарсан долоон настай халтар морио бэлдэж байгаад оролцоно доо.
-Аймагтаа наадаж байв уу?
-Аймаг явж байсангүй. Холдоо Баян-Өлгий аймагт очиж халтар морио 18-аар давхиулж байлаа. Өлгийд хоёр ч удаа наадаад ирсэн юм байна.
-Сэтгэлд хоногшсон хамгийн сайхан наадам гэвэл хэзээний ямар наадмыг онцлох вэ?
-Түргэн сумын ойд очиж халтар морио айрагдуулсан юм. Тэр их гоё  наадам байж билээ. Зургаад ирсэн моринд хүртэл медаль өгч байсан. Манай уяачид их олон медальтай ирсэн тэр наадмыг дурсахад ямагт сайхан байдаг.
-Таны удам сударт морь мал уядаг хүн байв уу?
-Миний аав морь уяж сүйд болж байгаагүй ээ. Жороо голцуу барьдаг хүн байсан. Харин хадам аав жороо, хатираа морьтой, хурдан морь уядаг байлаа. Миний эхнэр аавынхаа уясан морьдыг зургаан настайгаасаа унаж хурдуулсан. Бүүр дархалчихсан, Очирын хээр морийг Шинэзаяа охин байнга түрүүлгэдэг гэж яригддаг. Ойрын  гурван сум болох Түргэн, Сагил, Бөхмөрөнгөөр гүйцэгддэггүй байсан юм байна лээ. Хадам аав өөрөө болохоор хатираа, жороогоо голцуу унадаг байж л дээ. Түүний бөхөн хүрэн гэж жороо морь нь бас их олон жил айрагдаж түрүүлсэн.
-Танай хүүхдүүдээс уяа сойлго тааруулж байна уу?
-Би хоёр хүү, дөрвөн охинтой. Том хүү Хүрэлээ маань багадаа Их монгол улс байгуулагдсаны 800 жилээр сумандаа их нас айрагдуулж байсан юм. Одоо ч оюутан болж хотод очоод олдохоосоо олдохгүй нь их байна. Харин отгон хүү Улаангомын дунд сургуулийн аравдугаар ангид сурч байна. Айхтар хүн дээ. Тэр гүүнээс ямар унага гарав, даагаа яаж байна, өвс тэжээл өгч байна уу гээд л асуултаар булчихна гээч. Адуу маланд их хайртай. Ер нь хичээлээ хаяад ирж мэдэхээр нөхөр байдаг юм.
-Адууныхаа удам угшлыгсайжруулах ажлыг хэр хийж байна даа?
- Дорноговиос ямар хээр угшилтай гэлээ дээ, санаанд орж ирэхгүй байх чинь. Нэг шархал морь ноднин 2,5 саяар авсан. Элсний морь учраас  жоохон туранхайдаад байхаар нь нэг жил өнжөөж  дасгаад, цагаан сарын урд барьж авах гэтэл их юмны эзэн чоно идчихсэн. Одоо Хөвсгөлөөс ачиж авчирсан нэг шар хээр үрээ таван настай. Сая Сүрэн ахындаа азарга тавьж, хэдэн гүү ялгалаа.
-Уяач хүн уяаны үед олон цээр сахих хэрэгтэй болдог. Та тэдгээр цээрүүдээс алийг нь илүүд үздэг вэ?
-Уяаны үеэр архинаас л хол байх хэрэгтэй юм. Зарим хүмүүс миний морь намайг уухаар хурдалдаг гэж ярьдаг юм байна лээ, сонин шүү. Би бол морь уяж байгаа үедээ архийг цээрлэдэг. 
     Манай сумын морьд нэг ч шингэн хийлгэж үзээгүй, байгалийн өвсөөр уралдаж байгаа амьтад. Саяхнаас л зарим нэг нь овъёос өгч байна. Өнгөрсөн жил манай уяачдын морьд нэг их өөдөө амжилт үзүүлж чадсангүй.
-Та бүхэн эндээс ямар дүгнэлт хийв?
-Урд нь манайхан хурдгүй биш хурдтай газар байлаа. Түргэн сумын наадмын айраг түрүүг түүдэг байсан нь ард хоцорчээ. Одоо бол эсрэгээрээ манайх Түргэнд авахуулдаг болчихоод байна. Бас Ховдод очоод өндөр амжилт үзүүлдэг байлаа. Зэргэлдээ сумын нөхдүүд морио ачаад явж наадаж байна. Тэгэхэд манай морьд сураагүй учраас шууд үсэрнэ, ердөө ачуулахгүй байгаа юм. Одооноос бид алдаагаа засаж, дааганаас нь морьдоо ачиж сургаж байна. Овъёос, тэжээл өгдөг боллоо. Шингэнээ их алдсан үед нь натри хлорид, витамины комплекстэй холиод хийж байна. Зурагтаар рекламдаад байгаа нэмэлт  тэжээлүүдийг хэрэглэж үзэж байна. Миний хувьд Цогтхүү гэдэг залуутай хамтраад гурван морь гурван сараас таван сарын 1 хүртэл тэжээж байгаад тавилаа. Ер нь орчин цагийн уяаны арга барилд суралцаж, галын зохион байгуулалтанд орж адууныхаа угшлыг сайжруулахгүй бол авахуулах нь гэдгээ уяачид дор бүрнээ ойлгосон.  
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Уясан хүлэг тань хурдан, унасан хүүхэд тань цовоо сэргэлэн байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.