МУ-ын сайн малчин Х.Лувсанцэрэн: Анх долоон ямаа, хоёр үхэр, есөн адуутай малчин болж байлаа

А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 13 -нд

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, МУ-ын сайн малчин, аймгийн Алдарт уяач Хоролын Лувсанцэрэн гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1930 онд Уран царилт хэмээх газар мэндэлжээ.
Азарга, даага хоёр надад ээлтэй юм шиг байгаа юм
-Хэдэн онд улсын сайн малчин цолыг хүртсэн бэ?
-2008 онд улсын сайн малчин болж байлаа. Мал аж ахуйд гаргасан амжилт, өсгөсөн малын чанар, төл малын хорогдолгүй байх болзлыг биелүүлж сайн малчин болсон. Миний үед бэлчээр талхлах болохоор ямаа өсгөхгүй. Хонь голдуу өсгөж, тоо толгойг нь хэдэн жил тогтмол тоолуулсан юм.  2008 онд 1000 мал тоолуулж байснаас хойш  өнөөдрийг хүртэл тэр тоондоо барьж ирлээ. Одоо таван хошуу малын  тэмээнээс бусдыг маллаж байна.
-Малынхаа үүлдэр угсааг сайжруулахын тулд эцэг малаа зөв сонгох хэрэгтэй байх тийм ээ?
-Тэгэлгүй яахав. Эцэг малыг хоёр жил болоод л нэг сольдог. Би Ханбогд, зүүн, барга, үзэмчин, Галшар болон Баяндэлгэрийн улаан ямаа, Баянхонгорын цагаан ямаа, Баянцагааны хар нүдэн ба Боржигон хонь гээд их ч олон газраас эцэг мал авчирч тавилаа. Ямар ч байсан өвчин зовлонтой, тахир дутуу төл нэг ч удаа аваагүй. Энэ нь эцэг малаа зөв сонгосных болов уу гэж боддог.
-Танай энд МУ-ын сайн малчин хэдэн хүн байна вэ?
-Таван хүн бий. Хамгийн сүүлд ноднин нэг улсын сайн малчин төрсөн.
-Ингэхэд та хэзээнээс мал маллаж байгаа юм бэ?
-Би насаараа тээврийн жолооч хийсэн хүн. Тэтгэвэртээ гараад 1990 оноос өнөөг хүртэл малын сайхан буяныг эдэлж явна. Анх долоон ямаа, хоёр үхэр, есөн адуутай малчин болж байлаа.
-Бага насаа хаана өнгөрөөсөн бэ. Төрсөн нутаг усныхаа дурсамжаас хуваалцаач?
-Би Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Уран сарилд гэдэг газар төрсөн. Айлын ганц хүү, хоёр эгчтэй. Гэхдээ одоо нэг эгч маань бурхан болсоон. Мэдээж хүний төрж өссөн нутаг сайхан шүү дээ. Би Ханхонгортоо очих их дуртай. Өөрийн эрхгүй хөл хөнгөрөөд л явчихдаг юм. Энэ жил 90 жилийн ойгоор нь очоод ирсэн. Бага насны дурсамж тэр чигээрээ хөврөх шиг болсон. Явахад хорогдоод ч байгаа юм шиг, овоон дээр гарч нэг сайхан уртаар амьсгаа авмаар ч  юм шиг болсон гээч.
Багадаа аавынхаа уясан морийг унадаг байлаа. Манай аав Гэндэн Даваа гэж адуучин хүн байсан. Би чинь 13 –тай анх морь уяж эхэлсэн. Түүнээс хойш ёстой бор зүрхээрээ хэсэг явсан л даа. 20 хүртэл морь уячихсан байх шүү. Яахав дээгүүр, доогуур давхиулна аль эсийг үзэхэв. Хөөрхий хүүхэд байсан даа. Тэгж байгаад ажилчин болж олон жил тасарсан. Гэхдээ багаасаа моринд дуртай болохоор цээжний мухарт хэзээ нэгэн цагт морь уяна даа гэж бодоод  л явлаа. Энэ хүслээ биелүүлж, 1990 оноос дахин морь уяж байна. Нэг хэсэг айраг, түрүүтэй сайхан л нааддаг байлаа. Том наадмаас Говьшанхад найм, есөөр оруулж, “Их Хурд”-д миний цагаан халзан азарга урилгаар очиж 11,12-оор давхисан. Ер нь хойгуур ирж байсан удаагүй. Харин одоо нас өндөр болоод уяаны ажлаа хүүдээ даатгачихсан. Хүү маань олон малтай. Гэхдээ завсар зайгаар нь амжуулаад уянаа уяна.
-Яг Ханхонгорынхоо адуугаар л наадаж байв уу?
-Тийм ээ, манай говийн адуу тун тэвчээртэй, тамир ч сайтай. Говийн өвс, ургамал нь ч их өөр. Манай энд хөвд өвсний морь байна. Тэгэхэд тэнд таана, бударгана, хазаар өвс гээд янз бүр. Бэлчээрийн чанар сайн. Говьд газар хатуу,  дов сондуул, жалга ихтэй  болохоор таваг бол сайтай, өлдөнө гэж байхгүй. Тэгэхэд манай эндхийн морь өлддөг шүү. Говьд мундаг өвгөчүүл хавар болохоор адуугаа бударгана дээр хариулдаг байсан. Бор  бударгана эрт нүдэлдэг. Тэнд хариулсан адуу зун наадмаар сайн давхидаг. Гэхдээ эндхийн адуу тэнд очвол барахгүй л дээ. Газар газартаа хаврын бударганд мал сайхан чадал суудаг юм. Эрт таргалж, эрт тамир орно гэсэн үг ээ.
-Та хэдэн хүүхэдтэй юм бэ?
-Би хүү, охин хоёртой. Охин аймагт ажиллаж амьдарч байна.
-Таны уясан хүлгэдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь ямар морь байна вэ?
-Шарга морь аймаг, сумын наадамд гурав айрагдаж, хоёр түрүүлсэн санагдана. Бас нэг цагаан азарга бий. Тав зургаа түрүүлж, гурав дөрөв айрагдсан. Энэ жил 20 гарчихсан азарга байхгүй болсон, хөөрхий. Мөн хурдан хүрэн, бор азарганууд сайн давхисан. Хүрэн нь багадаа айраг түрүүгээр л хурдалдаг байлаа. Дараа нь хөл гар нь муудаад уяхаа больчихсон. Одоо үр төлөөс нь бий. Би ер нь адууныхаа цусыг их холоос солих дуртай. Тэрнээс хурдан удмын юм авч үзээгүй ээ.
-Танай адуунууд удам угшлыг нь хөөвөл хаанаас гаралтай вэ?
-Дандаа зүүн талын адуунууд байна. Дорноговийн Алтанширээ, Хэнтийн Өмнөдэлгэр, Сүхбаатарын Онгоноос авчирч байлаа. Эндээсээ авсан нь ч бий.
-Говьсүмбэрийн дээхнэ үеийн уяачдаас адуу мал авч байв уу?
-Би Буугийн Лхасүрэн гэж хүнээс нэг хязаалан зээрд үрээ авч соёолонд нь гурав айрагдуулсан. Тухайн үедээ  соёолон азаргыг гурав айрагдуулчихлаа гэж шуугиулж л байлаа. Даанч Дундговийн Говь-Угтаалд очоод хөлийг нь авчихсан.
-Та голдуу азаргаар нааддаг байсан бололтой?
-Тиймээ азаргаар гайгүй наадсан. Гэхдээ дааганы хэдэн сайхан амжилт бий. Ер нь азарга, даага хоёр надад таардаг шиг байгаа юм.
1960 онд аймгийн начин, 1962 онд аймгийн заан болсон
-Азарганы уяа сойлго ямар онцлогтой вэ?
-Адуунаасаа л шалтгаална. Тэрнээс нарийн тогтсон жор байхгүй ээ. Мэдээж эцэг мал учраас азарга гүүний тохироог тааруулна. Гүү цөөхөн байхад их зүгээр. Ялангуяа цус нь хол бол цөөвтөр гүүтэй байвал сайн гэж боддог. Найман гүүтэй байхад болно доо.
-Найм их биш үү?
-Би долоогоос найман гүүтэй л уралдуулдаг. Улсууд ихэвчлэн гурав, таван гүү тавьдаг. Цөөхөн адуу чинь хэцүү л дээ, морь мал явуулахгүй. Дөрөв таван гүү хөөгөөд явж байх юм бол бас л ажлын дараа, найман гүү тавьчихвал морио ч явуулна. Дандаа уяаны чиглэлийг харахгүй ш дээ. Малчин хүнд морь явуулдаг азарганаас хэрэгтэй юм байхгүй. Морь явуулдаг азарга чинь шуурганаар хүрээд л очдог. Тэрнээс наадмаа бодоход цөөхөн гүүтэй азарга зүгээр л дээ. Улсууд манай азарга морь явуулдаггүй. Морь явуулдаг азарга байна уу гэлцдэг. Үнэндээ энэ бол тухайн хүний хариуцлага маллагаанаас л хамаарах зүйл. Тэрнээс морь явуулахгүй азарга гэж ерөөсөө байхгүй. Янз янзын арга хэрэглэж морь дагуулаад сургахад болчихно.
-Уяа эвлүүлсэн энэ он жилүүдээс хамгийн сайхан нь аль наадам байсан бэ?
-Одоогоор хамгийн муухай наадам гэж үзсэнгүй. Удаан хугацааны дараа дахин морь уяж, 91,92 оны хувьцаа сумандаа наадаж, соёолон, хязаалан, даага түрүүлгэж, гурван түрүү авсан. Бас л сэтгэл догдлуулж, дотор хачин болгосон шүү. Тэр үед чинь цагаан өвсөөр л уяж байлаа. Мэдээж оролцсон наадам бүхэн өөр өөрийн онцлог өнгөтэй байдаг юм.
-Та бас барилддаг байсан гэв үү?
-Тиймээ, барилдаж байсан. 1960 онд аймгийн начин, 1962 онд аймгийн заан Шоовдорыг давж аймгийн заан болсон. Бид нэг хонхорын улс л даа. Бас бөх хүний хувьд Дэмүүл арслантай нэгэн цаг үед хамт нэг баазад ажиллаж явсандаа бахархдаг. Тэр үед манай Өмнөговийн олон сайхан бөхчүүд байлаа. Авдар Санжаа, улсын начин Шоовдор, улсын начин Лхамаажав гээд л. Авдар Санжаа гэж нягуургүй их бяртай хүн дээ.
Тээврийн жолооч бидэнд албан ёсны хагас, бүтэн сайны амралт гэж байх биш. Тусгайлан наадмын өмнө бэлтгэл хийнэ ч байхгүй. Наадмаар аргагүй амрах болохоор очиж барилдана. Гэхдээ ажилтай бол наадмын өдөр 18 аймгийн хаана ч явж мэднэ. Наадам бол хамаагүй, төлөвлөгөө их хатуу байсан үе.
-Дэмүүл арслан ер нь ямар хүн байсан юм бэ? Олон удаа таарч барилдаж байв уу?
-Дэмүүл арслан хүнийхээ хувьд сайн. Бөхийн хувьд бяртай, гэхдээ жоохон аархуу. Улсад ч, аймагт ч аархана. Тэр хэрээрээ сайн барилдана. Би тээвэрт явж байхдаа хааяа ноцолдолноо. Холын замд хоол цай идэж уугаад амарна. За тэгээд хагас бүтэн сайнд өнөө очсон газар ачаа бараа авахгүй бол хүлээнэ. Цаг явахгүй бас л зовоодогсон. Яахав хийх юмгүй уйдсан улс хоорондоо барилдана л даа. Дэмүүл арслан надаас илүү. Намайг хаяж л байснаас биш би түүнийг хаяж үзээгүй.
-Хэдэн онд Говьсүмбэр аймагт ирсэн юм?
-1974 онд тээврийн яамны сайдын тушаалаар Чойрт 32 дугаар баазыг шинээр байгуулах болж, таван аймгаас машинтай жолооч нар ирж байлаа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна