Ч.Цээсүрэн: Сартуул угшилтай хүрэн үрээгээрээ их бахархдаг

А.Тэлмэн
2015 оны 6-р сарын 08 -нд

Дээдсийнхээ буянг заяаг эрхэмлэн Сартуул адуугаар наадагч нэгэн эрхмийг уншигч танаа уулзуулж байна. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Чимиддоржийн Цээсүрэн 1961 онд Хайрхан худаг хэмээх газар төрсөн бөгөөд өдгөө төрөлх нутагтаа хурдан хүлгийн уяа тааруулан байна.

-Уяачийн эрдэмд шамдах болсон үеэс л яриагаа эхэлье дээ?
-За миний хувьд бусад улс эцэг эхээ дагаж морь уядаг болсонгүй. Миний аав адуу мал сайтай ч морь уядаггүй байсан хүн. Харин миний хувьд багаасаа адуу малд сонирхолтой байсан. Ямар сайндаа их сургуулиа хаячихаад ирж морь уяж байхав.
-Шалгалтаа өгөлгүй ирснээ хэлж байна уу. Эсвэл бүр орхичихсон юм уу?
-Бүр орхисон. Их сургуулийн статистикийн ангид гурван жил сураад төгсөлгүй хаячихсан хүн. Явахдаа ангийнхандаа “Би хэтээсээ малын заяатай хүн. Малын дэргэд байж мал маллаж амьдрах ёстой” гэж хэлээд л хүрээд ирсэн. Ирээд хоёр жил мал туунгаа завсраар нь морь уяад тэгсэн морьд маань сум орон нутгийн баяр наадамд айрагдаад эхэлсэн. Тэгээд л ер нь үүндээ анхаарч сайн уяач болъё гэж шийдсэн дээ. Түүний хүчинд өнөөдөр аймгийн Алдарт уяач цолтой чамд ярилцлага өгөөд сууж байна.
-Морь гэдэг сэтгэлээ зориулсан эзнээ заавал баярлуулдаг амьтан хэмээн уяачид ярьдаг л даа?
-Тэр үнэн шүү. Эхэндээ ч сумынхаа наадамд л уралддаг байлаа. 2000 он хүртэл ер нь аймгийн наадамд ирээгүй. Тэгээд ирж уралдсан арван хэдээр, хорин хэдээр ирээд байдаг. Сумандаа тавихаар тав дотор давхиад байдаг. Тэгж байтал би 2001 онд аймгийн Алдарт уяач Сэнгэсамба гэдэг хүнээс нэг хонгор морь авлаа. Манай сумын залуу л даа. Тэгээд түүнийгээ уяж АХ-ын 80 жилийн ой, аймгийн баяр наадамд давхиултал гурваар ирдэг юм. Тэгж л анх аймгийн наадмаас айраг авч байлаа даа. Хонгор морь маань булган сүүлтэй байж 2003 онд миний унаган хүрэн даага аймгийн наадамд түрүүлсэн. Хүрэн үрээ бол манай дээдсийн адууны угшилтай.Өөрөөр хэлбэл, Сартуул адуу. Дааганаасаа хойш нийлтэлээ байнга л түрүүлж, айрагддаг байсан.
-Манай дээдэс Сартуул адуутай гэлээ. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Сартуулын том тайж хүний үр сад л даа, би. Угсаа гарвал хөөвөл Тайж язгуурын хүн болно гэсэн үг. Миний өвөг дээдэс улаан бор, саарал адуутай улс байсан гэдэг. Тэрхүү Сартуул удмын адууны үлдэгдэл аавд минь өвлөгдөж, ааваас надад ирсэн. Сартуул угшлын улаан бор азаргаа Баянтэсийн хүрэн гүүнд хураалгаж гарсан төл нь миний хүрэн үрээ.Тиймээс би хүрэн үрээгээ Сартуул адуу гээд байгаа юм. Манай Сартуул адуу харахад бахимхан ч туулах, хурдлах чадвараар тэгтлээ гологдохгүй байх шүү.
-Хаа сайгүй зүүн зүгийн адуу давамгайлан хурдалж байгаа энэ цагт нутгийн тэр тусмаа унаган адуугаар амжилттай наадна гэдэг давуу тал шүү?
-Тэгэлгүй яахав. Хүрэн үрээ маань гэхэд дааганаасаа эхлээд гурав түрүүлсэн. Би 2007 онд аймгийн Алдарт уяач цолыг аймгийн наадмын дөрвөн түрүү, зургаан айргийн амжилтаар авч байлаа.
Тойрсон сумдын наадмын амжилт гэж яривал олон л доо. Завханмандалын ойгоос нэг түрүү, Идэрийн хутагтуудын баяраас дөрвөн айраг гэх мэтчилэн яриад байвал олон олон.
-Сэтгэлд хоногшсон сайхан наадмын дурсамжаас хуваалцаач гэвэл?
-Завханмандалын 80 жилийн ой юм уу даа. Хүрэн үрээ маань даагандаа түрүүлж байсан юм. Тэгэхдээ бүр хамгийн сүүлд гараад шүү. Миний үрээг зориуд барьж байгаад хойноос нь тавьсан юм билээ. Тэгэхэд л давхисаар байгаад л түрүүлсэн. Ах нь тэгэхэд их баярласан даа. Морь гэдэг сайхан шүү.
-Түүнийхээ дараа давхар уяагаар аймгийн наадамд бас түрүүлсэн?
-Тэгсэн. Долоо хоногийн дараа аймгийн наадам болоход дахиад түрүүлсэн. Сумынхан маань Толгойн шилээр үрээ гарч ирэхийг харчихаад “манай сумын даага түрүүлнэ” гээд л шууд талбай руу явчихаж байсан. Морь сайхан шүү. Морины буянаар уяач бид чинь энэ сайхан дурсамжтай үлдэж байгаа юм шүү. Гурван хүүхэд гурвуулаа моринд дуртай. Дунд банди морь уяна. Түүнийгээ гайгүй уяач болчих болов уу гэж найдах юм.
-Сайхан дурсамжит наадмууд илүү олон байх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл №54

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна