Хурдан хонгорын эзэн Миеэ Алдарт

А.Тэлмэн
2015 оны 3-р сарын 23 -нд

Алтанширээ сумын төлөөлөл болсон уяачдын нэг Лувсанрэнцэнгийн Миеэ нь 1945 онд Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төржээ. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж, дөрөвдүгээр ангийн боловсрол эзэмшсэн тэрээр тухайн үеийнхний амьдралаар хувийн мал аж ахуй эрхэлж байгаад 1959 онд “Залуу хүч” нэгдэлд эцэг эхийн хамт элсэн орж хүргэн ах Улсын аварга малчин Н.Дандиаг дагалдан үхэр маллах болсон хэмээдэг. Үхэр маллаж байхдаа МХЗЭ-ийн XV их хуралд ажил үйлсээрээ шалгаран төлөөлөгчөөр оролцож байсан агаад тэр үеэс хурдан хүлгийн уяа тааруулах болж, адуунд эрэмгий, унаж уургалахдаа гаргуун хэмээгдэж явжээ. Л.Миеэ хамгийн анх /15-16 настай/ хүүхдийн үс үргээлгэний найранд хүрэн халзан морь айрагдуулж анхны айргаа амсаж байсан агаад үүндээ урамшин морь уях болсон хэмээдэг. Түүнээс хойш Дэлгэрэхийн уяач Навааны Готовын адууны шарга морь, түүний дүү хүрэн морь хоёроор урамтай сайхан уралдаж олон айраг, түрүү хүртжээ. Мөн С.Довдондоржийн хүрэн халзан азарганы төл халзан үрээ, Жамъянбалжирын хул азарганы төл хонгор даага зэргийг авчээ. Хонгор даагыг Ж.Эрхэмсайханаас 500 төгрөгөөр худалдан авч 1984 онд сумынхаа наадамд түрүүлгэж, есдүгээр сарын нэгэнд аман хүзүүдүүлж байсан аж. Хонгор үрээ хязааландаа сумынхаа наадамд аман хүзүүдэн соёолондоо нэгдлийн 30 жилийн ойгоор мөн аман хүзүүнд хурдалсан гэдэг. Энэ хонгор үрээ хожмоо азарга болж, 16 нас хүртлээ уралдан сумын наадамд гурав түрүүлж, найм айрагдан уяачийн нэрийн хуудас болсон юм. Л.Миеэ аймаг байгуулагдсаны 70, Ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 190, Их говийн зоригтны 50 жилийн ой зэрэг томоохон наадмуудад уясан морьдоо гурван удаа зургаад давхиулж байжээ. Мөн өөрийнх нь адууны их, бага хоёр алаг морь олон жил тогтвортой айрагдаж, түрүүлсэн юм. Г.Миеэ нь Алтанширээгийн ахмад уяач Хоохор Жуна, Дашравдан, Жамъянбалжир нараас зөвлөгөө авдаг байсан нь тогтвортой амжилт гаргах үндэс болсон гэдэг. Л.Миеэгийн адуунд Адилаа адуу, Дэлгэрэхийн будангууд, Догийн халзан азаргануудын угшил зонхилж байдаг. Тэрээр хурдан морь уях эрдмээ хүү Ууганбаяртаа өвлүүлсэн бөгөөд хүү М.Ууганбаяр нь бага наснаас эхлэн хурдан морь унаж морин дэл дээр өссөн нэгэн. 1984 онд Их говийн зоригтны 50 жилийн ойгоор аавынхаа зөвлөгөөнөөр хонгор азарганы төл хүрэн даага түрүүлгэн морь уях гараагаа эхэлсэн юм. Түүнээс хойш олон жил морь уяж байгаа агаад 2009 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн юм. М.Ууганбаяр нь аавынхаа зөвлөгөөгөөр адууныхаа цусыг холдуулж шинэ цагийн уяа, уралдааны морийг тэжээх эрдэмд суралцахын сацуу Сүхбаатар, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын адуугаар адууныхаа цусыг сэлбэн шинэ цагийн монгол адуу уяж хурдлуулах талаар туршлагажиж яваа нэгэн юм. М.Ууганбаяр нь өөрийн адууны угшлаас Эрдэнэ сумын харьяат, Улаанбаатарын уяач Отгонжаргалд өгсөн хонгор халзан морь нь “Их хурд-5”-д 11-ээр давхиж Дорноговь аймгийн 2010 оны улсын баяр наадмаар түрүүлж, Эрдэнэ суманд мөн түрүүлсэн. Мөн уяач З.Батцэнгэлд өгсөн хонгор морь соёолондоо Баяндэлгэр, Алтанширээ, Дэлгэрэх суманд удаа дараа түрүүлжээ.

"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна