Аймгийн Алдарт уяач И.Отгонбат: Манай бүлээс гурван Алдарт төрсөн

А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 19 -нд

Эцгийн шийрийг хатаан хурдан хүлгийн уяа тааруулж яваа залуу Алдарттай уулзаж ярилцсанаа эрхэм уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1980 онд Завхан аймгийн Алдархаан сумын Аргалант багийн нутагт төрсөн бөгөөд хурдан хул мориороо одтой наадагч юм.
-Орон нутгийн ханасан цолонд харьцангуй эрт хүрсэн бололтой. Залуу Алдарт хэзээнээс хурдан хүлгийн уяа эвлүүлэх болсон бэ?
-Миний аав Ишгомбо гэдэг 30-аад жил адуу хариулсан хүн. Би таван настайгаасаа эхлээд 14 хүртлээ аавынхаа уясан морийг унаж, аймаг сумынхаа наадамд уралддаг байлаа. Цагаан шилтэй хээр морийг унаж 1990 оны аймгийн наадамд байна уу даа айрагдуулж байсан. Харин хар үрээ, борлог морь хоёрыг нь бага шиг наадам болон сумандаа түрүүлгэж айрагдуулаад л байдаг байсан. Эрдэнэхайрханд олимп гэж болоод тэнд хар үрээ аман хүзүүдэж, борлог морь маань дөрөв билүү, таваар ирж байсан юмдаг.
-Аавынхаа урмыг хугалахааргүй унаач явж. Тэгвэл хэдэн оноос эхлээд морь уях болсон юм бэ?
-1993 онд аав маань бурхан болоод, би 1996 оноос бие даан морь уясан юм байна. Тэр жил Завханмандал ойтой гээд тэнд очиж хул соёолонгоо таваар давхиулсан. Хул үрээ аавын минь унаган адуу л даа. Мандалын ойгоос хойш айрагдахгүй байж байгаад 2001 онд аймгийн наадамд аман хүзүүдсэн. Аав минь бидэнд гурван азарга адуу үлдээсэн. Түүнийг нь ах нартайгаа нийлж уяж сойн хурдлуулж, гурван аймгийн Алдарт уяач цолтон төрөөд байна. Бид эцэг эхээс 14-лээ, долоон хүү, долоон охин. Тэднээс гурав нь морь уядаг.
-Гурвын гурван Алдарт төрөхийг бодоход аавын тань үлдээсэн адуу хурдан л байна даа?
-Тиймээ. 2001 онд аймгийн Алдарт уяач цолыг аавд маань нөхөн олгосон. Нэг ах маань бас аймгийн Алдарт уяач. Би өнгөрсөн жил аав ах хоёрынхоо цолонд хүрсэн.
-Отгонбат Алдартын одтой хийморьтой наадсан он жилүүд хэзээ байв?
-2004 он юмуу даа. Тэр жил хул үрээгээ аймгийн наадамд гуравлуулаад, давхар уяагаар 8-р сарын 1-нд Говь-Алтай аймагт болсон бүсийн уралдаанд аман хүзүүдүүлсэн. Мөн тэр жил шиг санагдаж байна. Отгон сумын ой болж, тэнд хул үрээгээ аман хүзүүдүүлээд, хүрэн азарга түрүүлгэсэн.Тэгээд хойшоо Яруу сумын 80 жилийн ойд хүрэн азаргаа аман хүзүүдүүлээд, хул үрээгээ гуравлуулсан. Тэр жил хул үрээ маань уралдсан болгондоо айрагдаж байсан.
-Дөрвөн ч удаа айрагдсан юм байна?
-Тэгсэн. Түүний төрсөн ах нь хул морь нь аймгийн наадамд аман хүзүүдэж байсан. Ах дүү хоёр их хурдан адуу л даа. Говь-Алтайд аман хүзүүдэхэд газар газрын 400-гаад хурдан үрээ мордож байсан. Тэгэхэд манай Завханаас арваад уяач яваад, Сантмаргацын хоёр үрээ айрагдаж, манайхан их сайхан наадаж байсан юм. Тэр том наадамд хул үрээгээ айрагдуулчихаад “аав минь амьд сэрүүн байсан бол хүүгээрээ бахархаж байгаа даа” гэж бодсон.
-Жил бүр Засгийн газрын тогтоолт бүсийн уралдаанууд болж байна. Тэдгээрт оролцож байгаа юу?
-
Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд явсан ч морьд маань бодож байсанчлан сайн давхиагүй. Аймагтаа болсон “Очирваанийн хурд-2009” уралдаанд хул морь, хүрэн морь хоёроо давхиулсан. Нэг нь 10 гаргаж, нөгөө нь 30-аадаар ирнэ лээ. Морь сайн байвал энд тэндхийн томоохон наадмуудад оролцохыг л боддог.
-Аавын тань адуу хурдан ч цус сэлбэн сайжруулах ёстой. Энд тэндээс адуу авч байна уу?
-Зүүн талаас нэг үрээ, хойноос бас нэг эрлийз морь авсан. Зүүн талаас авчирснаараа азарга тавьчихаад л харж байна.
-Залуу Алдартын цаашдын уралдаануудад амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл №54

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна