Ө.Ширнэн: Бэйлийг баригдахад Монхор Халтар гуай Дамар хонгорыг манай ажаад өгсөн юм билээ

Тэлмэн
2015 оны 1-р сарын 08 -нд

Хэнтий аймгийн Галшар сумын уугуул, өндөр настан,Сумын Алдарт уяач Өлзийн Ширнэн өнөөдрийн зочноор уригдан оролцож байна. Өвгөн ноён Пүрэвжавын ач хүү Пунцагнамжилтай хамт морь уяж, төрийн наадмаас гурван түрүү, дөрвөн айраг хүртэж явсан Гожигдой хэмээх Лувсанцэндийн өргөмөл ганц хүү Ө.Ширнэн гуайн ярилцлага эрхэм та бүхний сонирхох сэдвүүдийн нэг хэмээн бодож байна. Таалан болгооно уу?
-Бидний урилгыг аван ярилцаж буйд баярлалаа.Нас сүүдэр хэд хүрч байна вэ?
-Би 1926 онд Хэнтий аймгийн Галшар сумын нутаг Халимын дэл гэдэг газар төрсөн. Эцэг эхээс гурвуулаа. Ах дүү хоёр маань хоёулаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж, ганцаараа үлдээд байна даа.
-Таныг нэрт уяач Гожигдой хэмээх Лувсанцэндийн өргөмөл хүү хэмээн сонссон. Манай уншигчидтай нэрт уяачийн талаар мэдэх зүйлээ хуваалцаач?
-Өвгөн ноёны хүү Ван ноён, Ван ноёны хүү Пунцагнамжил, Пунцагнамжилын хүү Гомбосүрэн, Гомбосүрэнгийн хүү Бямбаа гэж хүн одоо Төв аймагт амьдарч байгаа. Миний өргөмөл эцэг Лувсанцэнд өвгөн ноёны ач Пунцагнамжилтай хамт морь уяж байсан юм билээ. Би өргөмөл эцгээ Ажаа гэдэг байсан юм. Манай ажаа улсын наадамд гурван даагатай очоод нэгийг нь түрүүлгэж, хоёрыг нь айрагдуулж байсан хүн. Шарга даага нь түрүүлж, миний унасан хүрэн даага нь аман хүзүүдэж, бас нэг шарга даага нь айргийн дөрөвт давхиж байлаа. Түрүүлсэн шарга даагыг нь Пад гэдэг хүн авч азарга тавиад 1939 онд соёолон болсон хойно нь улсын наадамд түрүүлгэсэн.
-Ажаа тань их хурдтай хүн байжээ дээ?
-Тэгэлгүй яахав. Манай Ажаа улсын наадамд Дамар хонгороо хоёр түрүүлгэн, нэг айрагдуулж, даага түрүүлгэн, даага, хязаалан, соёолон айрагдуулж байсан хүн. Мөн өвгөн ноёны хүү Ван ноёны морийг уядаг байсан юм гэнэ лээ. Надаас өмнөх явдал учраас би сайн мэддэггүй юм. Ван ноёны морийг уядаг байсан болохоор манай адууг тэдний адууны угшилтай гэдэг байсан. Ямар ч байсан Оонон хар, Номин цэнхэр, Хэнз халтар зэрэг азарганы угшлын адуунууд манайд бий гэдэг байсан. Манай Ажаагийн адуунааас хамгийн сайн хурдалсан нь соёолондоо аймагт түрүүлж, азарга болсон хойноо аман хүзүүнд давхиж байсан Дамар хонгор азарга нь юм. Хонгор азарга өөрөө хурднаас гадна үр төлүүд нь их хурдалсан. Амины дөрвөн гүү хураадаг. Тэрний нэг хүрэн хонгор гүү жил бүр эр унага, нөгөө гурван нь голдуу охин унага гардаг байсан юм. Хүрэн хонгор гүүнээс  гарсан эр болгон нь зарагдчихдаг ганц  төл нь л нутагтаа үлдэж азарга болсон нь Зундуй начны дүү Цэдэвийн гэж хул азарга юм. Тэр хул азарга олон жил хурдалсаан. Сумандаа олон түрүүлж, аймгийн наадамд айрагдаж ч байсан. Төлүүд нь бас их хурдалсан гэнэ лээ. Цэдэв худаг өрөмддөг хүн болохоороо адуугаа хайхрахгүй цөөрүүлээд сүүлдээ хулгайд алдаад дууссан гэсэн. Тэгэхээр энэ нутагт байсан Дамар хонгорын төлүүд түүгээр дуусгавар болсон байх.
-Таны мэдэхийн хаашаа хаашаа  гарсан гэдэг вэ?
-Мэдэхгүй юм даа. Төв аймаг руу л зарагдсаныг санаж байна. Бусдыг нь мэдэхгүй. Балдансанжаа гэж уяач Дамар хонгорын төлийг авах гээд хул алаг гүү хураалгасан ч ганц ч эр төл авч чадаагүй юмдаг.
-Дамар хонгор яг хэдий үед хурдалж байсан адуу юм бэ?
-Би долоон настайгаасаа хурдан морь унасан.Тэгэхдээ тэр хонгор азаргыг унаж хурдлуулж байсан гэхээр 1930-н хэдэн оны үед юмуу даа. Хонгор азарга соёолондоо аймагт түрүүлээд, азарга болсон хойноо улсын наадамд хоёр түрүүлж, нэг аман хүзүүдэж байсан юмдаг. Аман хүзүүдэхэд нь Төв аймгийн Баянцагаан сумын хонгор халзан азарга зөв талаар нь орж түрүүлж байсан. Тэгээд удам угшлыг нь хөөсөн манай Галшарын Дагмид Мээрэнгийн адууны угшилтай болж таарсан гэдэг юм.
-Пунцагнамжил гуай морь мал уяж сойх, шинжихдээ гаргуун байсан гэдэг үү? Ажаа тань тэр талаар ярьдаг байсан уу?
-Ярьдаг л байсан байх. Би өөрөө хүүхэд байсан болохоор ярьсан хэлснийг нь анхаарч байгаагүй байх. Пунцагнамжил гуайн охин надаас ганц дүү хүн одоо аймгийн төв дээр /Хэнтий аймгийн төв/байх ёстой.Бид багадаа цуг хурдан морь унадаг байсан юм. Пунцагнамжил гуайг бид нэрийг нь хэлэхгүй цээрлээд “Гүн гуай” гэнэ. Гүн гуайн морийг өөрийнх нь хүү, охин  хоёр унадаг. Тэр үеийн ихэс дээдэс одоогийн баячууд шиг өөрийн хүүхдээ хайрлаад өрөөлийн хүүхдээр унуулдаггүй байж дээ. Гүн гуайнх олон адуутай байсан ч өөрийг нь баривчлаад, адуу малыг нь хураасан шүү дээ. Тэр үед манай нутагт Хорол бэйл гэж бас нэг баян хүн байсан юм. Тэр хүний хүү Сүрэнхорол гэж хүн байлаа.Би хэдий бага байсан ч тэр хүнийг мэднэ л дээ. Тэдний адууг малладаг байсан Монхор Халтар гуай Сүрэнхорол гуайн адууг хураагдахад Дамар хонгорыг манай ажаад өгсөн юм шүү дээ. Соёолон үрээ барьж өгөөд “энэ их хурдан адуу болно.Гэхдээ чи энэ жил уяж болохгүй шүү. Ааш ч ихтэй” гэж л дээ. Тэгсэн манай ажаа уяад аймгийн наадамд түрүүлгэчихгүй юу. Халтар гуай таарчихаад “Чи яагаад уяж байгаа юм” гээд ёворч байсан юм гэсэн. Халтар гуай уурлахаараа тэгж ёвордог байсан юм гэнэ лээ. Тэгсэн манай Ажаа хариуд нь “Яадаг юм цус” гээд хэнэг ч үгүй хэлж байсан гэж байгаа. /инээв/
-Тэр үеийн баяр наадам хэр өтгөн болдог байсан бэ?
-Өтгөн бололгүй яахав. Улсын наадмын морьд мянга хүрлээ л дуулддаг байсан. Нийт уралдсан морьдын гуравны хоёр хувийг нь барина. Хоёр, гурван зуун морь барих гэж цэргүүд чинь бөөн юм болно шүү дээ. Тэр аймгийн, тэр сумын, тэрний тийм адуу, тийм тамгатай гээд л бархиралдаад байдагсан. Байтай давхисан морьдыг цэргүүд бариад модон пайз өгнө. Дараа нь байнд нь хунзтай цай, угалзтай гутал гээд янз бүрийн л юм өгдөг байсан.
-Нэг өдөрт хэдэн насны морь уралдахав?
-Долоон өдөр наадамладаг байсан шүү дээ. Тэгэхээр нэг өдөр нэг насны морь уралддаг байсан байх. Нэг өдөр нь их буу тавьж, онгоцоор хүн бууна. Тэрийг үзээд их хөөрдөгсөн./инээв/Тэр үеийн хурдан морины хүүхдүүдэд одоотой адил бэлэг, шан өгдөггүй. Их сайндаа хэдэн чихэртэй л буцдаг байсан байх. Одоотой адил “миний морийг унаад өгөөч” гэж гуйхгүй. Харин ч морь унуулъя гэвэл их баярладаг байлаа шүү дээ. Өвгөн ноён бол үр “тэдний хүүхдийг аваад ир” гээд явуулдаг. Эцэг эх нь хүүхдээ дуугүй л өгөөд явуулдаг байсан гэнэ лээ. Хөгшчүүл тэгж ярьдаг юм.
-Ажааг тань “Гожигдой” Лувсанцэнд гэдэг байсан гэх юм билээ?
-Тиймээ. Өвгөн ноён их шооч хүн байсан юм гэнэ лээ. Эргэн тойрныхоо хүмүүст нэр хоч өгөхдөө гаргуун. Би чинь Лувсанцэнд гэдэг хүний ганц өргөмөл хүү нь шүү дээ. Манай ажаа их залуугаараа 51-хэн настайдаа өнгөрч, өргөмөл ээж маань өөр хүнтэй сууж, ажаагийн үлдэгдэл адууг хурдлуулсан даа. Адууных нь нэлээд нь 1944 оны өвөл мичин жилийн зуднаар уруудаад алга болсон. Тэр үед нь би цэрэгт явчихсан байсан юм.Таван жилийн дараа 1949 онд халагдаж ирэхэд тэр адууны сургийг гаргах боломжгүй болсон байсан л даа.
-Цэргээс ирээд ажаагаа залгамжилж морь уясан уу?
-Би уяач болж шалиагүй дээ. Сум, жалгын наадмаас илүү гарч үзээгүй шахуу хүн.Ажаатай зүйрлэх юм биш. Гэхдээ яахав ээ Дорноговь аймгийн Иххэт суманд цагаан морио түрүүлгэж, Галшардаа даага, шүдлэн айрагдуулж байсаан.Тэгж явахдаа Иххэтийн Адилбиш гэдэг уяачтай уулзаж байлаа. Онгойсон хамартай, насаараа сумын дарга хийсэн хүн байсан. Морь мал учиргүй уяна. Дорноговь аймагтаа тэр хүний таван их морь нь дараагаараа орж байсан гэдэг байх шүү. Тэр Адилбишийн Зул хонгор гэдэг азарга чинь манай нутгийн Намсрай гэж хүний адууны угшилтай юм шүү дээ. Тэднийхээс нэг саарал үрээ аваад, азарга тавьж гарсан төлүүдийнх нь нэг тэр хонгор азарга байгаа юм. Иххэтийн буурал Ишдоо гэж бас нэг сайн уяач байлаа. Тэр хүн манай Ажаагаас хонгор халзан азарга авч, улсад нэг айрагдуулж байсан. Ишдоогийн халзан азарга хурдан ч Зул хонгороо барааддаггүй байсан юм. Би өөрийн нүдээр харсан. Би ер нь Иххэтэд олон очихдоо ганц удаа л цавьдар халзан азаргаа түрүүлгэж байсан юм. Тэр маань Дамар хонгорын холын удмын азарга л даа.
-Танай Галшарынхан чинь харин сайн нааддаг байсан юм биш үү?
-Тэр ч тийм л дээ. Нэг жил наадмынх нь дөрвөн насны түрүүг манай Хэнтий аймгийн морьд авч л байсан. Тэгэхэд Мөрөн сумын Тулгын улаан морь их насанд түрүүлж, азарга, хязааланг Галшар, соёолонг Баянхутагийнхан авч байлаа. Ер нь манай Галшарын адуу арга байхгүй хурдан шүү дээ. Сүүлийн үед Галшарын адуу давхихаа байлаа гэж ярих болж. Тэр түрүүлж айрагдаад байгаа адуунуудынх нь удам угшлыг хөөвөл аль нэг талаараа Галшарын цустай л адуу байгаа. Сүхбаатарын адуу хурдан л гэнэ. Гэтэл Сүхбаатар аймаг чинь 1942 онд Жавхлант шарга аймаг гэж байгуулагдсан.Тэр үед сум байхгүй манай Хэнтий аймаг урдаасаа аль хурдтай Мөнххаан, Баянтээг, Өлзийт, Уулбаян, Түвшинширээ гэсэн таван сумаа өгч байсан юм шүү дээ. Нэгдэл нийгмийн үед манайхны адууг айхтар тарааж, малийнд олноор явуулан, зуд турханд ч олноор уруудсан. Ер нь Галшар адуу очоогүй сум гэж Монголд байхгүй байх. Сүүлийн үед манай эндхийн адуу сайн давхихгүй байгаа нь уяачидтай бас холбоотой. Залуучууд маань дээр үеийнхэн шигээ нэг дор нийлж морио уяхгүй байна. Ганц гэрээрээ, жалга жалгандаа л уядаг болж. Энэ морьдыг чинь нийлж давхиулахгүй бол яаж амжилт үзүүлэх вэ дээ. Манай нэг хүргэн морь уяж байгаа гэхээр нь би очлоо. Морио гаргах, тосохдоо мотоциклоор давхих юм. Үгүй тэгэхээр яаж морь нь олигтой давхих вэ дээ.
-Танайхнаас одоо хэдэн хүн хурдан морь уяж байна?
-Байхгүй, юу ч байхгүй. Манай Ажаагийн удмын хурдан адуу ч байхгүй.Дамар хонгор намайг цэрэгт явсан хойгуур мичин жилийн зуданд үхсэн юм гэнэ лээ. Тэр адууны удам угшлаас бараг үлдээгүй. Манай Галшард Дамдин хүрэн гэж хурдан азарга байлаа. Өвгөн ноёны Норов хүрэн азарганы угшлын адуу.Би тэр хүрэн азаргыг унаж сумандаа айраг түрүү авч л байсан.Миний мэдэхийн Галшарын сүүлийн үеийн сайн уяачид гэвэл Зундуй начин, Оготор Балжинням, Жониго Дагва, Халзан Дамбий, Шар Банзрагч нар л байх шив дээ. Одоо тэдний хэмжээний сайн уяач алга. Өвгөн би Галшар угшлын хурд одоо ч бий гэж санадаг. Чухам уяачдадаа байдаг юм уу, юундаа байдаг юм дуулдахгүй юм. Баярмагнайгийн номон дээр “Галшарынхан тавд орсон адуугаа бушуухан үгүй хийхийг бодоод байна. Гаднаас адуу авахгүй байна” гэж бичсэн байна лээ. Тэр үнэн, үнэн. Нэг үе үнэхээр тийм байсан. Одоо харин залуучууд морь ярих болж.Би үүнд нь их баярлаж байгаа.
-Галшарын адуу гайхуулах цаг удахгүй бизээ.Бидний урилгыг авч ярилцсан танд дахин талархлаа илэрхийлье. Эрүүл энх, урт удаан наслаарай.
-За баярлалаа. Энэ хүртэл ирж өвгөн миний үгийг дуулсан та бүгдэд бас баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.  А.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна