Аймгийн Алдарт уяач Д.Дорж: Тэр том наадмын хишгийг чамлавал алдас болно

А.Тэлмэн
2014 оны 12-р сарын 26 -нд

Ардчилсан хувьсгалын дараах анхны томоохон наадам Монголын Нууц Товчооны 750 жилийн ойг уяачид одоо хэр нь дурсан ярих дуртай байдаг. Монгол түмэн үндэс угсаа, хэл соёл, өв уламжлалаараа бахархан бахдаж нэгдэж чадсан тэрхүү түүхт наадамд хурдан цавьдар азаргаа айргийн дөрөвт хурдлуулж байсан Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дашийн Доржийг уншигч тантай уулзуулж байна.
-Ардчилсан Монгол Улсын анхны том наадам Монголын Нууц Товчооны 750 жилийн ойд цавьдар азаргаа айргийн дөрөвт хурдлуулж байсан. Тэрхүү баярт мөчийн дурсамжаар яриагаа эхэлье?
-Миний амьдралын баяр жаргалтай мөчүүдийн нэг дээ. 1990 оны наймдугаар сард болсон тэрхүү наадамд манай сумаас Нүрзэд, Цэрэндорж нарын ахмад уяачид  явсан юм. Би Цэрэндорж  гуайтай нэг гал болж очсон.Цэрэндорж гуай Хэнтий аймгаас ирсэн хүн л дээ. Цуг явсан буурал уяачдын маань буян хишиг, сум орон нутгийн ард түмний маань сүүн сэтгэл, залуу насны аз хийморь энэ бүхэн ивээж би тэр том уралдаанд цавьдар азаргаа дөрвөөр, даагаа 12-оор давхиулан сайхан наадаж байсан юм. Мөн тэр наадамд манай сумын Загдхорлоо гэдэг хүн их насны хээр морьтой очиж, хоёр тасарч уралдахад сүүлийнх хэсэгт нь хээр нь айрагдаж байсан юм.
-Азарга, их морь айрагдуулсан юм байна шүү дээ?
-Тэгсэн. Манай сумынхан сайхан наадсан.
-Их өтгөн наадам болсон гэдэг?
-Өө, замгүй өтгөн наадам болсон. Хүн, морь, мал, мотоцикль гээд ёстой нөгөө түм түжигнэж, бум бужигнасан гэдэг нь л болж байсан санагддаг юм. Тэр үед мотоцикльтой хүн харьцангуй цөөн байж дээ. Нууц товчооны ойн дараа намар есөн сарын нэгэнд  Эрдэнэ суманд Гэсэрваань Алдартын мялаалга наадам болоод сумандаа гурвалсан даага маань хорь гаргаж давхисан байсан.
-Улсын бүсийн статустай наадмын анхны айргийг  авчирсан цавьдар азарганыхаа талаар манай уншигчдад танилцуулаач?
-Миний тэр цавьдар азарга эцэг  талаасаа яривал Сүхбаатар аймгийн адуу болох юм шиг  байгаа юм. Би бас сайн мэдэхгүй ээ, тэгж л ярьдаг юм. Галшараас Нацаг гэдэг хүн нэг буурал азарга авчраад манай сумын Базарсад гэдэг хүнээр маллуулж  байсан юм билээ. Тэгэхэд нь тэдний нэг хүрэн гүүг хураагаад гарсан төл нь миний цавьдарын эцэг хээр азарга байгаа юм.
-Хээр азаргыг нь та авсан юм уу?
-Үгүй ээ. Манай хадам аав Доржпалам гэж хүн өртөө адуу хариулдаг байсан юм л даа. Тэгсэн долоон сарын сүүлээр цавьдар унаганы эхийг хээр амьтан идчихсэн юм билээ. Аав өнчин унагыг нь авч үлдээд, даага болох жил нь манай том хүүгийн сэвлэгний мялаалганд ирэхдээ бэлэглэж байсан юм. Цавьдар азарга манайх болсон түүх энэ байгаа юм. Тэр жилээ дааганд нь уях  гэсэн өнчин юм болоод хариугүй жаахан юм байсан л даа. Тэр үед одоогийнхтой адилхан тариа будаа гэж байсангүй. Амыг нь мэдүүлж, сайхан номхруулаад л өнгөрөөсөн юм.Тэгээд дараа жил нь шүдлэнд нь алдчихаад нэлээд шогшиж байж олсон  шүү.
-Тэр жилээ бас уяагүй юм уу?
-Уяагүй ээ. Хязаалангаас нь  сайтар сургаад соёолонгоос нь эхэлж уяад Сүрэнчимэг гэдэг охиноор унуулсан юм.Тэгсэн тавд явж байгаад машинуудын гэрлээс үргэж давхиад зургаалчихаж байсан. Тэрнээсээ хойш зодог тайлтлаа айраг, түрүү алдаагүй ээ хөөрхий.
-Хэд хүртлээ уралдсан бэ?
-Хамгийн сүүлд 15-тай азарга уралдаж байсан.
-МНТ-ны 750 жилийн ойд хэдтэй азарга айрагдаж байсан бэ?
-Аравтай байсан санагдаад байна. Сумандаа түрүүлчихээд л очсон юм шүү дээ. Миний цавьдар азарга чинь сумандаа зургаа түрүүлж, олон удаа айрагдсан адуу. 750 жилийн ойд уралдахаас өмнө зарим хүмүүс мордуулаад дэмий байхаа л гэж байсан.
-Яагаад тэр вэ?
-Наадмын өмнө гурван сунгаа болж, эхнийхэд нь гайгүй дээгүүр давхисан юм. Тэгэхээр нь би азаргаа хайрлаад дараагийн сунгаанд нь жаахан татуулчихсан юм. Тэгээд наадамд мордуулах гээд аваад очсон хэдэн өвгөчүүл харчихаад “уг нь сайхан л амьтан байна. Гэхдээ энэ удаа уралдаад дэмий байхаа” гэж байна. Тэр үед наадам олон байсангүй.Давхар уяан дээр юуг анхаарах ёстойг мэдэхгүй. Залуу ч байж. Тэгээд яахав цуг явсан Цэрэндорж гуайгаасаа л асуулаа даа. Тэгсэн “за миний хүү чи азаргаа юу гэж бодож байна. Сум орон нутагтаа бол олон түрүүлж айрагдсан даа” гэж байна. Тэгэхээр нь би “давхар уяагаар уралдуулж байгаагүй болохоор сайн мэдэхгүй юм. Гэхдээ иймэрхүү байхдаа сумандаа айрагдчихаад л байдаг юм” гээд үнэнээ хэллээ. Тэгсэн өвгөн “суманд бол чи дархан айрагтай л даа. Давхар уяа гэдэг нь жаахан тиймхэн юм” гэж байна. Ингээд “чи өөрөө л мэд” гэж байх шиг болохоор нь шөнө хоолыг нь тааруулж хоночихоод өглөө нь хөтлөөд явлаа даа. Замд улсад хонгор азаргаа айрагдуулж байсан Василь гуай, Баяжаргалангийн Дагвадорж нар азаргаа мордуулчихаад буцаж явахтай таарч, “Василь ахаа азарганы маань олмыг чангалаад өгөөч. Би унтчихжээ” гээд үнэнээ хэллээ. Василь гуай олмыг нь үзчихээд “таарсан байна. Азарга чинь их сайхан болчихсон байна” гэж байна. Тэгэхээр нь би хүүхдэдээ “За миний хүү азаргаа болж өгвөл тавд л явуулаад байгаарай. Явахгүй бол яахав” гэж захиад  нутгийхнаа бараадаад үзэгчдийн адаг руу ороод суучихлаа. Узель сонсч байсан нэр нь нэг гараад дахиж дуулдсангүй. “За за ингээд өнгөрсөн юм байхдаа” гэж бодоод  сууж байтал Ухаа худаг руу урууддаг жаахан товгор дээгүүр яг тав дээр гараад ирлээ шүү. Тэгээд нутгийнхантайгаа “Ямар ч байсан энэ хүртэл тав дээр гараад ирлээ. Одоо уул усандаа залбираад аз мэдэж дээ гээд л хүлээж байхаас” гээд ярьж суусан дөхөөд ирлээ шүү. Тэгэхээр шүгэлдээд тавьчихсан ганц хөдлөөд л дөрөв рүү орчихсон. /инээв/
-Шүгэл ямар учиртай байхав?
-Эзнийхээ дууг таньж байгаа юмуу даа. Ер нь шүгэлдэнгүүт урагшилдаг юм.
-Хүний сэтгэл ханах биш. “Хүүхдэдээ заавал тав гэлгүй явахаар бол явуулж байгаарай” гэдэг байж гэсэн бодол төрсөн үү?
-Үгүй, үгүй. Тэр том наадмын хишгийг чамлавал алдас болно. Тэр чинь зөвхөн Доржийн биш Баяндэлгэрчүүдийн амжилт шүү дээ. Тэр утгаараа уул, усандаа залбираад баярлаж суусан. Эргээд санахад нутгийн сайхан буурал уяачдынхаа магнайг тэнийлгэж тийнхүү хийморьтой наадсан нь юу юунаас илүү эрхэм байж. Одоо бол би сумынхаа хамгийн ахмад уяач нь  байх шүү.
-Цавьдар азарганы төлүүд эцгийн шийрийг хатаан хурдалж байна уу?
-Төл цавьдар азарга нь бас их  сайн давхисаан. Өвлийн наадамд ганц нэг түрүүлсэн байх, зуны наадамд бол олон айрагдсан даа. Одоо төлийн төлүүд нь сумандаа түрүүлж айрагдаад л байна. Энхбаяр гэдэг залууд байгаа нэг азарга их хурдан байсан. Үр төл нь ч хурдан байгаа дуулдана лээ. Бас нэг хүрэн халзан азаргаа соёолонд нь Зинамэдэр гэдэг хүнд зарсан. Тэрний төлүүд ч гэсэн сайн давхиж байгаа гэнэ лээ. Ер нь миний цавьдар азарганы төлүүд хаа очсон газраа хурдлаад байгаа дуулддаг шүү.
-Одоо ч гэсэн цавьдарынхаа төлүүдээр азарга тавьж байгаа юу?
-Саяхнаас азаргаа Араб цустай үрээгээр сольсон.
-Шаггүй унаач байсан байх хэмээн таамаглаж байна?
-Бие багатай болохоор олон жил хурдан морь унасан.1966 он байхаа,  нэг их үерын жил хуучнаар Архустайн сангийн аж ахуй буюу одоогийн Эрдэнэ сумын наадамд морь уналаа. Ус ихтай ширүүн бороо ороод явахын эцэсгүй болж, эмээлээ дээгүүрээ нөмрөөд бороо өнгөртөл хүлээж байгаад явсан наадам ер санаанаас гардаггүй юм. Хүүхэд юм болохоор тэр их уснаас айлгүй яахав дээ.
-Тэгээд хэдээр давхисан бэ?
-Айрагдаагүй ээ. Би олон хүний морь унаж, олон ч айраг, түрүү айраг авсан даа. Эрдэнэ сумын “Туяа” нэгдлийн адуунаас 10 даага сургавал 11 дэхээ өөрөө авдаг байсан юм. Тэгж өөрийн гэсэн  үрээтэй болж л байлаа. Ер нь багийн л моринд сонирхолтой хүүхэд байж дээ. Харин уях сойхын тухайд бол Доржпалам гэдэг айлын хүргэн болоод  хадам аавыгаа дагаж ганц нэг юм оролдож эхэлсэн дээ. Би захиргааталтын үед жолооч хийж байсан хүн. Амралтаа наадам дөхүүлж аваад наадамд морио уралдуулдаг. Чөлөө өгдөггүйгээс болоод аймаг, улсын наадамд явж чадаагүй дээ. Одоо бол хаашаа ч гарч уралдсан сайхан болж дээ.
-Хэдий тийм ч орон нутагтаа ханасан цолтой юм байна?
-Хурдан тууртын буянаар аймгийн Алдарт уяач гэдэг цолыг авсан. Өнөөдөр бас хурдан морины буянаар төрийнхөө ордонд орж, “Тод магнай” сэтгүүлдээ ярилцлага өгөөд сууж байна. Энэ бол морь уясны л ач шүү дээ. 
-Хүүхдүүд залгамжлан морь уяж байна уу?
-Хоёр хүргэн уяна аа. Хүү уяхгүй байна. Газар тариалан гээд л явчих юм. Алсдаа яах юм байгаа юм.
-Бидний урилгыг хүлээн авч сайхан хууч дэлгэсэн танд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-Та бүхний ажилд амжилт хүсье.

Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна