Аймгийн Алдарт уяач Б.Доржпүрэв: Морин жилийн наадмуудаас хоёр түрүү, нэг айраг авлаа

А.Тэлмэн
2014 оны 12-р сарын 08 -нд

-Шинэ цагийн адуугаар одтой сайхан наадагч Алдартад баяр хүргэе? Морин жил танд аз хийморио харамгүй хайрлалаа?
-Тэглээ. Морин жилийн улс, бүсийн наадмуудад амжилтай сайхан наадаж, хоёр түрүү, нэг айраг авлаа. Улсад айрагдсан хүрэн дааганы эх нь миний өөрийн хээр гүү бий. Харин эцэг нь манай “Морин эрдэнэ” галын гишүүн Д.Батмөнхийн Англи үүлдрийн халтар азарга. Хүрэн даагыг Ялалт хүрэн гэдэг юм шүү.
-Эрлийз ангилалд Ялалт нэртэй хоёр хүрэн үрээ айрагджээ. Яагаад ийн нэрлэсэн юм бэ? 
-Хүрэн даага маань 5-р сарын 9-нд ялалтын баяраар төрсөн юм. Тэгээд түүнийг нь бэлгэшээж манайхан Ялалт хүрэн гэж нэрлэсэн. Улсын наадамд айрагдчихаад давхар уяагаар Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд очиж мөн түрүүлсэн. Энэ жил Ялалт хүрэн маань улс, бүсийн наадамд нэг түрүүлж, нэг айрагдлаа.
-Баруун бүсийн наадмаас хэдэн түрүү хүртсэн бэ?
-Баруун бүсийн наадмаас хоёр түрүү хүртсэн. Монгол, эрлийз ангилалд хоёр даага түрүүлгэсэн дээ. Ер нь сүүлийн жилүүдэд бага адуу сайхан давхиад байгаа. Өнгөрсөн жил Ялалт хүрэний ах сартай зээрд даага гурваар давхисан шүү дээ. Яг нэг эцэг эхийн төлүүд байгаа юм.
-Ингэхэд Доржпүрэв уяач улс, бүсийн наадмаас хичнээн айраг, түрүү хүртээд байна вэ?
-Улс, бүсийн наадмаас хоёр түрүү, есөн айрагтай. Есөн айргийн хоёр нь улсын наадмын аман хүзүү, нэг нь бүсийн наадмын нэг аман хүзүү, бусад нь 3-5 хооронд давхисан амжилтынх байдаг юм.
-Цол зэргийн болзлын хувьд чансааны хувьд яаж байгаа вэ?
-Чанар талдаа дутах байхаа. Бага голдуу адуу айрагддаг юм чинь.
-Удахгүй улсын цолны болзлоо биелүүлэх биз ээ. Тэр үед баяртайгаар дахин уулзъя.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл №58

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна