Аймгийн Алдарт уяач Д.Сүхбаатар: Төрдөө мөргөөд дөрөвт давхиулчихлаа

А.Тэлмэн
2014 оны 10-р сарын 29 -нд

-Говийнхны амжилтын буухиаг үргэлжлүүлсэн танд баяр хүргэе?
-Баярлалаа. Анх удаа төрийн наадамд ирээд шүдлэн үрээ айрагдуулсандаа баяртай байна. Өмнө нь зурагтаар л улсын наадмыг үздэг байсан бол өнөө жил зорьж ирж уралдаад үрээгээ айрагдууллаа. Төр түмний баяр наадам маань дэгтэй сайхан болдог юм байна. Сэтгэл хангалуун байна.
-Хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Ганц шүдлэнтэй ирсэн. Хонгор халзан шүдлэн маань даагандаа зургаа айрагдаж, дөрөв түрүүлсэн адуу. Дундговийнхон бол андахгүй ээ. Өнгөрсөн жил Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд ирж гурваар давхисан. Энэ жил төрдөө мөргөөд дөрөвт давхиулчихлаа. Сайхан байна.
-Бага насны морьдын уралдаан хүндхэн болж байна гэж ярих уяачид цөөнгүй байна. Алдарт тийм сэтгэгдэл төрөв үү?
-Ер нь шинэ цагийн адуу хаа саагүй уралддаг болж. Гараа сайтай, хөлийн хурдтай манайхны монгол адуу уралдахад хүнд л юм. Ерөнхийдөө хөөж л гарч ирэх юм байна шүү дээ. Хонгор халзан үрээ бол миний том ах Хуягбаатарын хурдан буурал азарганы төл байгаа юм. Буурал азарга Дундговь аймгийнхаа баяр наадамд нэг түрүүлж, хоёр аман хүзүүдээд, Өмнөговийн наадамд бас нэг аман хүзүүдсэн адуу. Ер нь аймгийн чанартай наадамд нэлээд хэд орчихсон адуу.
-Монгол Улсын Алдарт уяач Дашдэлэг агсны хүү гэдгийг тань мэдэх юм байна. Хурдан хүлгийн уяа эвлүүлээд хэдэн жил болж байгаа вэ?
-Манайхан эцэг эхээс олуулаа. Би дээрээ зургаан ах, нэг эгчтэй. Ах нарын маань гурав нь аймгийн Алдарт уяач цолтой. Миний хувьд морь уяад 14-15 жил болж байна. Өнгөрдөг өвөл аймгийн Алдарт уяач цолоо авсан.
-Аавынхаа цолонд хүрч алдар цолоо дуудуулаарай. Дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье.
-Баярлалаа. Манай говь уяач сайтай болчихсон. Ер нь манайхны уяачид морийг дэндүү сайн уяж байна шүү. Ялангуяа залуучууд. Удам дамжсан уяач хүний хувьд үүнд баяртай явдаг.

"Тод магнай" сэтгүүл №56

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна