Аймгийн Алдарт уяач Я.Амарбат: Саарал морь маань хоёр жил дараалан түрүүллээ

А.Тэлмэн
2014 оны 10-р сарын 14 -нд

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хийморилог уяачид түүхт 90 жилийнхээ ойн баяр наадамд одтой сайхан наадаж азарга, их нас, хязаалан, дааганы уралдааны түрүүг хүртэцгээсэн юм. Тэдний нэг их морины хүлгийн эзэн аймгийн Алдарт уяач Я.Амарбатын баяраас хуваалцсанаа хүргэж байна.

-Эрдэнэцагааны их морьд хурдан гэдгийг монгол түмэн андахгүй. Сумынхаа 90 жилийн ойд их морь түрүүлгэсэн танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Баярлалаа. Сэтгэл өндөр байлгүй яахав. Эрдэнэцагаан сумын маань түүхт 90 жилийн ойн баяр наадам өргөн болж, ах нь саарал морио түрүүлгэнэ гэсэн зорилгодоо хүрлээ. Бахархалтай сайхан байна.
-Түрүүлгэнэ гэсэн зорилгодоо хүрч гэхийг бодоход нэлээд итгэлтэй байжээ дээ?
-Богино сунгаанд хурдан байхаар нь түрүүлчих болов уу гэж бодож байлаа. Учир нь миний саарал морь ноднин соёолондоо сумынхаа наадамд түрүүлж байсан адуу.
-Таны унаган адуу юу?
-Тиймээ. Эх нь манай Нямаркагийн Мөнхөөгийн цоохор будан азарганы  төл. Харин эцэг саарал азарга нь аймгийн Алдарт уяач Зоригтбаатар гэдэг хүний хурдан саарал азарганы төл байгаа юм. Би саарал мориныхоо эцгийг дааганд тэр хүнээс авч байсан юм.
-Саарал морь тань дааганаасаа уралдсан уу?
-Үгүй ээ, хязаалангаасаа эхэлж уягдан өнгөрсөн жил соёолондоо сумандаа түрүүлээд, өнөө жил хавчиг морь амжилтаа бататгалаа. Ноднин жил соёолондоо дөрөв уралдаж гурав айрагдаад ,өнөө жил хоёр уралдаж, нэг түрүүлж, нэг зургаалсан.
-Сумынхаа 90 жилийн ойд хэдэн насны морь мордуулав?
-Дөрвөн насны морьтой ирээд их морь түрүүлж, шүдлэн 16, даага 22, азарга 20 гаргаж давхилаа.
-Амарбат Алдарт хэзээнээс хурдан хүлгийн уяа тааруулж байгаа вэ?
-Би нэгдлийн мал маллаж байгаад  1982 оноос эхлэн морь уяж байна. Миний уях морьдыг бэлтгэж өгсөн хүн бол насаараа адуу малласан миний том ах “адуучин” Пүрэвжав гэж хүн байгаа юм. Намайг морь уяж эхлэхэд,” за миний дүү өөрөө уя. Ах нь адууг нь бэлдэж өгье” гэж байсан юм. Нэгэн цагт ийнхүү ахаараа хурдан адуу бэлтгэн уяач болж байсан бол яваандаа өөрөө бусдад бэлэглэдэг болсон. Дорнод аймгийн МСУХ-ны нарийн бичгийн дарга Батсайхан гэж залуу бий. Манай бага ахын хүүхэд байгаа юм. Моринд дуртай. Тэр дүүдээ 2004 онд будан үрээ бэлэглэсэн юм. Тэгсэн нөгөөх нь Дорнод аймгийн уяачдын холбооны хаврын уралдаанд түрүүлж, зун нь аймгийнх нь  баяр наадамд айргийн гуравт хурдалсан байна лээ. Мөн сая 90 жилийн ойд түрүүлдэг зээрд азарга манай адуу. Энэ мэтчилэн хүнд өгсөн адуу давхиад л байгаа.
-Хурд хуваан олноо баясгаж яваа таны цаашдын ажил үйлст амжилт хүсэн, сайн сайхныг ерөөе.

У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна