Аймгийн Алдарт уяач Г.Ойдов: Сар хайрханы даншиг бүсийн уралдааны жишгийг тогтоосон

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 19 -нд

Завхан аймгийн МСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг, аймгийн МСУХ-ны тэргүүлэгч, Алдарт уяач Гэрэлийн Ойдовын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Баянхайрхан сумын уугуул энэ эрхэм Монголын анхны бүсийн уралдаан Сар хайрханы даншгийг зохион байгуулагчдын нэг билээ.
-Завхан аймгийн МСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг юм байна. Анх холбоо байгуулж байх үеийн түүхээс яриагаа эхэлье?
-Би хөдөө аж ахуй чиглэлийн хүн. Мэргэжлийнхээ салбарт 10, худалдааны салбарт 12, сүүлийн 10 жил газрын тосны салбар буюу НИК хувьцаат компанийн Завхан дахь салбарын даргаар ажиллалаа. Үүнийхээ хажуугаар төрийн бус байгууллагын үйл хэрэгт идэвх зүтгэлтэй оролцдог хүн. Одоогоос 20-аад жилийн өмнө 1995 онд МУ-ын Алдарт уяач Оросоо, Яруугийн Баянжаргал, Сантын Баасанжав, биржийн захирал байсан Дагвадорж, Мяадорж бид хэд аймгийнхаа МСУХ-г анх байгуулж байлаа. Тэр үед ММСУХ-г үндэслэгч Пунцагбалжир агсан бас манай аймагт ирчихсэн. Бидэнд заавар зөвлөгөө өгөөд. Түүнийх нь дагуу бид аймгийнхаа МСУХ-г анх байгуулж байлаа. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл би холбооныхоо үйл ажиллагаанд байнга оролцож ирсэн. Нэг хэсэг тэргүүлэгчээр ажиллаж байгаад, холбооны дарга Дагвадорж шилжсэний дараагаас нарийн бичгийн даргаар ажилласан. Бас дэд тэргүүнээр нь ч ажиллаж байлаа. Одоо тэргүүлэгчээр ажиллан хуучин бууны хугархай гэгчээр үйл ажиллагаанд нь оролцоод л явж байна.
-Монголын хамгийн анхны бүсийн уралдаан Завхан аймагт болж байсан. Тэр утгаараа тухайн үеийн холбооны удирдлагууд нэлээд өндөр хариуцлага үүрч байсан байх?
-Талийгаач Хөдөлмөрийн баатар Отгонбилэг агсны санаачилгаар манай аймагт хамгийн анхны даншиг наадмыг хийж байлаа. Мэдээж анхны юм гэдгээрээ алдаа оноотой байсан байж мэдэх ч бид бүсийн уралдааны жишгийг тогтоож, олон газрын хурд чуулсан том наадмыг амжилттай зохион байгуулж чадсан. Ер нь Сархайрханы тэр наадам МНТ-ны 750 жилийн ойг тооцохгүйгээр Богд хаант Монгол улсаас хойш зохион байгуулагдсан хамгийн том наадам нь байсан байх. Их нас гэхэд л 200 гаруй морь мордож, тухайн үедээ хүмүүс ийм олон адуу уралдахыг харах сайхан байна гэцгээж байсан. Дээр нь тэр үеийн уяачид, унаач хүүхэд аль аль нь жудагтай, хүний үгэнд ордог байж. Тэр олон морийг гарааны төхөөрөмж байхгүй. Машин тэрэг гэх юмгүй эргүүлээд ямар ч будилаангүй зохион байгуулж байлаа. Их насанд Дөрвөлжингийн Туяагийн халиун, азарганд Тэсийн Өсөхийн хээр, дааганд Сонгинын хар даага түрүүлж Завханчууд тэр том наадмын гурван түрүүг хүртэж байлаа.
-Тухайн үедээ л өндөр бай шагналтай уралдаанд тооцогдож байсан гэдэг?
-Тийм шүү. Талийгаач Отгонбилэг агсан бай шагналыг нь дааж, түрүү моринд мотоцикль өгсөн. Тэр үеийн мотоцикль гэдэг чинь өнөөдрийн жийп гэсэн үг. Сархайрханы даншгийн дараа “Тэсийн голын хурд” гэж том уралдааныг зохион байгуулсан. Монголын хуруу дарам цөөн угшлын нэг Тэсийн голын хурдан ажнайгуудаа алдаршуулах зорилготой тэр уралдаан тухайн үедээ томоохонд тооцогдож байлаа.Түүнээс хойш хоёр ч удаа “Очирваанийн хурд” нэртэй баруун бүсийн уралдааныг зохион байгууллаа. Донойн хөндийд Завханы төдийгүй халхын хурдан буянгууд ирж уралддаг болсон байна. Энэ бол маш сайхан зүйл. Яваандаа Тэсийн голын хурдан адуу халх даяар үнэлэгдэхийн эхлэл нь энэ юм.
-Та бүхний санаж зорьж явсан үйл хэрэг хэдэн хувийн биелэлттэй байгаа вэ?
-Ямар ч байсан хорин жилийн өмнө бидний хүсч зорьж явсан зүйл тодорхой хэмжээгээр биеллээ олоод байна. Таван жилийн өмнө гэхэд манай аймгийн МСУХ улсын шилдэг холбоогоор шалгарсан шүү дээ. Өнгөрсөн жил Сонгино сумын МСУХ ММСУХ-ны шилдэг салбараар шалгарсан. Энэ бүхэнд нутаг орондоо байгаа уяачдаас гадна хотод байгаа манай аймгийн уяачид, хурдан морины зүтгэлтнүүд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг зориуд хэлмээр байна.
-Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг. Хэзээнээс морь уяж эхэлсэн бэ?
-Мундаг хүмүүсийн дэргэд миний морь уях гэж юу байхав. 1992 оны наадамд ёстой Тэсийн голын унаган адуу хар шүдлэнгээ авчирч уралдуулж байлаа. Түүнээс хойш моринд дуртай монгол эр хүний жишгээр морь уяж уралдуулан монгол наадамдаа оролцдог. Уясан морьд маань шальтай сайн давхиж байгаагүй ээ. Алдарт уяач цолыг МСУХ-г үүсгэн байгуулж, аймгийнхаа морийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, өнгөрсөн 90 жилийн ойгоор өгсөн юм.
-Завхан нутгийн морин спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн танд нийт уншигчдынхаа өмнөөс аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад Завхан аймгийнхаа нийт уяачид, морь сонирхогчдод морины босоо цагаан хийморь үргэлж ивээж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

"Тод магнай" сэтгүүл №54

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна