Нэгтгэх ба хуваах үзэл санаа-монгол, манж ухааны тэмцэл

Наранхүү
2014 оны 3-р сарын 14 -нд

“Монголчууд энэ үүлтэй адил, үүл цуглавал бороо ордог, монголчууд цуглавал цэрэг болдог Үүл сарнивал бороо зогсоно. Бид монголчуудын хүч сарнихыг хүлээж чадвал тэднийг буулган авч чадна.”
Манжийн анхны хаан Нурхачи
Эртний монголчуудын төрийн ухаан нь үлгэр туульдаа шингэж үлджээ. Улс оронд нь заналхийлсэн харийн түрэмгийлэгчдийн тулган шаардах бичгийн хариуд монголчууд тарваганы хумс, тасын өд илгээдэг байсан юм гэдэг. “Тарвага болоод газар доогуур орсон ч, тас болоод тэнгэрээр ниссэн ч санааны чинь гарз” гэсэн утга тэрхүү ер бусын илгээлтэд шингэсэн байж.
XVII зууны эхэн үеэс Хянганы нурууны чандад нутаглах ойн хэсэг анчин гөрөөчдийн удам цөөхөн зүрчидийнхний удам угсааг Нурхачи гэгч засан удирдаж, ихэд хүчирхэгжин Төв Азийн эртний төр, иргэншлийн түүхтэй Мин, Монгол хэмээх улсуудыг зэрэг түрэмгийлэн байх ахуйд Цахарын Лигдэн хутагт хаан тэрхүү Нурхачи хэмээгчид “Би дөчин түмэн Монголын эзэн харин чи болвоос мөрөн голын хөвөөний гурван түмнийг захирсан өчүүхэн хан” гээд нөгөөх тарваганы хумс, тасын өдтэй илгээмжийг явуулж.
Түүх ингэж л эхэлсэн....
Чингис... Мөнх, Хубилай их хаадын байгуулсан эзэнт гүрэн, дэлхийн дайдыг тахир сэлэм, тамгат морьдоороо бөмбөрдөн явсан монголчууд “шар тос гаднаасаа биш дотроосоо” муудахын үлгэрээр олон монголчууд ээлж дараалан эрээн луут тугийн өмнө сөхрөн бөхийж Манж гүрэн Зүүнгар улсын ард түмнийг цуслан дарснаар идэрхэг хүчирхэг Чингисийн Монгол түүхийн хуудаснаас арчигдах нь тэр.
Манжийн Энх-Амгалан бээр эрээн луут тугийнхаа өмнө бодолхийлон зогсохдоо “Сөнидийн Тэнгисээс эхлүүлэн Цорос зүүнгарын Галдан нараас эхлүүлсэн ялт хэрэг”-ийн учир холбогдлыг тунгаан үзээд монголчуудыг нэг мөсөн Манжид уусгах бодлогоо шарын шашнаар дамжуулан хэрэгжүүлэх санааг   бодож олсон  гэдэг. Тэр боджээ
“Ямаан бүрээ дуугарахад гэр бүрээс өвч бүрэн зэвсэглэсэн баатар эр гарч ирдэг ийм Монголыг яах вэ? За гайгүй ээ Цагаан лавай дуугархад гэр бүрээс нэг лам гардаг болгоноо” гэж андгайлсан юм гэдэг. Үүнийгээ хэрэгжүүлсэн гэдэг. Өвч бүрэн зэвсэглэсэн эрх чөлөөт идэр чийрэг, зориг цөс ихтэй монгол эрийн оронд шавар сүмд олон давхар олбог модон жавдан дээр завилан суусаар үжирчихсэн эхнэр болоод хорхойд хоргүй амьдрах тангарагтай мааниас өөр зэвсэггүй шар улаан орхимжондоо түүртсэн лам буй болжээ. Чингэсэн Монголыг  дарлаад суухад амар даллаж дуудахад ил гардаг болсон. (Л.Түдэв.1991)
Гэвч Манж хаан ахар бодож... Манж хааны манж ухаанд монгол түмэн монгол ухаанаар хариу барьж... Нурхачи баатрын хэлсэнчлэн “үүл цуглавал бороо, монгол цуглавал цэрэг” гэгчийг монгол ёс заншил, ахуй амьдралдаа буулган хэрэглэсэн нь монголоор “Бат-Оршил”, түвдээр Даншиг хэмээх эрсийн наадмыг тухайн нийгмийн нөхцөл байдалд шинэчлэн “Үндэсний” хэмжээнд зохион байгуулахаар болсон ажээ. Бат-Оршил хэмээхийн түүхийг  уудалваас:
“Хэрэг мандсан” гэх Долоннуурын чуулганы үйл хэрэг гэгч өндөрлөж Халхын Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар тэргүүтнүүд Манжийн Энх-Амгалан хааны сүр хүчинд итгэн дагаар орсноо илэрхийлээд үндэс нэгт Өөлдийн Галдан Бошигтын “аюул”-ыг Манж хаан арилгасны дараахан уугуул нутаг усандаа ирснийг бэлгэдэн Гэрсэнз Жалайр Хун тайжийн удам угсаа Халх долоон хошууны ноёд тэмдэглэсэн нь Бат-Оршлын үүсгэл байж. Монгол түмэн төрийн бодлогоор цэрэг эрсийн наадмыг өөрчилсөн дүр эсгээд морь уралдах, бөх барилдах, бай нэхий харвах зэргээр наадам үйлдэхэд Бонхир Донир гэгч ганц морио уяж засан уралдан түрүүлж ирсэнд “Түмний эх” цолыг өгч дуудах билэгтэй сайн үгсийг зохион гаргаснаас эхлэн морины цолыг дуудах журам гарсан ба тэмцэлдэн барилдаж түрүүлсэн бөхийг  “Арслан, заан “ хэмээх буюу шаламгай сайн барилдсан бөхчүүдийг начин, шонхор, харцага хэмээ аль нэгэн хүчтэй шаламгай шувуудын нэрээр цол өгөн алдаршуулах болсон ажээ.
Ингэж монгол түмний ихэс дээдсээс эхлэн энгийн олон түмний хүлээх сэтгэлийн үзүүр, бахархах бахархалын үндсийг ёс заншил, монгол хүний оюун ухаанд тулгуурлан бий болгож чадсан нь Бат Оршил байлаа. Бат-Оршилыг өргөжүүлэн хөгжүүлэх нь монгол төрийн бодлого, зорилго байсан гэлтэй. Хүннүгийн үеэс улбаатай “мянган газрын гүйдэлтэй” хүлгэд, эзэн Чингис хааны амжилтын нэгэн нууц, домогт жанжин Сүбээдэйн армийнхны хурдтай, тэсвэр тэвчээртэй, туулах чадвартай монгол мориныхоо гайхамшигт чанарыг хадгалах, хамгаалах цаашид хөжүүлэхээр бодож олсон зүйл бол хурдан морины уралдаан. Уралдах морийг шинжих, уях засах арга ухаанд монгол хүн шамдан суралцах, алдрай жаахан наснаас эхлэн хүлэг морийг гаргуун сайн унах  нь харийн дарлал, шашинд автсан монголчуудыг монголоор нь авч үлдэх ухаан байж. Төрийн бодлоготой гэхийн учир нь тэр үеийн түүхийн баримтанд ч тодорхой. Тухайлбал, уралдах морьдын тоог аймгуудад хувиарлан тогтоож, уралдааныг ихээхэн ёс жаягтайгаар зохион байгуулж байснаас харагдана.
Бөхийн барилдаан, сурын харваа монгол хүний бие бялдарыг хөгжүүлэх эртнээс нааш уламжлан ирсэн сургуулийг авч үлдэхийн тулд нутаг хошуудаас шилдэг, хүчирхэг эрсээ судлан шалгаруулах, бүртгэн хамгаалах утга агуулгатай байсан нь илэрхий. Бат-Оршил наадамд барилдах бөхчүүд, харваачдыг мөн адил Халхын аймаг хошуудаас тодорхой тоотойгоор шалгаруулан ирүүлдэг байж...
Хүчит бөхчүүд, мэргэн харваачид, эрдэмт уяачид, эрдэнэт хүлэг морьдыг ихэд дээдсүүд өөрсдийн нэр, нутаг усаар харьяалах нь монгол хүнийг нэгтгэх монгол ухаан, үзэл санааны илэрхийлэл байсан болохоос биш эзэрхэг түрэмгий ёс байсангүй.
Монгол төрийн нэгтгэх үзэл санаатай уралдан байсан манж нарын хуваах бодлого хэт хурдацтайгаар өрнөн байсан нь Халхын аймаг хошуудыг тасчин хэсэгчилж 3,4,... 7, 34..., 86... гэхчилэн олшруулж дураар аашилснаас илт биз ээ. Түүнчлэн хэсэгчлэн хувааж хоргой торгоор, өнгө мөнгөөр хууран мэхлэх арга заальхайг хийж, монгол бахархлыг үгүй хийх атгаг санааг ч цөөнгүй гаргасан нь бий. Энэ талаар түүх шашдир, аман зохиолд тодорхой үлдсэн байдаг бөгөөд энгийн  тайлбар хийхэд 1990–ээд оны эхэн үеийн дэлгэцийн бүтээлүүд болох Ш.Сүрэнжав абугайн “Тодмагнай”, “Цэц магнай”, “Гарьд магнай” гэх уран сайхны киноны хэмжээнд ойлгоод авчихад л болно.
Монголчууд хурдан мориороо, хүчит бөхчүүдээрээ, эрхий мэргэн харваачдаараа бахархан нэгдэж чаддаг байсан, бахархалт байдлыг бий болгож чадсан монгол төрийн бодлого манж ухаантай тэмцэлдсэн “Оюун ухааны буюу соёлын дайн” байлаа. Монголчуудын нэгдэх цуглахаас эмээн байсан манж хааны болгоомжлол айдсыг хага цохих нь монгол ухааны ялалт байсан. Үнэхээр ч тийм бөгөөд алс бөглүү хязгаар нутгийн ноёдыг хүртэл хооронд уулзуулахгүйгээр тагнуул туршуул тавьсан манж ухааны торон дундаас монгол ноёд “овоо тахих” наадам нэрийн доор нөгөө  л хурдан морь, хүчит бөх, эрхий мэргэнээ шалгаруулан байх ахуйд төрийн хэргээ манж хатдаасаа нуун хэлэлцэх аргагүйн учир “эмэгтэй хүн овоон дээр гардаггүй юм” гэх хориг цээрийг ч тогтоож байж.
 Манж ухааныг тас цохисон ялалтын гал мөнөөхөн Бат-Оршлоос бадран гарах нь зүй ёсны хэрэг “ерөөл, учрал” байсан юм. Монголын шарын шашны тэргүүн VIII богд Жибзундамбад Бат-Оршил өргөх нэрийн дор Монголын нөлөө бүхий ноёд дээдэс хуран чуулж Манж төрөөс салан тусгаарлах хэргийг хэлэцэн тохирч түүндээ хүрсэн нь “Цагаагчин гахай жилийн хувьсгал” нэрээр мөнхрөн үлджээ. Арга ч үгүй юм. Бат-Оршил Монголыг монголоор нь авч үлдээх ухааны дээд илэрхийлэл, төрийн бодлого болж байсны мөн чанар энд оршино.
Монгол ухаан, монгол ёс заншлыг олон зууны туршид тээн  ирсэн Монголыг монголоор авч үлдсэн Бат-Оршил наадмын тогтолцоо “Үндэсний эрийн гурван наадам” маань ирээдүйд ч гэсэн монгол түмний соёлын дархлаа болсоор мөнхөд оршино гэдэгт найдсаар байна.
Үүл цуглавал бороо болохын адилаар Монголчууд монгол ухаанаар нэгдэж чадвал Монгол улс мандан бадарна. Монголд минь, Монголын газар шороо, Монголын ёс заншил ариун их соёлыг мөхөөн уусгах бодолтой хэнд ч  бай эртний заншлаар “тарваганы хумс, тасын өдийг” хүргүүлэх нь монгол хүн бүрийн ухаан бодолд хадаастай байг....
Дэлтэй Цэнхэр” МСУХ ажлын алба. ДМЦС-ийн багш Т.Наранхүү

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 203.91.115.52

    түүх соёл ёс заншил бүгд цаанаа улс орон хүн зонийхоо төлөө сайн санаа агуулж байх юм, миний адил залуу үеийхэн олон зүйл бодол болгож ёс заншил үүх түүхээ мэдэж хойч үедээ өвлүүлмээр санагдаж байна

    Reply
  • 203.91.115.52

    гайхалтай ухаантай улс байжээ

    Reply