Бид манж нумаар харваж байна уу

Гарамдорж
2014 оны 2-р сарын 27 -нд

Хаврын тэргүүн сарын шинийн 9-нд Уламжлалт харвааны холбооноос зохион байгуулсан харвааны үеэр “Манж” гэсэн яриа хөөрөө гарч, сайтуудаар цацагдан олон харваачийн чихийг дэлдийлгэсэн байх. Манжууд монголчуудыг дарлан мөлжиж байх үедээ айл бүхэнд байсан нум сумыг хураан авч устгаж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн гэж сонссон шиг санагдах юм. Харвааны үеэр Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун гэдэг том эрдэмтэн үг хэлнэ билээ. Энэ хүний эрдэм номын судалгаанд бидний харваж байгаа нумыг “Манж” гэж батлах хангалттай түүхэнн баримт байгаа юм байна гэсэн бодол  надад төрсөн юм. Тун удахгүй тэр баримтуудыг дэлгэн бидний сонорт хүргэх байх гэж найдъя. Тэр болтол “Манж” гэж нэрлэгдэх дээрээ тулаад байгаа энэ нумаараа харвахаас өөр зам байхгүй. Энэ яриа хөөрөөнөөс санаа авч олон жилийн турш надад хадгалагдаж байгаа “Монгол нум сум” гэж батлагдсан материалын эх хувийг харваачид та бүхэнд толилуулж байна. Уул нь “Манж” гэсэн нэр хэр удах, харваачдаас ямар хэмжээний дэмжлэг авахыг үзье гэж бодож байтал энэ талаар олон хүн сонирхохын зэрэгцээ Монголын үндэсний сурын холбоог 30 гаруй жил удирдаж байсан улсын мэргэн Д.Балдандорж гуайн ач хүү утас цохин, миний сэтгэлд хөг нэмэн өөрт байгаа баримтуудыг олны сонорт хүргэх ташуур өгсөн юм. Энэ стандарт 40-өөд жилийн өмнө батлагдсан болохоор хуучирч өөрчлөгдөх шаардлагатай болсон байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ нум сум хийх ерөнхий зарчим хэвээрээ байгаа болов уу даа. Өнөөдөр олон хүн, тухайлбал, улсын мэргэн Ж.Сүхбаатар, спортын мастер З.Баатар, Буриад улсын Биеийн тамирын гавьяат ажилтан, спортын мастер Т.Батмөнх, спортын мастер Х.Бямбажав гээд бишгүй олон хүн нум сум үйлдвэрлэж байна. Тэдний үйлдвэрлэж байгаа нум суманд олон жилийн өмнө батлагдсан стандартаас гажсан зүйл огт ажиглагддаггүй.
Ер нь Монголын төр засгаас 40-өөд жилийн өмнө монгол нум сумны стандартыг баталгаажуулсан үйл явдал түүхэн баримт биш гэж үү. Харваачид та бүхэн энэ материалуудтай нухацтай танилцаж, санал бодлоо хуваалцана уу.
Бид бүхэн өнөөдөр “Манж” нумаар харваж байна уу? Эсвэл монгол хийцтэй нумаар харваж байна уу???

МУ-ын Мэргэн П.Гарамдорж

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна