Монгол улсын хошой мэргэн цолтой харваачид

Гарамдорж
2014 оны 2-р сарын 13 -нд

Харваач бүхэн Улсын баяр наадмын түрүү магнай болж, МУ-ын Мэргэн цол хүртэхийг хүсэн мөрөөдөж явдаг гэвэл хилсдүүлсэн хэрэг болохгүй биз ээ. Миний бие наадмын харваанд анх удаа түрүүлж, мэргэн цол хүртээд хөл газар хүрэхгүй, дээлэндээ багтахгүй шахуу баяр хөөрөөр цалгиж яваа олон харваачийг харсан. Баяр наадмын харваанд Дамирангийн Норжмаа түрүүлж, мэргэн цол хүртсэн жил Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод Улсын багийн аварга шалгаруулах тэмцээн болж билээ. Харваа дуусаж, нутаг буцахын урьд орой аймгийн удирдлагууд хүлээн авч бяцхан цайллага дайллага хийж хэн хүнгүй бага зэрэг халцгаасан юм даг. Цайллага өндөрлөн буудалдаа орон дээрээ сууж байтал Норжмаа мэргэн хөөрхөн халсан байртай орж ирээд миний өмнө шалан дээр өвдгөн дээрээ суучихаад “Улсын мэргэн болох сайхан даа, Гарам ахаа, тийм ээ” гээд дэндүү жаргалтай байхыг харахад үнэхээр сэтгэл догдлом гоё байсан сан. Мэргэн цол хүртсэн хүний бахархал, баяр жаргал тийм л байдаг даа. Тэгвэл Мэргэний цолоо ахиулсан хүн бүрт сайхан байлгүй яах вэ. 1921 оноос хойш эрэгтэй харваачдаас Д.Сүхбаатар, М.Мишигдоной, Ш.Чогдов, Д.Дэлгэржав, Р.Чойжсүрэн, Ж.Гүнбадрал, Б.Нямсүрэн, Ц.Баасанхүү, Л.Отгонбаяр, эмэгтэй харваачдаас Ш.Долгормаа, Л.Цэнгэл, Д.Түвшин, Д.Эрдэнэтуяа нарын 13 харваач Хошой мэргэн цол хүртээд байна. Энэ харваачдыг уугуул нутгаар нь тодруулвал, Дорнод /Б.Нямсүрэн, Ж.Гүнбадрал, Ш.Долгормаа/ аймгийн гурав, Төв /Л.Мишигдоной, Ишчогдов/, Сэлэнгэ /Д.Дэлгэржав, Р.Чойжсүрэн/, Ховд /Д.Түвшин, Л.Отгонбаяр/ аймгаас тус бүр хоёр, Сүхбаатар /Д.Сүхбаатар/, Дорноговь /Л.Цэнгэл/, Баян-Өлгий /Ч.Баасанхүү/, Завхан /Д.Эрдэнэтуяа/ аймгаас нэг, нэг Хошой мэргэн төрөн гарчээ. Хаврын урь орж дулааны улирал эхлэн харваачдын бэлтгэлдээ шамдах мөч хоног хоногоор ойртож байна. Энэ жилийн баяр наадмын харваанд мэргэчүүлээс хэн гэдэг аавын хүү, ээжийн охин Хошой мэргэн цол хүртэж, нутаг нуга, ах дүү, амраг садан, харваач олноо баярлуулах бол доо гэсэн бодол өөрийн эрхгүй сэтгэлд буух юм. Баяр наадмын харваагаар Хошой мэргэн төрөх болов уу?

МУ-ын Мэргэн П.Гарамдорж


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна