Халзан сумын уугуул өндөр настан Б.Өвгөнхүүгийн яриа

Санжаадорж
2014 оны 2-р сарын 12 -нд

1968 онд би Халзан суманд ажиллаж байсан. Тэгэхэд өвөө Доржийн шарга гүүнээс халиун унага гарсан. Тэр унага тэр үед 600 төгрөг хүрч байсан юм. Тэр халиун унагыг манай ах авах гээд Дорж ах 600 төгрөг гэхээр нь, ээжийнх нь хамаатан хүн л дээ. Ээждээ ирээд хэлтэл  аав нь Дорж миний хүүд ганц унага 600 гээд байхдаа яахав дээ, хэрэггүй гэсэн гэж ярьцгаадаг байсан.  Тэгээд баруун хойд бригадын дарга Жамъяншарав авч шүдлэн, хязааланд нь айрагдуулаад, соёолон болсон хойно нь зүүн талын Сайн шандын бригадын Гунгаа  худалдаж  авсан байдаг.  Тэгээд Халзан суманд Гунгаагийн халиун гэдэг азарга гараад Гунгаагийн халиуны төл  нэгдлийн орлогч дарга  Дашдоржийн халиун морь, Асгатын худгийн моторчин Батмөнхийн халиун  гээд ер нь сумын зүүн талд  хурдалсан олон адууны нэг нь Ухнын “Түмэн эх” халиун азарга юм. 
Дорж, Гунгаа аль аль нь  нас барсан, одоо бол мэдэх хүн ховорджээ. Хэнтий аймагт халиун азарга айрагдаад Ухна гуай  телевизээр ярилцлага өгч байсныг харахад “Манай адуу бол  тайж адуу” гэж байсан. Хүүхдүүддээ би манай Дорж ахаас гаралтай  халиун азарганы төл  гэж  л хэлдэг тэр “Тайж адуу” гэдэг нь Дорж ахын  шарга гүү  “тайж угшилтай” байж болох л юм гэж. Харин өвөө Доржийн, эсвэл Гунгаагийн халиуны төл  гэдгийг л би мэдэх юм. Цаад угшил нь ч Галшар л даа. Одоогийн хүмүүс ч дандаа худал ярьдаг болсон юм билээ. 
Ер нь Халзангийн хурд бол  Хэнтийн Галшарын угшилтай.  Яагаад гэвэл 1950 хэдэн онд бид 6-7-той хүүхдүүд адуу малд яваад 1000 адуутай Халзангийн овооны урд энгэрт байж л байлаа.  Тэр үед урагшаа яг манайхаар дайрч Бичигтийн заставаар малины адуу гардаг байсан.  Тэгээд л Хэнтийн Галшарын тууврын адуунаас зарим нь явахгүй болно, зарим нь унагалчихна, заримыг нь сольж үлдэнэ. Тэр  хурдны угшлын  адуунаас  Халзан сумын адуу сайжирсан даа. Тийм учраас Галшарын угшлын адуу л гэж би боддог юм. Миний аавын адуу бол Галшарын угшлын адуу байсан. Надад  Жамъяншаравын босоо цавьдарын угшилтай хүрэн халзан адуу байсан. Босоо цавьдар гэдэг нь Галшар угшлын адуу гэдэг.  Би хүрэн халзан  үрээгээ Асгат суманд хязаалан 6, соёолон 7,  хавчиг 9-д оруулж байсан. Тэгэхэд Асгатын агент Батмөнх гэдэг уяач уяан дээр ирж үзээд Өвгөнхүүгийн /намайг хэлж байна/ халзан азарга бол Галшар угшилтай адуу байна гэж хэлж байсан. 2008 онд  Алтан овоонд түрүүлсэн  Будын халзан азарга миний хүрэн халзан азаргатай нэг угшилтай юм билээ. Манай Халзан сумын адуу бол Галшар угшилтай нь үнэн.  Халзан сумаасаа Асгатынхан азарга, үрээ аваад л адуу нь сайжирсан. Үндсэндээ бол  Сүхбаатар аймгийн Дарьганга, Асгат сум аль аль нь Халзангаас төрж гарсан адуу гэж л би хэлнэ.
Манайханд Хурц гуайн шарга гэдэг чинь Надмидын шарга азарганы төл, тэднийхнийг Олнуудынхан гэдэг. Тэдний хол хамаатан садны хүн хүзүү Мажигсүрэнгийн хээр халзан азарга гээд, тэд чинь Олнуудын шаргын л угшлын адуу. Хүзүү Мажигсүрэн гэдэг нь Халзангийн хүн. 
Наймаа  зах зээл чинь одоогоос өмнө бас байсан юм шүү дээ. Хүзүү Мажигсүрэнгийн адуунд хээр адуу л байвал Асгатынхан аваад л явчихдаг байсан юм. Би даага аваачаад тавьчихад аваад л явчих жишээтэй. Тэгсээр байгаад Асгат, Халзангийн адуу бол цус, удам  нэг л адуу.  Дарьгангын адуу ч гэсэн ялгаагүй .
Эрдэнэцагааны адуу сайн адуу гарч байна. Улаан сайдын сартай хээр морь, ембүү хээр морь  байна л гэнэ. Манай Эрдэнэцагааны МАХН-ын хорооны дарга байсан Ядамдамдингийн Хүрлээ гэдэг  хүн Халзангаас  олон адуу гаргаж Эрдэнэцагаанд аваачсан. Тэр цус холдоод л удам угшил нь хурдалж байгаа гэж би боддог. Энэ бол миний өөрийн бодол. Явж, явж Халзан сумын адуу л тархаж бий болсон  хурд гэж би боддог. Үндсэн хурд бол Хэнтий аймгийн Галшараас Халзан суманд ирсэн. Тэрнээс л дамжиж гарсан адуу л гэж би боддог. Бусад улс юу ярьдгийг мэдэхгүй юм.
Манай бэр Ганчимэгийн аав Шагдаржав гэж улсын аварга тууварчин хүн байсан.  Асгат сумын Хүн эмнэлгийн эмч Нанзадын хүрэн азарга гэж хадуурдаг азаргыг  Шагдаржав гуай аваад Алтан овооны анхны тахилгад 1990 онд түрүүлгэсэн дээ. 
Хэнтий аймгийн ХААУГ-ын дарга байсан Моонон бид хоёр ах дүүгийн хүүхдүүд. Жамъяншарав, Дамдинжав, механик Дулмаа гээд ах дүү уяач улс байсан.
Бидний үед нэрлэгдэж байсан Босоо цавьдар гээд азарга Хэнтийгээс гаргаж аваачсан. Дамдинжав, Дулмаа эд нар л аваачсан. Халзангийн 50 жилээр1975 онд Дулмаагийн сартай хүрэн соёолон түрүүлсэн. Дамдинжав,  Жамъяншарав эднийхний хар халзан азарга нэлээд олон удаа айрагдсан. Тэр босоо цавьдрын төл гэдэг чинь Халзангаар тарсан даа. Одоо Жамъяншарав нь л байгаа. Гол адуугаа уядаг хүн нь Дамдинжав нь байсан юм. Хар халзан азарганы төл их олон гарсан. Дамдинжав бол сайн уяач хүн,  шандны бригадын шуудан зөөгч байсан юм.
         Анх Халзан суманд  1940-1950-иад оны үед   Пэрэнлэй зангийнхны “Сарт”  гэдэг  хурдан азарга тодорч тод магнай торгон жолоо өргүүлж байсан гэж яригддаг. Пэрэнлэй зангийнхны  Саарал,  Цэрэндаш, Наваансодов, Ёндонжугнай гээд олон хүүхэд бий. "Сарт" гэдэг азарганы дээд угшил  Галшар л болно. Тэднийхний нэг хүү  “Маам” Ёндонжугнай гэдэг хүн бол  Татварын ерөнхий газрын дарга Зоригтын хадам аав. Тэр хүн Халзангийн 50 жилд /1975 он/ ганц адуу уралдуулна гэж очоод Хайдавын Шарын  адуунаас /өөрийн дээд адууны угшил/  хээр халзан үрээ авч уяад очсон. Гэтэл цаг агаарын хүндрэл гарч мөндөр,  бороо ороод даага, шүдлэн уралдаагүйгээс хээр халзан үрээ уралдаж чадаагүй.  Тэгээд Ёндонжугнай “Энэ үрээг  уяж хурдлуулахад  миний нас хүрэхгүй. Би сумынхаа ойд нэг адуу оруулъя гэж бодсон юм” гэж үнэн санаагаа  хэлээд /манай аавд/  хүргэн Жамбалжамцын  Бяхарт  өгсөн байна.  Тэр хээр халзан үрээ азарга болж  Ухны хар халзан, мөн  Баяндэлгэр суманд очсон  хүрэн халзан гэх мэт  түүний төл  таван үрээ сумын наадамд бүгд айрагдаж, түрүүлсэн.
Хээр халзангийнх нь дүү хар халзан үрээ Хайдавын Шарынхаас Жаргалсайханыг өргөж авсан  ах  Шагжаад  очиж  хойтон жил нь шүдлэндээ Халзан суманд түрүүлсэн. Энэ хар халзан үрээ Халзан сумын  Рагчаад очсон нь энэ айлд анх  хурдны угшил бий болсон гэдэг. Халзан сумын аймгийн Алдарт уяач  Рагчаагийн Ооёо, Рагчаагийн Мөнхтөр гээд хүүхдүүд нь одоо ид  хурдлуулж байна. 2009 онд Дорнодын зүүн бүсийн уралдаанд эдний адуунаас азарга, их морь түрүүлж, их морь, соёолон айрагдсан. Тэгэхээр адууны угшил холоос татдаг, хурд эзнээ дагадаг нь үнэн юм л гэж би боддог доо.      
2010.03.10.

Намсрайцэрэнгийн Санжаадорж

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна