Халзан Гүрийн хаялга

Санжаадорж
2014 оны 2-р сарын 03 -нд

 Өндөршилийн Халзан Гүр Гурвансайхны “хар” Гочоо нар итгэл өвөртөлсөн найзууд байсан аж. Нэгэн удаа халзан Гүр хэдэн адуу хөтлөөд Гочоогийнхоороо очжээ. Гэтэл хөтөлж явсан шарга дааганы таваг нь няцраад уяан дээр нь талаараа  хэвтчихээд цааш  авч явж болохооргүй болж гэнэ..
Гүр Гочоод шарга даагыг үзүүлээд “чи энэ шарга даагыг ав. Сайн азарга болно шүү, хөтөлгөө даахаа байлаа” гэжээ.
Гочоо ч “авъя,авъя “ гээд авгай хүүхдэдээ” шарга даагыг авъя, Гүрд юу авъя гэснийг нь өгнө шүү”  гэхэд авгай хүүхэд нь дургүйцэж
-Тийм үнэ хөлс өгч авч байгаа юм бол ядаж хөл дээрээ босоо юм авдаг байгаа даа. Бөөрөөрөө хэвтсэн даага  авах юм ” гэцгээхэд Гочоо
-"Зүгээр, зүгээр Гүр сайн юм өгдөг юм" гэж байгаад авчихжээ.
Энэ шарга даага нь хожим нь  Гочоогийн улаан шарга гэдэг хурдан азарга болжээ.Гочоогийн улаан шаргын төл Нарангийн шарга гэж хурдан азарга гарч , Нарангийн шаргын үр төлүүд  Дундговийн Баянжаргалан суманд одоо ч хурдалсаар байгаа билээ. Гүр сайн адуу өгдөг нь ч үнэн, сайн юмны хаялга тасраагүй нь ч үнэн ажээ.  

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна