А.Жаргалбаяр: Биднийг морь унадаг байхад Айраг суманд Адилаа адуутай ганц хүн нь Намжилсүрэн гэдэг байлаа
Уяачийн хийморь
Хурдаар наадах адуучин хийморь
Хусуур бүслэх уяач эрдэм
Хуйв чангалах уургач авьяас
Хуураа дээдлэх Монгол жаяг
Намжилын морьд түрүүлж ирлээ
Наадмын дэвжээ хөлөрч тослоо
Будрын ууландаа сүслэн залбирна
Булгийнхаа усыг дээдлэн хүртэнэ
Зуузай шаргин зул задрахад
Зугтан тасрах бамбар зээрд
Агтны минь магнайд оч цацрах нь
Асан бадамлах галт бамбар
Магнайдаа тоосгүй түрүүлэн ирэхэд
Малчин эзэн нь нулимстай тосно
Бамбар зээрд асан дүрэлзэхэд
Бахадсан түмэн тоосоор нь гоёно
Хул гүүний босоо унага
Хурдан цэгээн түрүү магнай
Холын замдаа цуцаа нь үгүй
Хонгор адууны удамт хүлэг
Дугуй толин саранд нь
Дулаан нарны гэрэл цацарна
Дөрвөн туурайн эрчинд нь
Дорнын салхи исгэрч хурайлдана... Энэ бол Айрагийн Намжилсүрэн хэмээх нэрт уяачид хаягласан шүлгэн цацал байгаа юм. Тэртээ 1964 онд түүний ах Дамдинжав Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн харьяат Түвдэнээс халиун азарга авсаныг Намжилсүрэн уяж, түрүүлгэснээр уяачийн гараагаа эхлүүлж байсан ажээ. Түүнээс хойш 50 гаруй жил хурд ирлэж, уяа сойлго тааруулсан буурал уяачийг Айрагийн Намжилсүрэн гэхээр морины хорхойтнууд анддаггүй юм билээ. Харамсалтай нь өнөөдөр тэрээр бурхны орны хүлгэдийн уяа сойлгыг тааруулахаар холоо явчихсан байна. Намжилсүрэн агсны тухай түүний унаач явсан А.Жаргалбаяр дурсамж хуваалцсаныг энд хүргэж байна.
-Айрагийн нэрт уяачийн тухай хэдийнээс мэдэх вэ?
-Манай Намжил ах залуудаа нэгдлийн тэмээ малладаг байгаад дараа нь адуучин болсон юм билээ. Эндээс хурдан морины уяа сойлго тааруулах болсон юм болов уу. Морь уяхаас гадна мундаг уургач, адуунд их эрэмгий хүн байлаа. Энэ тухай нутгийн хөгшчүүл одоо ч ярьдаг юм. Нас насны морьдыг тэгшхэн сайхан уяна. Миний хувьд ахын ид оргил үед морийг нь унадаг байлаа. Очсон наадам болгоноосоо хоёр, гурваар нь айраг түрүү авдаг байсан үе л дээ. Би эхнэрийнх нь төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. Ахын найман хүүхдийн дунд бужигнаж өслөө. Яг л хүүхэд нь юм шиг. Хөвгүүдээс нь Номин-Эрдэнэ нь удам залгасан уяач байгаа юм. Айраг сумын Алдарт уяач цолтой. Сум орон нутагтаа сайн уяачийн тоонд л ордог хүн дээ. Бас бага хүү Бат-Эрдэнэ ч моринд хорхойтой. Өнгөрсөн зун ахын бие чилээрхүү байсан болохоор Бат-Эрдэнэ бид хоёр заавар зөвлөгөөгөөр нь уяж, уралдуулсан. Ямартаа ч ахыгаа амьд сэрүүн ахуйд нь баярлуулж чадсан болохоор сэтгэлд тайвшрал төрдөг юм. Өнгөрсөн зун сумын наадмаар унаган адуунаас нь азарга түрүүлгэхэд ах үнэхээр их баярласан.
-Хичнээн айраг түрүү хүртсэн байдаг вэ?
-Одоогоор тоолоод гаргасан юм алга л даа. Бага байхад бас л дэггүй байж дээ. Цагаан сар, наадам болоход медалиа гаргаж өлгөөд гэрээ чимнэ. Тэр үед хүний нүд хариулж байгаад өнөө медалийг нь тоолно. Одоогоос долоо, найман жилийн өмнө тоолоход 70 хүргэж байсан санагддаг юм. Түүнээс хойш тав, зургаан жил гэхээр 100 дөхсөн байх шүү.
-Ах тань ямар уяаны онцлогтой хүн байв?
-Хэзээ ч явахгүй юм шиг л боддог байж дээ. Яг уяаны ийм арга барилтай гэж хэлэхэд хэцүү. Одоо бодохнээ багадаа харсан бүхэн уяаны том хичээл байсан байна. Өнгөрсөн зун ахын зөвлөгөөгөөр Бат-Эрдэнэ бид хоёр морь уясан. Уяаны явцад энэ морь гэдэс нь нарийдсан байна, одоо ийм ажил хий гэхчилэн хоёрхон сарын хугацаанд үнэхээр их юм зааж зөвлөсөн шүү.
-Намжилсүрэн уяачийн нэрийг гаргасан хурдан хурц хүлгэдийн талаар яриагаа үргэлжлүүлмээр байна?
-Миний хувьд айхтар сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ нутаг орныхны ярианаас дуулж байснаа сонирхуулахад 1976 онд Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат, Боржигоны нэрт уяач Оригийн Адилбиш “Идэр зул” азаргаа бэлэглэж байсан гэдэг. Тэр үед 14 настай ирсэн Идэр зулыг 1978 онд Дорноговь аймгийн наадамд аман хүзүүдүүлж, Даланжаргалан сумын наадамд гуравлуулж байжээ. Түүнээс хэдэн жилийн хойно буюу 1985,1986 оны үед Адилбиш агсан “чи л миний адууг уяна” хэмээгээд халиун азарга бас өгч байсан. Энэ халиун азарганы төл цавьдар халзан морь, шарга халзан азарга гээд төлийнх нь төлүүд сүүлийн 20 жилд нутаг орондоо болон томоохон аймаг бүсийн наадмуудад тогтмол хурдалсан байдаг. Шарга халзан азарганы төлөөс цавьдар халзан азарга, зээрд азарга, Дүмбэн цагаан морь, бор халиун морь, халзан морь, Туган сарт цавьдар морь, халиун морь, Цэгээн морь, хүү Н.Номин-Эрдэнийн мөлүү загал морь, Нүдэн багийн аймгийн Алдарт уяач Лхагвасүрэнгийн шарга гэхчилэн нутаг орондоо суу алдар нь түгсэн олон хурдан буян төрсөн байна. Эндээс 1998 онд Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 195 жилийн ойн их баяр наадамд Дүмбэн цагаан соёолон дутуу эргэсэн 200 гаруй моринд хол түрүүлж, хязааланд Туган сарт цавьдар үрээ нь айргийн гурваар хурдалж байв. Дараа жил нь Дорноговь аймгийн Даланжаргалан суманд болсон “Туяа” нэгдлийн 70 жилийн ойгоор Туган сарт соёолон , Бамбар зээрд шүдлэн, Сартай хонгор даагаа түрүүлгэж нэг наадмаас гурван түрүү хүртэж байв. Бас “Боржигин – 99” уралдаанд сартай хонгор даагаа аман хүзүүдүүлж байсан. Харин 2001 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр хотноо болсон Монголросцветмет нэгдлийн 30 жилийн ойн наадамд хүү Н.Номин-Эрдэнийнх нь мөлүү загал соёолон, ахын сартай хонгор хязаалан тус тус түрүү магнай болж байсан. 2001 онд Дорноговь аймгийн шүүх цагдаагийн байгууллага үүссэний 70 жилийн ойн наадамд соёолон Цэгээн морио хол түрүүлгэж, гурав хоногийн дараа болсон Дорноговь аймгийн 70 жилийн ойн наадамд соёолон насанд Бамбар зээрд түрүү магнай болсон гээд тун ч одтой наадаж явсан байдаг юм.
-Адилбиш уяачийн “манай адууг чи л уяж чадна” гэсэн даалгаврыг үнэхээр сайн биелүүлсэн байна шүү?
-Тийм ээ. Адилаа уяач “чи адуугаар тоглох хүүхэд байна” гээд Идэр зулаа өгч байсан гэж хүмүүс ярьдаг юм байна лээ. Биднийг морь унадаг байхад Айраг суманд Адилаа адуутай ганц хүн нь Намжилсүрэн гэдэг байсныг тод санаж байна. Одоо ч Адилаа адуу Айраг гэхгүй Дорноговь даяараа тархаж дээ.
-Ахтайгаа наадсан наадмуудаас хамгийн сайхныг нь дурсаач гэвэл алийг нь онцлох вэ?
-Би таван наснаасаа эхлээд арав гаруй жил морь унасан. Эндээс хамгийн сайхан нь Равжаа хутагтын 195 жилийн ойгоор хязаалан үрээ гуравлуулж байсан үе байна. Тэгэхэд бас соёолон эргэж зугтаад, хол түрүүлэн ирсэн ч хасагдчихсан юм. Дараа нь 1999 онд Боржигон наадамд хонгор даага аман хүзүүдүүлж байлаа. Энэ мэт оролцсон наадам бүхэн өөр өөрийн өнгөөр сэтгэлд үлдсэн байна. Одоо ахын адуунаас миний нэр дээр нэлээн хэдэн адуу бий. Энэ хүний хөдөлмөр, сэтгэл зүтгэл шингэсэн хурдан буянг үржүүлж, сайхнаар нь хадгалахыг зорьдог юм.
Манай төрсөн ах бид хоёр Намжил ахын морийг унадаг байсан юм. Ах надаас өмнө унадаг байсан л даа. Тэгээд намайг хүнддээд туслах уяач болохын үед бид хоёрт 300 гаруй бог, 40 гаруй адуутай өгч байлаа.
-Хамгийн холдоо хаана наадаж байв?
-Надаас өмнө улсад хоёр ч удаа явсан байдаг юм байна лээ. Шүдлэн халиун үрээгээ арван хэдээр оруулсан гэсэн. 1991 оны наадам гэдэг билүү дээ. Харин намайг унаач байхад Боржигоны наадам, Хэнтий рүү Өвгөн ноёны наадамд явж байсан. Тэгээд аймагтаа л голдуу нааддаг байлаа. Энд нэгэн түүхийг ярихад 2001 онд Дорноговь аймгийн 70 жилийн наадамд Цэгээн цавьдар, галт бамбар мэт хэлбэртэй сартай Бамбар зээрд соёолонгуудаа болон бусад насны 10 гаруй морьд уяж очсон байлаа. Их наадмаас гурав хоногийн өмнө сунгаа тааруулж болсон Аймгийн Шүүхийн 70 жилийн ойн тэр наадамд ганцхан соёолон морь уралдуулсан юм. Тэнд Цэгээн цавьдар морио мордуулсан юм. Тэгэхэд цэгээн цавьдар морийг ач хүү Х.Мөнх-Оргил нь унаж хол тасархай түрүүлгэсэн. Хүмүүс ч Намжилын цэгээн соёолон энэ жилийн наадмын түрүү болох нь гэж ярьцгааж байлаа. Тэгээд Намжил ах наадмын урьд шөнө хоёр соёолон морио манаж хоноод, үүрээр майхан руугаа очиж амарсан байгаа юм. Тэгээд бага хүүгээ морио бариад ир гээд явуулсан чинь шүүхийн 70 жилийн ойд түрүүлсэн цэгээн цавьдар морины зөв талынх нь далнаас хутгалчихсан харамсалтай хэрэг гарсан. Тэр өдрийн наадамд би Бамбар зээрдээ унаж, хол тасархай түрүүлгэсэн. Ингэж нэг өдөр магнай хагартлаа баярлаж, бас голдоо ортол гомдож байлаа. Ах морьтой холбоотой хэрүүл маргаанд дургүй хүн болохоор их сүр дуулиан бололгүй дуугүй л өнгөрсөн. Сүүлд Бамбар зээрд морио ихэд (их морь болох жил буюу 8 настай болох өвөл нь) нийлэх жил хулгайд алдчихсан. Энэ мэт гашуун түүх бас бий. Эндээс амжилт амар олдоггүйг харж болох бизээ.
-Намжилсүрэн уяач хаана хаанаас адуундаа цус сэлбэсэн бэ?
-Миний мэдэхээр дээр дурдсан Адилбиш гэж хүний адуу бол ахын адууны угшлын цөм нь байх нь гарцаагүй. Үүнээс гадна манай Айрагийн хар Даргиа буюу аймгийн Алдарт уяач Содномдаргиа гэж сайхан хүнтэй их найзууд. Энэ хүний адууны угшилтай азарга авч, үр төлөөр нь сайхан наадсан нь бий. Мөн Айраг сумын харьяат Улсын аварга малчин Гэлэгдашийн Алтангэрэл агсан, Сайхандулаан сумын харьяат Хужирын Жамбал агсаны адуунаас цус сольсон нь ч байдаг. Ер нь тойрсон хэдэн сумдынхаа мундаг уяачидтай их дотно найзууд явсан. Олонтой явсан хүн дээ. Алтанширээ, Дэлгэрэх , Иххэт гээд л Дорноговийнхоо бүх сум, цаашилбал Хэнтий, Говьсүмбэрийн лут уяачидтай найзууд байсан.
-Адууны наймаа ярьсан хүмүүс их ирдэг байв уу?
-Наймаанд их чанга хүн байсан л даа. Авъя гэж ирсний нь зоргоор өгөхгүй. Энэ нь сайн адуутай болоход нөлөөлсөн гэж боддог. Бид чинь хүүхэд гэлтгүй сайхан азарга, гүү гээд л ярина ш дээ. Тэгсэн нэг удаа тэгж ярихыг сонсчихоод “хүмүүс азарга, азарга л гэх юм. Азарга чухал байлгүй яахав. Гэхдээ сайн гүүнээс л хурдан адуу төрдөг юм” гэж хэлж байлаа. Одоо ингээд өөрөө морь мал сонирхоод ирэхээр тэр хэлсэн үг нь юуны түрүүнд төрдөг болсон байна лээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна