Аймгийн Алдарт уяач Л.Өлзийбат: Гурван хүү маань удам залган уяач болсон

А.Тэлмэн
2014 оны 1-р сарын 04 -нд

Булган аймгийн Хангал сумын аймгийн Алдарт уяач Л.Өлзийбат энэ удаа та бидэнтэй уулзаж байна. Түүний гурван хүү нь аавыгаа залган уяач болжээ.

-Өлзийбат уяач 2013 онд сайхан наадав уу?
-Юуны өмнө “Тод магнай” сэтгүүлийн уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Усан могой жилд манай гэр бүлийнхэн үнэхээр сайн наадлаа. Гэр бүлийн нэг л гишүүн моринд ороход бусад нь уруу татагддаг гэдэг үнэн шүү. Манайх гурван хүүтэй. Бүгдээрээ уяа сойлго тааруулна. Энэ жил хүүхдүүд Эрдэнэт, Хөвсгөлийн Рашаант сум, Хайрханы ойгоор очоод гурван айраг авлаа. Эрдэнэтэд шүдлэн үрээ дөрвөөр, Хөвсгөлийн Рашаантад таваар давхилаа.
-Хүүхдүүд цолд хүрсэн байна уу? 
-Бараг болчихоод л байгаа. Нэг хүү маань зургаан айраг, түрүүтэй болсон байна. Гэхдээ би хэлдэг юм. Хийж байгаа ажилдаа сэтгэл зүрхээ зориул. Алдар цолны төлөө яарах болоогүй гэж.
-Таныг алдар цолд хүрэхэд гол амжилтыг үзүүлсэн ямар, ямар хурдан хүлэг байна вэ. Аль зүгийн адуугаар наадаж байна? 
-Надад уяач хүний баяр жаргалыг мэдрүүлсэн олон сайхан хурдан хүлгүүд бий. Эндээс сонирхуулахад Эрдэнэтийн Балжир гэж хүнээс нэг халзан азарга авч байлаа. Надад ирээд гарсан төл болгон нь  хурдалж олонтаа баярлуулсан буянтай амьтан байгаа юм. Би ч голдуу бага адуу хурдлуулсан байна. Одоо хөвгүүд маань миний цуглуулсан адуугаар нааддаг. Мэдээж адууныхаа цусыг сэлбэж гаднаас ч адуу авч байна. Сүүлд Увс, Ингэтийн сангийн аж ахуй, Дорнодоос адуу авлаа.
-Та хүүхдүүдийнхээ хувьд хамгийн сайн зөвлөгч биз?
-Тийм л болж байна. Би чинь 22 настайгаасаа л хурдан морины хусуур, сойз зүүсэн хүн. Тэгэхэд аав минь өөрийн мэддэг чаддагаа сэтгэл харамгүй л хэлж өгдөг байж билээ. Гэхдээ аав морь мал уяж байсангүй л дээ. Монгол эр хүний генид байдаг шиг байгаа юм. Адууны дэргэд байж хийморь өөдөө явдаг. Ингээд аавынхаа дэмжлэгтэйгээр уяаны эрдэмд суралцаж,  бие даан морь уях болсон юм. Энэ хугацаанд Булган аймгийнхаа наадмаас 21 айраг, түрүү авсан амжилтаараа 2006 онд аймгийн Алдарт уяач болж байлаа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Та урт насалж удаан жаргаарай.
-Баярлалаа. Монгол орныхоо өнцөг булан бүрт хурд ирлэж суугаа "мэргэжил нэгт" нөхдөдөө уясан болгон нь айраг, түрүүнд хурдалж байхыг ерөөе.

5 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.