“Дэлтэй Цэнхэр” МСУХ-ны 2013 оны шилдгүүд тодорлоо

Наранхүү
2013 оны 12-р сарын 26 -нд

Хөвсгөл аймгийн "Дэлтэй Цэнхэр" МСУХ-ны шинэ жилийн цэнгүүн 2012.12.22-нд Мөрөн суманд болж өндөрлөлөө.Цэнгүүнд Хөвсгөл аймгийн нийт 24 сумаас тус бүр гурван уяач төлөөлөгчөөр оролцлоо. "Дэлтэй Цэнхэр"-ийн уяачид улиран өнгөрч буй 2013 онд хийморьтой сайхан наадаж улс бүсийн уралдаанаас 3 түрүү, 10 айраг авсан амжилтаар ирж буй 2014 оноо угтацгааж байна.
Тус цэнгүүн дээр "Дэлтэй Цэнхэрчүүд":
Оны шилдэг салбар холбоо
Оны шилдэг уяач
Оны шилдэг унаач хүүхэд
гэсэн номинациудаар шилдгийн шилдгүүдийг шалгаруулан тодрууллаа.
“Оны шилдэг салбар холбоо”-гоор Тариалан сумын Б.Гантулга тэргүүнтэй салбар холбоо шалгарав. Шилдэг салбар холбоонд Өргөмжлөл, нэг сая төгрөгийг "Дэлтэй Цэнхэр" МСУХ-ны нарийн бичгийн дарга Т.Болдбаатар гардуулан өглөө. Тариалан сумын МСУХ нь сүүлийн 3 жил дараалан "Дэлтэй Цэнхэр"-ийн шилдэг холбоогоор шалгарч байгаа бөгөөд өнгөрсөн жил уяачид нь улс бүсийн наадамд одтой сайхан наадаж, уяачдын холбоо нь "Морьтон Монгол-10000", "Монгол морь -3000" зэрэг ажлуудад зохион байгуулалттай, өргөн бүрэлдэхүүнтэй оролцож холбооны ажлыг өргөжүүлэн тэлсэн амжилтаар дээрх номинацийн эзэн болсон байна.
“Оны шилдэг уяач”-аар Үндэсний Их баяр наадам, АХ-ын 92 жилийн ойн улсын их баяр наадмын эрлийз дээд насны уралдаанд “Таван цагаан” азаргаа айрагдуулж, Архангай аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдааны эрлийз дээд насанд мөн “Таван цагаан” азаргаа айрагдуулсан Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дондовын Бадрахыг тодруулан өргөмжлөл, 300.000 төгрөгөөр урамшууллаа.
“Оны шилдэг унаач хүүхэд”-ээр Тариалан сумын 12 жилийн ахлах сургуулийн 7-р ангийн сурагч Нямсүрэнгийн Дөлгөөн тодорлоо. Н.Дөлгөөн хүү өнгөрсөн жил Үндэсний Их баяр наадам, АХ-ын 92 жилийн ойн улсын их баяр наадмын эрлийз дээд насны уралдаанд аймгийн Алдарт уяач Д.Бадрахын “Таван цагаан” азаргыг унан айрагдуулж, мөн Архангай аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдааны эрлийз дээд насанд мөн “Таван цагаан” азаргаа айрагдуулсан амжилтаар тус шагналын эзэн боллоо. "Оны шилдэг унаач хүүхэд”-ийг өргөмжлөл, 200.000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.
Мөн шинэ жилийн цэнгүүний үеэр "Дэлтэй Цэнхэр" МСУХ-ны ажлын албаны ажилтан, "Дэлгэрмөрөн" цогцолбор сургуулийн түүх нийгмийн ухааны багш Т.Наранхүүг "Тод магнай" сэтгүүлийн редакциас тус сэтгүүл, сайттай байнга идэвхитэй хамтран ажиллаж байсныг үнэлэн “Шилдэг нийтлэлч”-ээр шалгаруулан өргөмжлөл, дурсгалын цомыг ирүүлснийг холбооны нарийн бичгийн дарга Т.Болдбаатар тус цэнгүүн дээр гардуулан өглөө.

"Дэлтэй Цэнхэр" МСУХ-ны ажилтан Т.Наранхүү

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна