М.Баттөр: 13 жилийн хугацаанд аймаг, сумын наадмаас завсаргүй 44 айраг түрүү авсан

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 24 -нд

Сүхбаатар аймгийн хийморилог эрчүүдийн нэг, аймгийн Алдарт уяач М.Баттөр энэ удаагийн "Тод магнай"-н зочин байлаа.  

-Хурдан морины уяа сойлго тааруулах болсон үеэс тань яриагаа эхэлье?
-Миний аав худалдаа бэлтгэлийн агент Молом гэж хүн байлаа. Аав морь уяхгүй л дээ. Харин би хүүхэд байхын л моринд хорхойтой нэгэн явсан болохоор аав маань хүүгээ их дэмжинээ. Тиймдээ ч 1975 онд намайг 19 настайд тухайн үедээ л дал гарч явсан болов уу Бүрэнгийн Баатар гэж өвгөнд шавь оруулж байлаа. Баатар гуайнд аав минь хадагтай очоод “хүүд маань уяаны эрдмээсээ зааж өгөөч. Хүү адуу маланд их дуртай. Гэвч би өөрөө морь уядаггүй болохоор мэдэх юм маруухан” гэж учир байдлаа хэлсэн байгаа юм. Өвгөн ч тийм дуртай байгаагүй юм билээ. Өөрөө настай хүн байсан болохоор явахгүй юм авчирч өгвөл насны бөгсөнд амьтны доог болно гэж л дээ.
-Явахгүй юм гэж таныг хэлж байгаа юм уу?
-Үгүй дээ, манай адууг хэлж байхгүй юу. Гэхдээ хөөрхий татгалзаж чадаагүй юм билээ. Уях азаргаа, хүүтэйгээ аваад ир гэж л дээ. Хэргээ бүтээсэн аав маань “хүүдээ багш олчихлоо” гэсээр бөөн баяр ирж билээ. Түүнээс хэд хоногийн дараа азаргаа аваад багшдаа очихоор боллоо. Би ч сэтгэл догдлоод яараад л байгаа юм. Ингээд очсон чинь өндөр шар өвгөн гэрийнхээ гадаа бидний ирэхийг хүлээгээд зогсож байнаа. Тэгээд аавд “чамд за гэж хэлчихээд, явахгүй юм авчирч амьтны доог болгохвий” гэж бодоод долоо хоног нойргүй хонолоо гэж байна. Тэгсэнээ адууг маань харчихаад болох юм байна гээд толгой дохилоо. Гэхдээ ингээд болоогүй ш дээ. Одооны хүүхдүүд ч залхуу шүү дээ. Хэрвээ хүү чинь залхуураад нойрмоглоод байх юм бол хоёр гүүг нь дагуулаад, азаргыг нь хөтлүүлээд буцаана шүү гэж байна. Тэр үед аав “миний хүү сонсоо биз. Хүүгээ моринд дуртай болохоор багштай болгож өглөө. Одоо чиний идэвхи зүтгэл л мэднэ дээ. Ажил хийвэл ам тосдоно шүү дээ” гэж хэлээд амжилт хүсээд яваад өглөө. Маргааш өглөөнөөс тоостой морин дээр нэмнээ тавьдаггүй юм гээд багш өөрөө цэвэрлэж, нэмнээг нь ингэж тавина гээд хичээл эхэллээ. Энэ маягаар гурав хоног хичээллээд “за одоо миний хүү өөрөө уя” гэнэ. Өөрийнх хэлснээр хийгээд тав хоног өнгөрлөө. Аав ч ирлээ. Томчууд гэрт, би гэрийн сүүдэрт сууж байтал өвгөн багш “гайгүй хүүхэд байна, үгэнд ормоор юм байна. Болно байхаа” гэхийг сонсоод үнэхээр их баярласан. Тэгэхэд би 19 настай байлаа. Аав ч баярлаж байгаа нь илт. Гарч ирээд үнсээд “миний хүүг магтаж байна. Улам л хичээдэг юм шүү” гэж хэлсэн. Ингэж тэр жил саарал азаргаараа уяа эхэлж байлаа.
-Саарал азарга хаанахын ямар угшилтай адуу вэ?
-Манай адууны эцэг тал нь Уулбаяны ламтны саарал, эх тал нь Сүхбаатар сумын Гомбо захирагч, хар Цэдэн гавжийн харуудын угшилтай. Таван адуутай очсон л доо. Ганц саарал азарга, хүрэгч гүү, хонгор гүү дагуулчихсан. Дээр нь хоёр унагатай.
          Ингээд багш маань богино давхил, их сунгалт хийж азарга жаахан хурдан байгааг хараад сэтгэл их хөдөлж байгаа бололтой “болноо” л гэнэ. Ингээд өнөө хүсэн хүлээсэн сумын наадам боллоо. Тэр үед суманд нэг их хурдан хүрэн соёолон байсан юм. Өвгөн багш саарал азарга хүрэн морьтой л уралдана даа. Их зугтаачихдаг морь гэнэлээ. Бариулаад гаргана гэж байна. Ингээд мордуулахад хүрэн морь яг зөв талд нь холбоотой ирж түрүүлсэн. Харин буруу талд нь саарал азарга ирж аман хүзүүдлээ. Үүний дараа урам орсон багш маань давхар уяагаар аймгийн наадамд очиж уралдах юм боллоо. Насны бөгсөнд зүүн хойш нь дадар эргүүлбэл багш нь одоо боллоо. Өндөр дэнжээс хүүгээ эхлүүлнэ л гэнэ. Би ч нас залуу байлаа. Үеийнхээ нөхөд дээрээ очиж, сумандаа наадмаар байдаг. Гэхдээ багшдаа хэлж чадахгүй ш дээ. Аавдаа л хэллээ. Удахгүй багш тэр хоёр ярилцсан бололтой намайг гэрт яваад орвол хүүгийнхээ үгэнд оръё доо. Уг нь багш нь аймгийн тугийг зүүн хойш нь нэг эргүүлчихье гэж бодсон юм гэж хэлж байна. Ингээд би “дийлж” сумандаа уралдуулах боллоо. Тэр үед багш маань 12  мөнгөний дэвтэр ар өвөргүй юм бичиж өгсөн юм даа.
-Юу гэж бичсэн юм болоо?
-Өнөөдөр тэдэн км яваад ийм ажил хийгээд, маргааш хоолыг нь суллаж уяж унтуулна. Нөгөөдөр амраагаад битгий тарлаарай. Жаахан цогиулаад буулгачих. Хурд нь орчихсон, өнгөрөөчихөж магадгүй шүү. Тэгээд наадмын өмнөх шөнийн хоолыг төдөн цаг өгөөрэй. Хэлтгий газар хоолыг нь өгвөл морины гэдэс эвдэрчихнэ. Яг тэгшхэн газар өгөөрэй гээд л бичиж гарлаа. Би ч яг тэр бичсэнээр нь явж байгаад уралдахын урьд шөнө нь барихад 20 минут дутуу байхад хэвтэж байсан унтчихаж. Ингээд 30 минут илүү идүүлчихлээ. Багш маань ирж үзнэ гэсэн байдаг. Юу гэж хэлнээ гээд л эмээгээд байгаа ш дээ. Одоо яахав дээ, сумын наадам явлаа даа. Тэгж явж байгаад сүүлд бас миний уяаны багш болсон хүнтэй таарлаа. Морьтой явсан намайг гурав тойрч харчихаад далан дээр зөөлхөн цохиод энэ зүүн чигийн бас хурдан морь өнөөдөр уралдана гэсэн. Саарал азаргаар тэр хонгор морийг хөтлүүлэх байсан юм. Энэ хоолыг нь хэн өгч байгаа юм. Мэдэхгүй юм бол над дээр хүрээд ирэхгүй яасан юм гээд л уцаарлангуй хэллээ. Тэгсэнээ чи буу, азарган дээрээ морд л гэнэ. Зайдан мордоод, эргүүлээд бай л гэж байна. Настай хүн хэлж байхад надад зөрөх эрх байхгүй шүү дээ. Нөгөөдөх нь хоол нь ихэдчихсэн, баана ч гэж байдаггүй. Тэгээд соёолонгоо мордууллаа.
-Хоолыг нь ихдүүлчихсэн болохоор яаж давхисан бэ?
-Саарал азарга зүүн чигийн хонгор морьтой холбоотой ороод ирж байгаа юм. Тэгэхдээ арай чамай гэж тавд орохоор давхиж явтал огт танихгүй шар дээлтэй өвгөн саарал азаргыг цулбуурдаад тавынх нь пайз барьсан хүний араар гаргаад хөтлөөд явчихлаа. Би ч гайхаад яваад очвол “Ангаа хаана байна вэ” гэж асууж байна. Манай аавыг Ангаа гэж авгайлдаг юм. Аав энэ урдхантай хоёр гүүгээ бариад сууж байгаа л гэлээ. Тэгсэн өнөө танихгүй өвгөн аав дээр очоод “Ангаа хүү чинь гайгүй уяач болох нь дээ. Миний хүү таваас эхлэхгүй ээ. Өнцөг таваас эхэлдэггүй юм” гээд надад 10 төгрөг өгөөд ахдаа битгий уурлаарай гэж хэлчихээд яваад өглөө. 1975 оны 10 төгрөг бас их мөнгө л дөө. Биднээс жоохон холдонгуут нь “хэн бэ” гэж асуувал манай хамаатны хүн шүү дээ. Бүрэнгийн баадуу  Дорж гэдэг хүн. Дорж ах нь хэлсэн болохоор миний хүү алзахгүй ээ л гэнэ. Ингээд 1975 онд саарал азаргаа сумандаа зургаалуулсан юм даа. Түүнээс хойш хоёр жил Улаанбаатар хот руу сургууль соёл гэж “хэсээд” 1978 онд нутагтаа ирсэн.
-Дахиад багштай болсон гэлүү?
-Тийм ээ, би чинь Бүрэнгийн Баатар, Шаравын Гомбожав гэж хоёр багштай. Дээр ярьсан хүрэн морины уяач Шаравын Гомбожавд шавь орсон юм. Багшийн маань хурдан хүлгэдийг одоо хүүхдүүд нь уяж хурдлуулж байгаа. Өвгөн багш маань нас дээр гарсан болохоор чилээрхэх болсон юм. Тэгэхэд саарал азарга 9 настай болчихсон байлаа. Тэр өвөлдөө Гомбожав багшаараа уяулаад Асгат, Халзан, Сүхбаатар сумдаараа уралдуулж түрүүлгэж байлаа. Зун болоход саарал азарганы эхний төл нь шүдлэн үрээ болчихсон байсан. Багш өөрөө их олон морь уядаг байсан болохоор “би саарал азаргыг чинь л уяна” гэсэн юм. Ингээд уягдаж байгаагүй битүү зэгэл шүдлэн үрээг би уялаа. Богино давхил хийсэн чинь багшийн хоёр үрээтэй холбоотой ирээд, их давхил хийсэн минийх гардаг байгаа. Тэгсэн багш наадмын өмнөх гурван өдрийн ажлыг би өөрөө хийнэ гэж байна. Ингээд 1978 онд сумын наадамд саарал азарга аман хүзүүдэж, төл шүдлэн үрээ нь ч аман хүзүүдсэн. Түүнээс нэг жилийн дараагаас буюу 1979 оноос өөрөө гардан уях болсон.
-Бие дааж уяад ямар ямар амжилт гаргав даа?
-Тэр жилээ нэг ч  айраггүй хоцорсон. Харин 1980 онд шуурга болоод адуу мал уясангүй өнжсөн. 1981 онд саарал азарга арав дотор ирж, 1982 онд саарал азарганы төл хязаалан морь сумандаа түрүүлгэсэн. Унаач нь манай аймгийн Алдарт уяач Доржийн Батзориг гэж хүү тэр үед 10 настай байлаа. Тэгэхэд өөрийгөө одоо л уяач болж байна гэж бодож байгаа юм. Залуу ч байж дээ. Тэгсэн 1983 оноос хойш дөрвөн жил хоцроочихлоо. Бүүр ногоон ч модгүй шүү. Айрагдсан морьд  улаан, байлсан нь ногоон модтой давхидаг байлаа. Ийм сайхан хурдан буянгууд заяасан, дээр нь тэр сайхан хүмүүсээр заалгачихаад ингэж ч морь уях гэж дээ гээд  одоо дахиад нэг жил уяад үзье. Тэгээд хоцроочихвол больё л гэж бодсон.
-13 жил тасралтгүй морь уясан гэж ярьсан. Ямар ч байсан шантраагүй юм байна даа?
-Тийм шүү, 1987 онд саарал азарганы төл бүдүүн морио аман хүзүүдүүлсэн. Тэгэхэд бүдүүн морь орууллаа гэж хөгшид их үнэлж билээ. Тэр үед болоогүй байхад шантарч дээ гэж бодсон шүү. Түүнээс жилийн дараа буурал морио аман хүзүүдүүлж, өөр нэг бүдүүн морио тавлуулж хоёр жил дараалаад сайхан наадчихлаа.
-Аймагт уралдаж байв уу?
-Хоёр жил сайхан наадчихаад 1989 онд анх удаа аймгийн наадамд өнөө хоёроо мордуулж нэг нь түрүүлж, нөгөө нь аман хүзүүдсэн. 1990 онд сумандаа азарга гуравлуулж, шүдлэн үрээ түрүүлгэсэн. Саарал азарга зодог тайлж, төлүүд нь давхиад эхэлсэн үе л дээ. 1989 онд аймгийн Алдарт уяач, захын Гөлгөө гэж хүнээс нэг битүү хар азарга худалдаж авсан. Даатгал хээрийг уядаг байсан хүн л дээ. Тэр үед Гөлгөө Алдарт “Сүхбаатар аймгийн Асгат сумын аймгийн Алдарт уяач Сүх-Очир гуайн адуу байгаа юм. Би уяж чадахгүй юм байна. Дааганаас нь соёолон хүртэл үзлээ барахгүй нь” гэнэ. Миний хувьд саарал азарга маань өвгөрч явсан болохоор сайхан азарга хайж явсан. Тэгээд үзэж харсан ч үгүй авахаар боллоо. Сүх-Очир гуайн аймагтаа түрүүлж байсан хурдан Буган азарганы төл л дөө. Захын Гөлгөө “Сүх-Очир гуай эцгийг нь хооллож байгаа шиг хоолыг нь өгөхөд арван хэд, хорин хэдээр л ороод байна. Чи жаахан хоолыг нь татаж уралдаад үзээрэй” гэж хэлсэн. Тэр үед би сумандаа агент хийдэг байсан юм. Азарга авсан гэдгийг дуулаад манайхны нэг өвгөн ирж харчихаад “энэ чинь Цэдэн гавжийн адууны хоолгүй давхидаг нь байна шүү дээ” гэсэн. Настай хүн л дээ. Тэгэхээр нь Гөлгөө ах намайг хоолгүй давхиулаарай гэсэн гэвэл “чи азарга алчихав. Өлдөөд үхчихнэ шүү” гэж бас хаширлаад байгаа бололтой. Ингээд 1990 оны сумын наадамд хоолыг нь хасаж мордуулаад гуравлууллаа. Бас найз Гүнчингийн Батхүүгийнхээ шүдлэн үрээг түрүүлгэсэн. Харин 1991 онд өвлийн уралдаанд хар азаргаа аман хүзүүдүүлж, саарал морь дөрөвлөсөн.  92 онд нь саарал морио, хар азаргатайгаа аман хүзүүнд хурдлуулж, Батхүү найзынхаа түрүүлгэсэн шүдлэнг соёолонд нь дөрөвлүүлсэн. Үндсэндээ 1993 оноос сум, аймгийн наадамд гурваар голдуу оруулдаг болсон л доо. 1994 онд болсон сумынхаа 70 жилийн ойгоор хар азарганы төл саарал соёолон, саарал хязаалангаа аман хүзүүдүүлж, хар азарганы төл хүрэн халзан шүдлэнгээ түрүүлгэсэн.
-Бүсийн наадмуудад очиж уралдаж байв уу?
-1995 онд Халзангийн ард Шүүт гэдэг газар зүүн бүсийн анхны уралдаан болсон юм. Би хоёр азарга, хоёр соёолонтой очсон. Тэгсэн их сунгаан дээр хар азарганы хөл нь жаахан сэвэгнэчихсэн. Нөгөө битүү хонгор азарга нь хар азарганыхаа сүүлэнд л байдаг. Урагшаа ч явж чаддаггүй, хар азарга нь болохоор тохой хэртэй ч хөндийрч чаддаггүй тэгж сунгасан.  Хар азарга доголчихсон болохоор мордуулсангүй. Битүү хонгор азаргаа мордуулаад аман хүзүүдүүлсэн. Тэр наадамд улсын цолтой томчууд олон ирсэн л дээ. Хонгор азаргыг ороод ирсний дараа Тод манлай уяач Онон ирээд “наймаа хийчихье. Өмнө нь яаж давхиж байсан адуу вэ” гэж асуусан. Би ч уягдаж байгаагүй азарга гээд зарахгүй л гэсэн. Бага насандаа нарны хордлого энэ тэр болоод нутгийн сайн уяачдаар засуулаад уясан нь тэр байсан юм. Энэ наадамд сумандаа аман хүзүүдсэн саарал хязаалан дөрөвлөсөн. Тэр үед Халзангийнхан зун манай сумын 70 жил болно, ирээрэй гэж урьсан.
-Урилгыг хүлээн аваад очсон уу?
-Үгүй ээ. Би эхээс гурвуулаа. Манай дүүгийн эхнэр Асгат сумын уугуул. Ганц бэр маань “ах аа манай суманд очъё л доо” гээд ятгаад байдаг. Тэгээд ч Асгатынхан манай наадмын дэнж өндөр шүү. Хоёроор нь аваад гардаг хүн байдаггүй юм” гэж байнаа. Халзанд гурвыг оруулсан юм чинь Асгатад ч гурвыг авна гэсэн бодолтой гарлаа. Хар азаргаа, Сүхбаатар сумын 70 жилд орсон соёолон, хязаалантайгаа очсон юм. Тэр үед нутгийн найз маань хамт явсан. Тэр бас азарга уячихсан. Хоёулаа адуугаа шөнө хооллолоо. Би бол бариад авмаар байсан болохоор нөгөөхдөө хэллээ. Тэгсэн найз маань “за хөгшөөн хүний нутагт ирчихээд хэвтүүлчихвэл чи бид хоёрын л нэр гарна” гэж хаширлаад дахиад 20 минут тавьчихъя гэлээ. Нээрээ ч тийм юм болов уу гэж бодоод 20 минут идүүлчихээд барих гэсэн одоо 10-хан минут идүүлчихье гэнэ. Нэгэнт 20 минут идүүлчихсэн юм чинь яах билээ, идүүлчихлээ. Ингээд өглөө нь 360 гаруй азарга мордож манай найзынх есөөр, минийх арваар орсон. Харин соёолон айргийн дөрвөөр давхисан. Соёолон мордоод удаагүй байтал миний саарал, өөр нэг халиун морьтой хөтлөөд гараад ирлээ. 300 м дутуу байхад Асгатын төв наадмын талбай руу гараад халиун морь сугараад, саарал цогиод дөрөвлөсөн. Хязаалан халзан үрээ бас л тэнд ирээд цогиод дахиад дөрөвлөсөн. 1995 оны Асгатын 70 жил нэг иймэрхүү. 1996 онд сумандаа хязаалан гурав, соёолон дөрөв, азарга дөрөвлүүлсэн бол 1997 аймгийн 55 жилээр соёолонгоо айргийн гурваар, хоёр хязаалан мориныхоо нэгийг гуравт, нөгөөг нь тавлуулсан. 1998 онд хоёр соёолон дөрөв, таваар оруулаад, 1999 онд сумандаа нэг шүдлэн үрээ аман хүзүүдүүлсэн. Ингээд 2000 онд мотоциклиос унаж гар хөлөө бэртээснээс хойш морь уясангүй.
-Энэ хугацаанд хичнээн айраг түрүүтэй болсон байна вэ?
-Би 13 жилийн хугацаанд сум аймгаас завсаргүй 44 айраг түрүү авсан. Ихэнх нь саарал, хар азарга, тэдгээрийн төлүүдийн гаргасан амжилт байгаа юм. Энэ амжилтаараа 2002 онд аймгийн Алдарт уяач болсон.
-Сонирхолтой сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Урт насалж удаан жаргаарай.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна