Унаач Б.Даваадорж: Есөн жилийн дараа улсын наадмаас анхны айргаа авлаа

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 16 -нд

Их монгол улс байгуулагдсаны 807, АХ-ын 92 жил Үндэсний их баяр наадмын хурдан морины түүхэнд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Н.Даш-Өлзийн хонгор бичигдэж байгаа юм. Хонгор  үрээг 279 дугаартай, 15 настай Б.Даваадорж хүү унаж, амжилтын цуваагаа төрийн наадмын айргаар отголоод байгаа ажээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Энэ жил хэдэн насны морь унав?
-Төрийнхөө их баяр наадамд нэг л насны морь унаж, айрагдууллаа. Хэдийгээр хурдан морь унаад 9 жил болж байгаа ч анх удаа л улсын наадамд уралдаад анхны айргаа авлаа. Сэтгэл их өндөр байна.
-Оюутан болсон юмаа даа?
-Тиймээ энэ жил мориноос хасагдаж байгаа. Улаанбаатар хотын 59-р дунд сургуулийг төгсөөд одоо Өвөрхангай аймгийн технологийн сургуульд цахилгааны инженер мэргэжлээр нэгдүгээр курсэд суралцаж байгаа. Би өөрөө дуртай болохоор хичээл ном маань үнэхээр сонирхолтой санагдаж , уйдах завгүй л явна.
-Анхны наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-Би чинь Өвөрхангай Хархорины хүүхэд. Анх сумандаа овооны наадамд уралдаад гуравлуулж байлаа.  Анх Хархорин сумын уяач ахынхаа морийг унадаг байгаад сүүлийн жилүүдэд Даш-Өлзий ахынхаа морийг унаж байна.
-Энэ хугацаанд  авсан хамгийн том шагнал гэвэл?
-2010 онд “Их хурд 5”-д Даш-Өлзий ахын цавьдар азаргыг 10-аар давхиулж байлаа. Монгол орны газар газраас шигшигдсэн хурдан буянгуудтай уралдаад аравт багтаасан маань яагаад ч юм шагнал авснаас илүү сайхан санагддаг.
-Олон жил морь унажээ. Дүү нартаа ахын хувьд зөвлөгөө өгөөч?
-Гол нь морио гамнаж, хайрлаж унаарай л гэж захих байна. Мэдээж уралдааны замд саар бэрхшээл бишгүй тохиолдоно. Энд унаач хүүхдийн арга барил их чухал юм. Би бол уралдаж байхдаа аль болох шахаж уралдахгүйг хичээдэг.
-Уралдааны зам амаргүй гэлээ. Унаач хүүхдүүд сайдаж муудах зүйл их гардаг уу?
-Тэгэлгүй яахав. Үнэхээр ширүүн өрсөлдөгчид уралдааны замд л байдаг юм. Түүнээс гадна халтиргаа гулгаа, өлий таарах, морь хадуурах гээд амаргүй  л дээ. Энэ бүхнийг туулаад барианд ороод ирэхэд морины хөлс авах гэсэн үзэгчид бас бүчнэ. Ямар хэцүү замыг туулаад ирж байгаа адуу билээ дээ. Хайрлаач гэж хэлмээр байдаг юм. Гэхдээ би энд адуунд хайртай олныг буруутгах гээгүй шүү эгч ээ.
-Ярилцсан баярлалаа. Оюутан дүүдээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна