Унаач Н.Батноров: Бэлэгний хязаалангаа энэ жил уясан

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 18 -нд

“...Тургихад нь агийн үнэр
Туурайнаас нь газрын үнэр
Тохомноос нь хөлсний үнэр
Туг сүүлнээс нь тэнгэр үнэртсэн....
Монгол наадмын хурдан морины  уралдааны эрлийз дээд насанд Хэнтий аймгийн Дархан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач У.Буяндэлгэрийн бор үрээг айргийн дөрвөөр, залгаад Төв аймгийн 90 жил, төвийн бүсийн даншиг наадамд айргийн гурваар хурдлуулсан унаач бол 9 настай Норовцэрэнгийн Батноров хүү байлаа. Цог заль гэрэлтсэн жавхаалаг унаач ирээдүйд уяач болохыг хүсдэг гэнэ. У.Буяндэлгэр ахынхаа бэлэглэсэн адуугаар уяа эвлүүлж эхлээд байгаа түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Энэ жил сайхан наадав уу? 
-Тийм ээ үнэхээр сайхан наадлаа. Улсынхаа наадамд хоёр дахь жилдээ уралдаж, бор соёолонгоо айрагдууллаа. Түрүү жил Буяндэлгэр ахынхаа бор үрээг 12-оор давхиулж байсан болохоор даагаа нэхэж заавал амжилтаа ахиулна даа гэж бодож байлаа. Гэхдээ бас бодож байгаа шигээ уралдаж чадахгүй байхвий гэж эмээж байснаа нуугаад яахав.
-Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг билээ?
-Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуулийн 4в ангид сурдаг. Одоо 9 настай.
-”Од” галын унаач болоод удаж байна уу?
-Хурдан морь унаад дөрвөн жил  болж байна. Эндээс энэ жил хамгийн том наадмаасаа айраг авлаа. Манай галынхан ч их сайхан наадсан. Бид чинь “ам бүл” олуулаа шүү дээ. Хориод унаач хүүхэд байдаг.
-Аль насны морийг унаж уралдах дуртай вэ? 
-Мэдээж насны ялгаа их байна. Азарга унахад нэг л эвгүй байдаг юмаа. Харин их нас, эрлийз адуу унахад гоё. -Ирээдүйн мэргэжлээ сонгочихсон уу?
-Тиймээ, уяач болно гэж бодож байна. Буяндэлгэр ах маань жил бүр миний төрсөн өдрөөр адуу бэлэглэдэг. Бэлэгнийхээ адуунаас хязаалан үрээгээ энэ жил уясан. Нагац ах маань уяа сойлгыг нь тааруулж байгаа. Даагандаа Хашаатад айргийн гурваар давхиж байсан юм. Дараа жилээс илүү сайхан давхих байхаа.
-Тэгвэл Батноров уяачийн айраг, түрүү хүртэх баярт мөчид дахин уулзацгаая.
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээр дамжуулан “Од” галын ах нар, унаачдадаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

П.Ундраа

9 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.