Зуун дамнан дуурсагдах Тодмагнай торгон жолоо-3

Наранхүү
2013 оны 11-р сарын 15 -нд

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд Ардын хувьсгалын ойн баяр наадамд 1993-2013 онуудад түрүүлж, айрагдсан соёолонгуудын цуваа:

“Соёолонгийн тоос,сангийн утаа хоёр сансарт хүрдэг” ардын үгээс
Эрчилсэн тоос нь сансарт хүрдэг гэлцдэг эр ханасан соёолон хүлгийн уралдаан. Үзэгч наадамчдын хүсэн хүлээдэг монгол наадмын нэгэн торгон мөч. Ийнхүү Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумынхаа сүүлийн 20 жилийн наадмын соёолонгийн уралдааны түрүү айргийн хүлгүүдийн цувааг та бүхэнд толилуулж байна.
1993 он. Тосонцэнгэл сумын Янчааны Батмягмар агсаны хурдан хээр алаг үрээ түрүүлэн торгон жолоо өргүүлсэн байдаг. Алаг морь хожмоо нас нийлэн сумынхаа баяр наадамд нэг удаа аман хүзүүлж, 3 удаа айрагдсан амжилтыг гаргасан байна. Аман хүзүүнд 1-р багийн Ц.Цэвээннамжилын буурал үрээ хурдалсан байна.
1994 он. Тосонцэнгэл сумын түүхт 70 жилийн ойн баяр наадам. 70  гаруй хурдан соёолон мордсоноос тус 2-р багийн харьяат “Аймгийн аварга уяач” Дуламын Рэнчингийн хурдан хээр үрээ түрүүлэн ирж наадамчин олноо баясгасан байна. Хээр үрээ бага 3 насандаа шүдлэн, хязаалан, соёолон дараалан түрүүлсэн амжилт гаргасан бөгөөд алдарт Лувсаннямаан халтар азарганы төл юм. Аман хүзүүнд 5-р багийн уяач Нямын хүрэн үрээ хурдалсан байна.
1995 он. Тосонцэнгэл сумын 2-р багийн нэрт уяач Балдоржийн Батлут агсаны хурдан хээр үрээ түрүүлэн Чүлтэмийн Батмөнх гуайн хээр үрээ аман хүзүүдсэн байна.
1996 он. 1-р багийн уяач Цэнд-Аюушийн Няммөнхийн бор үрээ хол тасархай түрүүлэн ирсэн бол аман хүзүүнд 1-р багийн уяач Норовцэрэнгийн Бөхболдын цэгээн үрээ аман хүзүүдэж, айргийн гуравт 2-р багийн “Өндөр” хэмээх Шаравдорж агсаны хурдан саарал үрээ хурдалсан байна.
1997 он. 1-р багийн ахмад уяач Пунцагийн буурал үрээ түрүүлэн 2-р багийн уяач Рэнчингийн Төмөрбаатар агсаны хурдан хул үрээ аман хүзүүдэж, 5-р багийн уяач Наваанжанцангийн Пэрэнлэйдоржийн борлог үрээ гуравт хурдалжээ. Айргийн дөрөвт 1-р багийн Баатарын Мягмардаваагийн хул үрээ, айргийн тавд 1-р багийн уяач Дармаан Бадамдорж гуайн хурдан алаг үрээ хурдалсан байдаг.
1998 он. 4-р багийн уяач Дэмчигбатын Баасанжавын “Бага хээр” азарган соёолон түрүүлэн Түмэн эхээр цоллуулсан бол 4-р багийн уяач Наваанжанцангийн Батсүрэнгийн хонгор үрээ хурдалжээ.
1999 он. 5-р багийн уяач Нацагийн Батсайханы хүрэн үрээ түрүүлсэн бол аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Буудгаа хэмээх Батчулуун уяачийн будан үрээ, айргийн гуравт 2-р багийн уяач Р.Төмөрбаатар агсаны бор хул үрээ, айргийн дөрөвт 2-р багийн Дуламын Нямдоржийн бор үрээ, айргийн тавд 2-р багийн аймгийн Аварга уяач Сүрэнгийн Дагвадорж гуайн хул үрээ хурдалжээ.
2000 он. 5-р багийн уяач Нацагийн Батсайханы хурдан халиун үрээ түрүүлэн Батсайхан уяач хоёр жил дараалан соёолонгийн түрүүг авсан байна. Аман хүзүүнд 2-р багийн залуу уяач Дагвадоржийн Батбилэгийн хул үрээ айргийн гуравт 1-р багийн уяач Болдоггүй ахын бор халиун үрээ, айргийн дөрөвт 5-р багийн уяач Наваанжанцангийн Пэрэнлэйдоржийн хүрэн үрээ, айргийн тавд  2-р багийн Аймгийн аварга уяач Дуламын Рэнчингийн саарал морь айрагдсан байна.
2001 он. Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадамд 1-р багийн уяач Янчааны Батмягмар агсаны хурдан бор үрээ 3 дахь удаагаа түрүүлэн ирж бага 3 насандаа түрүүлсэн амжилтаар Д.Рэнчингийн хээр үрээний дараагийн амжилтын эзэн боллоо. Бор үрээ нас нийлсэнийхээ дараа 2 удаа аман хүзүүдсэн амжилт гаргаад хөл нь бэртэн идэр насандаа түмэн эхийн уяанд дахин сойгдоогүй билээ. Аман хүзүүнд 2-р багийн уяач Сүхээн Эрдэнэдаваагийн Сартай хээр үрээ давхисан бол айргийн гуравт 3-р багийн уяач Пагмасүрэнгийн Эрдэнэбилэгийн саарал үрээ, айргийн таваар 5 багийн уяач Наваанжанцангийн Пэрэнлэйдоржийн саарал халзан үрээн айрагдсан байна.
2002 он. 1-р багийн Цэвээндоогийн Цэвээннамжилын хурдан халтар үрээ 2 дахь удаагаа түрүүлэн Түмэн эхээр тодорсон бол, аман хүзүүнд хожим ихэд алдаршин хурдалсан 3-р багийн уяач Сарангийн Болдбаатарын хурдан хээр азарга давхисан бол айргийн гуравт 4-р багийн залуу уяач Хонинхүүгийн Даваадоржийн хээр үрээ давхисан байдаг.
2003 он. 1-р багийн уяач Батын Бямбацогтын хээр морь түрүүлэн бол аман хүзүүнд 2-р багийн уяач Готовын Идэрхангайн сартай халтар үрээ давхижээ.
2004 он. Тосонцэнгэл сум байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадамд 80 гаруй хурдан соёолон мордсоноос Булган аймгийн Хутаг-Өндөр сумын халтар үрээ түрүүлсэн бол айргийн гурваар 4-р багийн уяач Пунсанцогвоон Янтайдоржийн хурдан борлог үрээ, айргийн тавд Чүлтэмийн Батмөнх Алдартын хурдан хул үрээ хурдалжээ.
2005 он. Цуваа олдсонгүй
2006 он. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяр наадамд Тосонцэнгэл сумын 3-р багийн уяач Ходигдоржийн Лхагвасүрэнгийн сартай хар үрээ түрүүлэн 4-р багийн  уяач Батсайханы Лхагвачулууны  халтар үрээ, айргийн гуравт 2-р багийн С.Эрдэнэдаваагийн хээр, айргийн дөрөвт 1-р багийн уяач Жадамбын Мөнхдалайн борлог үрээ, айргийн тавд 4-р багийн уяач Цогтбаатарын Баасанхүүгийн хээр алаг үрээ хурдалсан байна.
2007 он. Тосонцэнгэл сумын 3-р багийн уяач Энхбаярын Эрдэнэбаатарын шарга үрээ хязаалан соёолон насандаа төрөлх сумандаа дараалан түрүүлж “Түмэн эх”-ээр цоллуулжээ. Аман хүзүүнд 1-р багийн Батын Бямбацогтын хүрэн үрээ, айргийн гуравт 2-р багийн С.Эрдэнэдаваагийн хээр, айргийн дөрөвт 2-р багийн Дуламын Рэнчингийн халиун, айргийн тавд 3-р багийн Мөнхтулга уяачийн хээр үрээ айрагдсан байна.
2008 он. Тосонцэнгэл сумын 2-р багийн уяач Сүхбаатарын Алтанбаярын хул үрээ түрүүлсэн бол аман хүзүүнд 4-р багийн уяач Чулуунбаатарын Дашнямын халиун үрээ хурдалжээ.
2009 он. Тосонцэнгэл сумын залуу уяач Цэвээнамжилын Сэдэдийн улаан үрээ түрүүлэн тод магнай торгон жолоо өргүүлсэн бол аман хүзүүнд 2-р багийн уяач Санжидын Отгонбаатарын хүрэн үрээ хурдалжээ. Айргийн таваар 1-р багийн уяач Жадамбын Мөнх-Эрдэнийн хар үрээ айрагдсан байна.
2010 он. 2-р багийн уяач Пунсанцогвоон Цогтбаатарын хээр үрээ, хээр үрээ даагандаа мөн түрүүлсэн хүрэн халзан үрээ хоёр зуузай холбон түрүүлсэн нь бас эр хүнд тэр бүр тохиохгүй аз хийморийн бэлгэдэл байсан бизээ.1995 оны Хөвсгөл аймгийн наадамд Тосонцэнгэл сумын харьяат аймгийн Аварга уяач Дуламын Ням-Очир агсаны хоёр халиун үрээ давхиж байсны дараагаар суманд давтсан амжилт энэ байлаа.
2011 он. Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд хурдан шандаст 40 гаруй хурдан соёолон мордсоноос 1-р багийн уяач Хасбатын Цэрэндоржийн Сүхбаатар аймгийн угшилтай хурдан хар үрээ хол түрүүлэн иржээ. Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уяач Бандийн Баасанжавын алаг үрээ, айргийн гурав тус сумын 2-р багийн залуу уяач Мандширийн Цэдэн-Очирын бор үрээ хурдалсан байдаг.
2012 он. 1-р багийн уяач Норовцэрэнгийн Бөхболдын цавьдар үрээ түрүүлсэн бол аман хүзүүнд 5-р багийн уяач сумын заан Сундуйн Түмэнцогтын хонгор халзан үрээ, айргийн дөрөвт 3-р багийн уяач Сүхдалайн Энхсайханы халтар, айргийн таваар 2-р багийн Сүхбаатарын Алтанбаярын “Цоглог халтар үрээ айрагдсан байна.
2013 он. 1-р багийн уяач Цэвээннамжилын Сэдэдийн Сүхбаатар аймгийн Халзан сумын угшилтай хүрэн үрээ, аман хүзүүнд 2-р багийн уяач Санжидын Дагважамцын Сүхбаатар аймгийн Мөнххаан угшилтай “Оонон” халтар үрээ, айргийн гуравт 5-р багийн уяач Мандширийн Сүхбаатарын Сэлэнгэ аймгийн Цагааннуур угшилтай халтар халзан үрээ, айргийн дөрөвт 3-р багийн уяач Сарангийн Болдбаатарын хээр үрээ, айргийн таваар 2-р багийн уяач Төмөрбаатарын Нацагдоржийн Сүхбаатар аймгийн Халзан сумын угшилтай “Ембүү” хүрэн үрээ айрагджээ.
Дээрх цуваанаас үзэхэд:
• 1-р багийн харьяат “аймгийн Алдарт” уяач Цэвээндоогийн Цэвээннамжил хүү Сэдэдийн хамтаар 3 түрүү, нэг аман хүзүү2002,2009,2013 онд түрүү, 1993 онд аман хүзүү,
• 1-р багийн уяач Я.Батмягмар агсан 2 түрүү1993,2001,
• 5-р багийн уяач Нацагийн Батсайхан жил дараалан хүрэн, халиун үрээнүүдээр 2 түрүү 1999,2000 онуудад
• 2-р багийн уяач Дуламын Рэнчин 1 түрүү 2 айраг,
• 2010 оны наадамд 2-р багийн уяач П.Цогтбаатар уяач өөрийн уясан унаган 2 үрээгээ түрүү аман хүзүүдүүлсэн гэсэн амжилтын цуваа харагдах болно.
Мөн Тосонцэнгэл сумын нэрд гарсан хурдан хүлгүүд соёолондоо хэрхэн яаж давхиж байсныг сонирхуулбал 4 түрүүлсэн Мөнхийн Эрдэнэдаваагийн алаг морь, Наваанжанцангийн Доржгочоон борлог морь зэрэг морьд соёолондоо түрүүлсэн байдаг бол Ц.Няммөнхийн “Аварга халтар” аман хүзүүнд хурдалж байсан бөгөөд Аварга халтрын духан дээр салхи орхин түрүүлж байсан хүлэг Тосонцэнгэл сумын нэрт уяач Дашчарив гуайн хурдан саарал морь билээ. 4 түрүүлсэн Балдоржийн Батлут агсаны “Суман хар морь”, 2 түрүүлж нэг аман хүзүүлсэн Л.Баасанжавын хүрэн морьд наймд давхиж байсан гэлцдэг. 1 түрүүлж 2 айрагдсан Ч.Батмөнх гуайн хул морь соёолондоо айргийн таваар, 1 түрүүлэн 1 аман хүзүүдэн, 3 айрагдсан Р.Төмөрбаатар агсаны “Жижиг хүрэн морь соёолондоо 13-т хурдалж байсан бол, тухайн сумандаа 1 түрүүлэн 2 айрагдсан Д.Бадамдорж гуайн алаг азарга соёолондоо айргийн тав, 1 түрүүлэн хэдэн удаа айрагдсан Э.Эрдэнэбаатарын “хулгар хар” азарга соёолондоо 8-д давхисан зэрэг мэдээ баримт байдаг билээ.
 Дээрх нийтлэл болбоос бичигчийн хувийн тэмдэглэлд тулгуурласан байгаа бөгөөд зарим жилийн наадмын айрагдсан хүлгүүдийн нэр зүс байхгүй байгаад уншигч абугай  танаас хүлцэл өчье. Түүнчлэн 1993 оноос өмнөх үеийн хурдан морины уралдааны цуваа олдохгүй болсон 1997 онд сумын Засаг Даргын тамгын газар шатахад үрэгдсэн тул хурдан морь сонирхогчдын аман хууч, яриа зэргээс нөхвөрлөн оруулахыг хичээн судлаж байгаа бөгөөд уншигч та бүхэн мэдэх бүхнээ бичигчийн хаягаар ирүүлэхийг хичээнгүйлэн хүсье.
зураг дээр 2008 оны соёолонгийн түрүү 2-р багийн уяач С.Алтанбаярын хул морь

Хөвсгөл аймгийн "Дэлтэй цэнхэр" МСУХ-ны ажлын албаны ажилтан Т.Наранхүү

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна