Удамт уяачийн Урам бор

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 30 -нд

ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг, МУ-ын Алдарт уяач  Уламбаярын Буяндэлгэрийн Урам бор соёолон төрийнхөө их баяр наадамд айргийн дөрөвт хурдалж, уясан эзний магнайг тэнийлгэлээ.
ОХУ-ын Перьскийн морин зоводоос 2006 онд “МТТ” компанийн захирал Тэрбишийн оруулж ирсэн халзан хязааланг Алдарт авч, Сүмбэр хэмээх нэрийг хайрласан бөгөөд тэр нь улсын наадамд айрагдаад буй бор үрээний эцэг  юм. Харин эх нь У.Буяндэлгэр Алдартын дээдчүүлийн адууны /Ононмөр адуу/ угшилтай сумынхаа наадамд завсаргүй дөрөв түрүүлсэн Хүүхдийн шарга хэмээн хурдан азарганы төл.
Бор үрээг дааган цагаас уяж, бэсрэг наадмуудад хэд хэд айрагдуулсан бөгөөд өнгөрсөн жил улсын наадамд  уралдан 12-өөр давхиж байжээ. Харин энэ жилийн тухайд уяа сойлго нь эвлэж, улсын наадмаас хойш Төв аймгийн 90 жилийн ой буюу төвийн бүсийн наадамд айргийн гуравт хурдалсан юм. Томоохон наадмын хишиг хүртэлгүй нэлээд хэдэн жилийг үдсэн Алдартын магнайг тэнийлгэсэн бор үрээнд уяаны багачуул нь “Урам бор” хэмээх нэрийг хайрласан гэдэг.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна