Матад сумын адуучин Г.Баяржаргал амжилттай оролцжээ

Батсайхан
2013 оны 10-р сарын 17 -нд

Монголын Үндэсний олон нийтийн телевизээр айл бүрийн хойморт зочлон монгол эр хүний хийморь цог золбоо, ид хавыг гайхуулдаг “ Адуучин “ нэвтрүүлгийн 200 дахь дугаартай давхцан Монгол Улсын Засгийн газар, ССАЖЯамны ивээл доор Улсын Шилдгийн шилдэг адуучин шалгаруулах тэмцээн энэ сарын 06-нд Улаанбаатар хот - Хүйн долоон худагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
          Аймаг тус бүрээс нэг адуучин оролцсон тус тэмцээн нь эмнэг хангал сургах, явган шургуулж уургалах, морьтой уургалах, уурга ташуур шүүрэх гэсэн үндсэн 4 төрлөөр зохиогдож  манай аймгийн адуучдыг төлөөлж оролцсон Матад сумын Буян-Өндөр багийн харьяат, 22 настай адуучин Ганбаатарын Баяржаргал уургалах болон эмнэг хангал сургах төрөл тус бүрт гуравдугаар байрт шалгарч нийлбэр дүн гарахад нийт  21 адуучнаас 5-рт шалгарч дурсгалын цалин мөнгөн энгэрийн тэмдэг, таван сая төгрөгөөр шагнагдсан байна. Түүнийг эмнэг хангал сургахад тэмцээний ерөнхий шүүгч МУ-ын Тод манлай уяач Д.Онон хэлэх үгээ олохгүй магтаж хамгийн өндөр оноог харамгүй өгсөн бол тал нутгийн хүүгийн авхаалж самбааг илтгэн богинохон бургасан уургаараа эмнэг хүрэн азаргыг явган шургуулж, гишгэгдлийг нь тааруулан, эргэж унатал татан дахин үзэгч олныг дуу алдуулж, алга ташилтаар мялаалгасан юм.
         Адуучин Г.Баяржаргал нь өнгөрсөн 9-р сарын 14-15-нд Монголын Морин спорт, Уяачдын холбооны 2012 оны Шилдэг салбар холбоогоор шалгарсан Халхгол сумын “Халхын То ван” МСУХ-ны мялаалга наадмын үеэр Буйр далай ээжийн хөвөөнд зохиогдсон “Адуучин” нэвтрүүлэгт түрүүлсэн бөгөөд улмаар улсад 5-р байранд шалгарсан нь Монгол улсын анхны адуучин Хөдөлмөрийн баатар О.Цэвэлдорж агсаны нутаг Дорнодчуудын тэр дундаа хурдан морь сонирхогчид, адуучин залуусынхаа нэр төрийг өндөрт өргөсөн үйл явдал болж аймгийнхаа түүхэнд тэмдэглэн үлдэж байна. Адуучин залуудаа үрээгээ танихгүй баян, үрээ танихгүй өнөр болохыг хүсэн ерөөе.


Аймгийн МСУХ-ны НБДарга, Хатагин Б.Батсайхан
Гэрэл зургийг Б.Энхмаа
        
     

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна