Тоогдоогүй түмэн эх

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 16 -нд

“Дахан дор эр, даахин дор хүлэг” хэмээх хэлцийн биелэл болсон энэхүү хурдан ажнай Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу гэдгийг морь сонирхогч эрхэм уншигч та бүхэн андахгүй бизээ. Бүр тодруулбал Тод манлайн хурдан хулуудын эцэг тойруулга гаралтай Өвгөн хул азарганых нь төл юм. Харин эх шарга гүү нь мөн л Тод манлайн унаган адуу бөгөөд өдгөө 23 настай ижил сүрэгтээ тааваараа бэлчиж буй гэх юм билээ. Удам судар, үүр түүхийг нь хөөвөл юм дуулгаж мэдэх шарга үрээг дааганд нь Онон Тод манлай Хөвсгөл нутгийн нэгэн найздаа эхийнх нь хамт 1,5 сая төгрөгөөр арилжих болсон ч шинэ эзний санаанд хүрэлгүй оронд нь шинэ монгол адуу авахаар болсон гэдэг. Түүний дараа нэр гаргах адуутай болохоор Тод манлайг зорин ирсэн Мөнхбат мөн л чамлаж. Ийнхүү хоёр ч эзэнд гологдоод байсан шарга даагыг нэг уяаны Д.Хишигжаргал авахаар сэтгэл шулуудаж, Тод манлайд хэлбэл зөвшөөрч “тэг тэг миний дүү ав. Хүмүүс голоод л байх юм. Уг нь удам нь лут юм байгаа юм” гэсэн гэдэг.
Авсан морьд нь ёс юм шиг хурдалж, нэр гаргадаг Хишигжаргал уяачийн  урмыг шарга даага хугалсангүй. Ардын хувьсгалын 90 жилийн ой буюу дөрвөн түүхт ой давхцсан 2011 оны баяр наадамд аман хүзүүнд хурдлан давхар уяагаар Дундговь аймгийн 70 жилийн ойд түрүүлэн, голсны голыг, шилсний шилийг “маажих” нь тэр. Өнгөрсөн жил шүдлэндээ хөлний бэртлээс болоод уралдалгүй өнжсөн шарга үрээ энэ жил хязааландаа  төрийнхөө их баяр цэнгэлд түрүүлэн ирж, тод магнай торгон  жолоогоо өргүүлсэн билээ.
Хүлгийн шандсыг харан таних нь бэрх хэмээдгийн бас нэг жишээ энэ буюу .

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна