Аймгийн Алдарт уяач Б.Баяраа: Анх удаа улсад очоод даага түрүүлгэж байлаа

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 10 -нд

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Баянноролхоогийн Баяраатай ярилцсанаа хүргэж байна.
-Алдартын сэтгэлд хоногшсон наадмын дурсамжаар яриагаа эхэлмээр байна?
-“Тод магнай” сэтгүүлийн уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Мэдээж уясан морьдоо мордуулчихаад сэтгэл догдлон хүлээж суусан наадам бүхэн сайхан дурсамж үлдээдэг юм. Айраг түрүү авчихаад хөл газар хүрэхгүй хөөрч байхад хойхнуур оруулчихаад алдаа оноогоо тунгаан зогсох  үе ч гарна шүү дээ. Энэ дундаас 1995 оны улсын наадам сэтгэлд их тод үлдэж дээ. Манай Зүүнбүрэнгээс дөрвүүлээ хот руу замд гарч байлаа. Одоогийн хотын дарга  Бат-Үүл нэгдсэн зохион байгуулалтаар авч явсан юм. Ихэнх нь хот орж үзээгүй залуучууд олны яриад байдаг төв цэнгэлдэхэд анх удаа орж байгаа нь тэр. Тэгэхэд их хөгтэй. Яармагаас цэнгэлдэх рүү адуугаа туугаад орох боллоо. Тэгсэн стадионоо хаана байдагийг мэддэггүй ээ. Хүнээс асууж сурсаар нэг өвгөнтэй таарлаа. Түүний даага нь бас айрагдчихаж.  “Стадион нь хаана байдаг юм бэ, өвөө” гэж асуувал “Ах нь Хан-Уулын ард хорь, гучин жил уралдахдаа стадионоо үзээгүй” гэх нь тэр. Бид ч залуу байж, стадионоо мэдэхгүй хорь, гучин жил уралдаж байж айраг түрүү авч үзээгүй юм байхдаа гээд  шоолж билээ. Одоо бодохнээ төрийн наадмын босго тийм л өндөр байх нь байна шүү дээ. Ингэж л  асууж сурсаар эрсэн газраа олсон юм. Тэр үед би дөрөв, таван насны морьтой аавтайгаа хамт явж, хар даагаа түрүүлгээд  магнай хагартлаа баярласан даа.
-Хар даага хаанахын адуу вэ?
-Эцэг нь Зүүнбүрэнгийн Очиржав гэж хүний эрлийз хар азарга, харин эх нь Идэрхүү гэж хүний унага байхад нь надад бэлэглэсэн гүү байгаа юм. Эцэг нь Сэлэнгэ аймгийн 60 жилээр түрүүлж, нэг тавлаж байсан түүхтэй. Хар даага нь одоогийнхоор бол шинэ цагийн адуу л даа. Их том биетэй. Тухайн үед Зүүнбүрэнд зургаадугаар сарын 1-нд болсон уралдаанд түрүүлж, залгаад улсад түрүү магнай болж байлаа. Улсын наадам гэдэг бас л сүртэй шүү. Би нэлээн том болсон хойноо Сэлэнгийн 60 жилээр морь унаж уралдаж байсан юм. Тэгэхэд 108 их нас мордоход “ямар их морь вэ” хэмээн дотроо уулга алдаж байлаа. Тэгсэн 1995 онд улсад очиход их нас, азарга дээд тал нь 700 гаргаад уралдаж байгааг хараад үнэхээр сүрдсэн.
- Тэр жил дааганы уралдаан хэр өтгөн болсон бэ?
- 400 гаруй даага мордоход хар даага түрүүлээд ороод ирэхэд өөрийн эрхгүй цээж өөдөө нэг юм огшоод л ирсэн. Даагаа түрүүлчихнэ гэж ерөөсөө бодоогүй л дээ. Урьд нь хот хүрээ орж үзсэн биш. Бас нэг азаргатай очсон нь 41-р давхисан.
-Харин дараа жил нь улсад очив уу?
-Урамшсан хүн чинь очно шүү дээ. Хар даага шүдлэндээ аман хүзүүдсэн. Хол тасархай түрүүлж яваад шавар таарч дайруулаад, манай Түшиг сумын Түшигбаатарын хүрэн үрээ түрүүлж, манайх хоёрлосон. Тэгэхэд 300 гаруй  шүдлэн мордож байсан. Улсад орсон хар үрээ маань хавчиг болтлоо уралдаад, хязааландаа суманд нэг түрүүлж, соёолондоо аймагт аман хүзүүлчихээд хавчиг морь болоход нь хөөрхийг нядалсан даа. Яагаав нэг их айхтар цусны өвчин гараагүй юу. Тэрнээс болоод л байхгүй болгосон. Их л хэцүү санагдаж байлаа. Өөрөө байж зүрхлэхгүй болохоор хүнд даатгачихаад гараад явчихсан. Хөөрхий төрийн наадмын данстай хурдан буян болохоор дурсгал болгож авч үлдсэн юм бий. Манай энд ялаа шумуул ихтэй болохоор байнга л шинжилгээ авдаг юм. Муу гарвал шууд нядалдаг.
- Танай сумаас өөр морь айрагдуулсан хүн бий юу?
- Тэр жил манайхан үнэхээр одтой наадсан. Лхамсүрэн гэж хүний цавьдар морь их насанд тавлаж, шүдлэн нь түрүүлж, хязаалан будилаад дөрөвлөсөн. Бас Бат-Очирын хязаалан, даага тус тус тавласан. Харин Хоролсүрэнгийн жороо хээр морь нь түрүүлсэн гээд нийт хоёр түрүү, дөрвөн айраг авч байлаа. Манайхан чинь  40,50-иад адуугаа вагонд ачаад гарч байлаа шүү дээ. Энэ нь цаагуураа Зүүнбүрэнгийн адуу хурдтай л гэсэн үг мөн биз дээ. Манай сум чинь эртнээс адуундаа цус сэлбэсэн. Дээхэн үед бол хилийн сум болохоор буриадын мал зундаа энд ирж нутаглана. Тэгэхээр хольж сольдог байсан шиг байгаа юм. Тиймдээ Сэлэнгийн хойд сумд тэр дундаа манай сум хурдтай.  Аймгийн наадмын 30 айраг түрүүний 20 гаруйг нь манайхан л авдаг үе байлаа. Одоо 15-аас дээш л аваад байна. Эндээс азарганы айраг түрүүг барагтай бол алдахгүй шүү.
-Түүнээс хойш улсад олон удаа очсон уу?
-Би 2001,2002 онуудад очсон. Тэгээд 2001 онд хар даага  46-аар давхиулсан. Дараа жил нь хээр шүдлэнтэй очоод 21-ээр ирчихээд Зүүнхараагийн Мандалын 40 жилд түрүүлгэж байлаа. Харин энэ хар даагаа найз Лхагвасүрэндээ өгсөн нь 17,18 айраг түрүү авчирсан байна лээ. Одоо ч уралдаж байгаа.
-Улсад түрүүлдэг хар даагатай цус нэг өөр хурдан адуу байв уу?
- Хөөрхий эцэг нь хөгшрөөд янзалсан. Тэгсэн сүвээний хоёр хавирга, нуруу нь уулзах үегүй, долоон хүзүүтэй сонин азарга байсан. Би одоо ч ясыг нь хадгалдаг юм. Олон үр төл гаргаж өгсөн дөө. Надад үлдсэн ганц нэг үрээ даага байгаа ч нэг хэсэг цаг тарчиг байсан болохоор уяж байсангүй.
-Одоо хичнээн айраг түрүүтэй болсон байна вэ?
-Улсын наадмын хоёр, аймгаас хэд хэдэн айраг түрүүтэй. Сумынх бол олон доо. Энэ амжилтаараа 2004 онд аймгийн Алдарт уяач болсон.
- Сэлэнгэ бол газар тариалангийн нутаг. Юу таныг моринд ороход хөтөлсөн хэрэг вэ?
-Манай аймаг бол хөдөө аж ахуй газар тариалан хосолсон нутаг. Би чинь уг нь Говь-Алтай хүн шүү дээ.  Гэхдээ багадаа нутгаасаа гарч энд ирсэн юм билээ. Мал малладаг аавынхаа урд хойно гүйсээр уяач болчихсон гэх үү дээ. Хөдөөний хүүхдүүд чинь багаасаа л морь мал унаж, наадам хэснэ. Тэгээд 17,18 хүрэхэд бараг л уяач болчихсон байдаг юм. 
-Улсын наадмаас ирэхэд наймаа хийх гэсэн хүмүүс олон байв уу?
-Тийм ээ, МУ-ын Манлай уяач Содномцог гэж хүн авъя гэж санал тавьж байлаа. Тэгэхэд нь би зарахгүй гээд “дөрвөн сая төгрөг өгөхөд нь өгсөнгүй” гээд сонин дээр хүртэл гарч явлаа шүү дээ. /инээв/ Үнэндээ яг ч 4 сая гээгүй юмаа. 2 сая 500-г өгье гэхээр нь би өгөөгүй юм. Тэр үеийн 2 сая 500 гэдэг чинь их мөнгө ш дээ. Бараг бид нарын зүүдлээч үгүй байсан мөнгө. Намайг зарахгүй гээд байхад шалаад байхаар нь манай нэг найз хажуунаас 4 сая төгрөг өгье гээд хэлчихгүй юу. Тэрийг л сонссон юм уу сонин дээр 4 сая төгрөг өгье гэж байхад зараагүй гээд биччихсэн байсан. Тэр чинь яг наадмаар болсон яриа болохоор намар ирээрэй л гэж хэлсэн. Намар нь ирэхээр нь Зүүнбүрэнгээс түрүүлсэн анхны хурдан буянгаа зармааргүй санагдаад больсон. Тэгсэн Лхагвасүрэнгийн 1995 онд түрүүлсэн хээр шүдлэнг Содномцог гуай аваад явж байлаа.
- Танай нутаг жороотой юу?
- Жороотой, жороотой. Аймгийн 90 жилээр нь түрүүлгэж байлаа. Гэхдээ одоо ч морь унадаг хүн ховор болж дээ.
-Ярилцсанд баярлалаа. Уясан болгон тань түрүү магнай болж байхын ерөөлийг өргөе.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна