Дорнын домогт ухаагийн үр

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 08 -нд

АХ-ын 92 жилийн ойн баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд Ховд нутгаар овоглосон хоёр ч хүүгийн морь айрагдаж, мөнх цаст ноён сарьдагуудаа баярлуулсан билээ. Тэдний нэг бол Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Н.Баасанжав юм. Түүний нэртэй бор үрээ төрийнхөө их баяр цэнгэлд айргийн гуравт хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд түмэн олныхоо магнайг тэнийлгэсэн юм. Эрийн хийморь сэргэж, эзний сэтгэлийг баясгасан бор үрээ Дорнод аймгийн харьяат Ганбатын унаган адуу. Эцэг бор азарга нь Цагаан-Овоо сумын сумын уугуул Энхболдын унаган адуу бол эх нь Хэрлэн сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Доржгочоогийн Сэдэд агсны аймгийнхаа наадамд дөрөв түрүүлсэн ухаа азарганы төл саарал гүү юм. Бор үрээ даагандаа Баянтүмэн сумын наадамд түрүүлж, аймгийнхаа наадамд түүнээ батлан мөн түмэн эхээр цоллуулж байсан хурдан ажнай бөгөөд өнөө жил Ганбат эмч өөрийн багш мэргэжил нэгт Баасанжавт бэлэг болгон өгсөн хэмээдэг. Б.Цэндбаатар уяачийн уяа юуг нь тааруулсан бор үрээ шинэ эзэндээ төрийн наадмын анхны айргийг амсуулсан бөгөөд бүсийн наадмуудад уралдалгүй амарсан аж.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна