Унаач Б.Билгүүнтулга: Том болоод уяач болно

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 01 -нд

10 настай Б.Билгүүнтулга хүүгийн унасан сартай зээрд даага Их Монгол улс байгуулагдсаны 807, АХ-ын 92 жилийн ой Үндэсний их баяр наадамд аман хүзүүнд хурдалсан билээ. Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Ж.Энхболдын 17, 07, 39 долл хурдалсан зээрд дааганы уяа сойлгыг “Шонхор зээрд” галын уяач Ж.Батсайхан тааруулдаг юм. Ингээд Б.Билгүүнтулгатай ярилцсанаа хүргэж байна.
-Энэ жилийн наадмаар хэдэн насны морь унасан бэ?
-Энэ жилийн баяр наадмаар Энхболд ахынхаа зургаан насны морийг унаж даагаа аман хүзүүдүүлсэн. Бусад нь 10-20-ийн дотор давхисан байгаа.
-Наадмын дараа залгаад бүсийн наадмууд үргэлжилсэн. Хаагуур наадсан бэ?
-Наадмын дараа Өмнөговь аймгийн наадамд хоёр насанд морь айрагдуулсан. Өнгөрсөн сарын 23-нд  сартай хүрэн даага Улсын наадамд аман хүзүүдсэний мялаалга наадам болсон юм. Энд Энхболд ахынхаа охин даагыг унаж гуравлуулсан.
-Хурдан морь унаад удаж байна уу?
-Хоёр  жил л болж байна даа. Ахаараа анх морь унахыг заалгаж байлаа. Түүнээс нэг их удалгүй Налайхдаа болж байгаа сунгаануудад оролцож эхэлсэн. Харин анх Налайхын Хайрхан уулын наадамд Энхболд ахын хул саарал даагыг унаж уралдсан  юм. Энэ бол унаачийн хувьд анхны томоохон наадам байгаа юм. Энд хул саарал даагаа арван хэдээр давхиулсан. Түүнээс хойш хурдан морь унаж байгаа. Гэхдээ ихэвчлэн Налайхдаа болж байгаа уралдаануудад оролцдог. Энхболд ахын морийг Батболд, Төгөлдөр хоёр бас унадаг юм.
-Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг билээ?
-Налайхын 119-р сургуулийн тавдугаар ангид сурдаг.
-Улсын наадмын өмнө орой юу бодогддог вэ?
-Үнэнийг хэлэхэд битүүхэн сандарч байсан шүү. Гэхдээ уралдааны замд түрүүлэх нь тодорхой болоход үнэхээр их догдолсон. Тэр өдөр гоё байсан шүү.
-Ямар насны морь унах дуртай вэ?
-Шүдлэн их гоё санагддаг. Мэдээж даага ч хөөрхөн л дөө. Улсын наадмаас анхны айргаа даагаар авсан болохоор цаанаа л гоё байгаа юм. Болоогүй анх удаагаа төв цэнгэлдэхэд орсон. Энэ мэт үнэхээр сайхан наадлаа.
-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Уяач болно гэж бодож байгаа шүү. Үндэснийхээ дээл хувцсыг иж бүрнээр нь өмсчихөөд уясан морьдоо айраг түрүүнд хурдлуулаад цоллуулж байгаа ах нарыг харахаар эдэн шиг уяач болно доо гэж боддог юм.
-Ярилцсанд баярлалаа. Хүсэл мөрөөдлөө биелүүлж сайн уяач болоорой.

А.Дөл

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна