Аймгийн Алдарт уяач Г.Сүхбаатар: Хонгор морио түрүүлгэж, нутгийнхаа нүүрийг тахалж явлаа

А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 06 -нд

Энэ удаагийн “Тод магнай”-н дугараа Сэлэнгэ аймгийн хийморилог уяачдад таарч байна. Газар тариалангаараа улсдаа толгой цохьдог тус нутгийн эрдэмт уяачдын хурдан хурц хүлгэдийн амжилтыг энэхүү цувралаас төвөггүй харж болох бизээ. Ийнхүү Сэлэнгийнхний салхийг хагалж тус аймгийн Ерөө сумын харьяат, аймгийн Алдарт уяач Г.Сүхбаатартай ярилцсанаа хүргэж байна.

-Сүхбаатар Алдартын нэрийг гаргасан ямар ямар хурдан хурц хүлгүүд байна вэ?
-Төв аймгийн Баянцогтын гаралтай унагалдаггүй хонгор гүүг  Бор гэж хүнээс авсан юм. Надад ирээд шарга охин унага төрүүлж түүнээс гарсан төл нь миний хурдан хул морь байгаа юм. 1995 онд авсан санагдаж байна. Бас нэг халтар унага гарсныг нь азарга тавьсан байгаа. Хонгор морины эцэг нь манай Ерөөгийн Баттулгын адуу байгаа юм. Өдгөө 15 настай хонгор морь даагандаа Ерөөд арваар давхиж, шүдлэндээ Хүдэрийн 30 жилээр түрүүлээд, давхар уяагаар Ерөөгийнхөө наадамд ирж түрүүлж байлаа. Харин хязааландаа Бугантад түрүүлж, Ерөөд дөрөвлөсөн. Түүний дараа жил Ерөөгийн 80 жил, Зүүнхараагийн 80 жил, хавчигтаа их  настай уралдаж Ерөөд тус тус түрүүлсэн. Долоотойдоо Ерөөд аман хүзүүнд давхиж, аймагт айргийн гурваар хурдалж байсан гээд олон  удаа айраг түрүүнд хурдлан баярлуулж байсан буянтай амьтан даа.  Миний хонгор морь их насанд түрүүлж, дүү халтар азарга нь болон түүний төлүүд сумын наадамд түрүүлж ирж байсан сайхан түүх бий. Энэ жил халтар азаргаа Ерөөгийнхөө 90 жилд уралдуулах гээд өнжөөчихсөн. Тэгэхэд Зүүнбүрэнгээс авсан нэг соёолон түрүүлсэн. Гэхдээ оныг нь сайн санахгүй байх чинь. Ямар ч байсан  таван нас мордуулаад тавуулаа түрүүлсэн нь тэр.

-Хонгор морины эцэг нь сум орондоо хурдан адуу байсан бололтой?
-Тийм ээ хурдан адуу байсан. Энэ сумандаа нэлээн хэд түрүүлсэн Баттулгын бор азарга гэж Ерөө сумандаа цуутай азарга байлаа. Гэхдээ гадагшаа гарч үзээгүй азарга л даа.
-Төв аймгаас авчирсан хонгор гүү хаанахын угшил гарвалтай юм бол ?
- Бор гуай удамтай гүү л гэж ярьж байсан. Гэхдээ унагалж өгөхгүй юм гэж жоохон голонгуй байсан юм. Би чинь соёолон нийлсэн жил нь "Иж 5" мотоциклио зараад авч байлаа. Хөөрхий минь надад ирээд гарсан төл болгон нь хурдалсан.
- Хамгийн холдоо хаашаа явж наадаж байв?
- Зүүнхараа, Эрдэнэтээр наадаж байлаа. Өөрөөр хол явж байгаагүй ээ. Саяхан болсон Сэлэнгийн бүсийн наадамд хул морио наймаар давхиулсан. Одоо халтар азарганы төлүүдээс Ерөөд зарагдсан нь айраг түрүүнд хурдалж байгаад баярладаг юм. Төлүүдээс нь нэг хавчиг морь ноднин Хүдэрийн 90 жилд аман хүзүүдээд байгаа.
-Энд хамгийн сайхан наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Зүүнхараагийн 80 жилд хонгор морио түрүүлгэж байсан үе одоо ч сайхан санагддаг. 200 гаруй олон хурдан тууртаас ганцхан миний морь түрүүлж, нутгийнхаа нүүрийг тахалж байлаа шүү дээ. Ерөөд түрүүлчихээд гурав хоногийн дараа Зүүнхараагийн 80 жилд түрүүлсэн нь тэр. Тэгэхэд манай Ерөөгийн Хөдөлмөрийн баатар С.Ганболд надад 30 машин гаргаж өгөөд явуулж байлаа. Миний хонгор морь зөөлөн уяатай, бэлэн давхилтай, хөнгөн ажил хийдэг. Ир нь ороод ирвэл ямар ч адуунаас тасраад л гараад ирнэ шүү дээ.

-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.

-Та бүхэнд ч баярлалаа. Сэлэнгийнхээ нийт уяачдад энэ хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна