Унаач Б.Буяндэлгэр: Одоогоор хоёр айрагтай болоод байгаа

А.Тэлмэн
2013 оны 8-р сарын 17 -нд

Их Монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд 187 азарга мордсоноос Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дуламын Сугарын цагаан хул азарга айргийн дөрвөөр хурдалсан юм. Уг азаргыг найман настай бяцхан унаач Батбилэгийн Буяндэлгэр унаж хурдлуулсан билээ. Энд сонирхуулахад Буяндэлгэр хүү нь Монгол улсын Тод манлай уяач Д.Ононгийн ач хүү юм. Батбилэг уяач ч энэ наадмаар одтой наадаж, шаггүй уяач болохоо харуулаад авсан билээ.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаарай.
-Намайг Батбилэгийн Буяндэлгэр гэдэг. Сант сургуулийн хоёрдугаар ангид орно. Одоо найман настай.
-Хэзээнээс хурдан морь унаж байгаa билээ?
-Хоёр жил болж байна. Анх морь унахыг аав болон унаач ах нараараа заалгаж байлаа.
-Мундаг юмаа. Хоёрхон жил морь унаж байгаа  хэрнээ  азаргаа айрагдууллаа шүү дээ?
-Баярлалаа. Манай уяан дээр мундаг мундаг унаач ах нар байдаг юмаа. Би тэд нар шигээ л сайн уралдаж, олон айраг түрүү авна гэж боддог. Энэ он гараад “Дүнжингаравын хурд 2013” уралдаанаас нэг айраг авсан юм. Одоо ингээд хоёр айрагтай боллоо.
-Морь унах гоё байна уу?
-Тэгэлгүй яахав. Би чинь  адууны дэргэд өсөж байгаа монгол хүн. Тэр утгаараа морь унах их дуртай. Тэгсэн айраг түрүүнд хурдлуулах бүр ч гоё юм байна.
-Ярилцсанд баярлалаа. Унасан болгон нь айраг түрүүнд хурдалж байг.
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлийн хуудсаар дамжуулан үе тэнгийн унаач найз нартаа амжилт хүсье. Энэ зун олон айраг түрүү аваарай гэж  хэлье.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна